Нэг долоо хоногийн хүнс...
Дэлхийн улс үндэстэн бүр өөр өөрийн соёл уламжлал, хөгжил дэвшил, эдийн засгийн нөхцөл нөөцөөсөө хамаараад өөр өөр орц бүрдэл бүхий хоол хүнсийг хэрэглэж байна. Нэг долоо хоногийн хугацаанд манай гаригийн улс үндэстнүүд ямар үнийн дүн бүхий хүнс хэрэглэдгийг энэ удаагийн дугаараараа танилцуулъя.
Манай урд хөршийн хүн ам хэдийнэ нэг тэрбумыг давсан билээ. Дэлхийд хүн амын тоогоороо нэгдүгээрт бичигддэг Хятадын дундаж орлоготой гэр бүл нэг долоо хоногт 155 америк долларын өртөг бүхий хоол хүнс хэрэглэдэг байна. Хятадын дундаж давхаргынхны төлөөлөл болсон Донг Хуагийн гэр бүл гахайн махыг түлхүү хэрэглэдэг байна.
Олон жил баримталсан “Нэг хүүхэд” бодлогоо халсан Хятад улсын айл өрх бүр 2 хүүхэдтэй болох боломжтой болсон. Үүнтэй холбоотойгоор хэтдээ хүнсний хэрэглээ өсөн нэмэгдэж магадгүй байна.
Харьцангуй буурай хөгжилтэй Мали улсын айл өрхүүд нэг долоо хоногт дунджаар 26 америк долларыг хүнсэндээ зарцуулдаг байна. Төрөлт өндөртэй Мали улсад ихэнх айл өрх олон хүүхэдтэй байдаг юм. Гэхдээ хоол хүнсэндээ харьцангуй бага мөнгө зарцуулдаг байна.
Хүнсэндээ үр тариаг түлхүү хэрэглэдэг тус улсын ард иргэд харьцангуй эрүүл, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж чаддаг байна.
Герман улсын айл өрхүүд долоо хоногт дунджаар 325 америк долларыг хүнсэндээ зарцуулдаг байна. Мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ гээд бүхий л төрлийн хүнсийг Германчууд хэрэглэж чаддаг болохыг Стармын гэр бүлийн жишээнээс харж болохоор байна. 3 хүүхэдтэй Стармын гэр бүл далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд тун дуртай ажээ.
