Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Загвараа өөрчлөхөд бэлэн үү?

Загвараа өөрчлөхөд бэлэн үү?

Хуучин хувцаснаасаа уйдаж, шинийг авмаар санагдаад л явна уу? Эдийн засгийн хямралтай энэ үед шинэ хувцас худалдан авахгүй байх нь том хэмнэлт болно шүү. Гэхдээ хэмнэж байна гээд хуучин хувцсандаа сэтгэл дундуур явалгүй уйдсан, эсвэл загвар нь хуучирсан хувцаснууддаа багахан шинэчлэлт хийгээд өөрчилчихөд л шинийг авсан юм шиг сэтгэл сэргээд ирэх болно. Энэ удаа том, нэвсгэр цамцаа хэрхэн загварлаг болгох аргыг зааврын дагуу хүргэж байна. Нэг бүрчлэн зааврыг оруулсан учраас хайчаа бариад урагшаа !

Том, нэвсгэр цамц

Далд, жижиг цахилгаан

Том цамцныхаа хоёр ханцуйг их биенээс оёосоор нь ханзлаж салгана.

Дэрвэгэр хормойтой цамц хийх гэж байгаа учраас цээжнээс бүсэлхий хүртэлх өөрийн хэмжээг метрийн тусламжтай гарга. Яг тэр хэмжээгээр цамцныхаа чээж хэсгийг метрлэж, хэмжээний дагуу бүсэлхий хэсгээ тайрч хайчилна. Ингээд урт том цамц богино болох ёстой бөгөөд одоо цамцны хойд талыг уртааш нь яг гол хэсгээр хайчилж хуваана.

Хойд талаа голоор нь хуваасан хэсэгтээ цахилгаанаа бэхэлж оёно.

Ханцуйгаа бэлтгэхийн өмнө гарынхаа шуу хэсгийн хэмжээг авна. Уг шууны хэмжээний дагуу ханзалж авсан хоёр ханцуйныхаа өргөнийг хэмжиж, үүний дагуу тайрч хасна. Ингээд хассан ханцуйгаа уртааш нь хоёр амыг нийлүүлэн оёж, хэрнэ.

Их биеийн чээж хэсгийн өргөнийг тайрч бэлтгэнэ. Ингэхдээ эхлээд өөрийн биений чээж болон бүсэлхийн хэмжээгээ гарга. Уг хэмжээгээ цамц дээрээ тэмдэглэн, тэмдэглэгээний дагуу хоёр талаас нь тайрч, хасна. Одоо том, нэвсгэр цамц таны биеийг барих хэмжээтэй болсон байна. Тайрч хассаны дараа хоёр талыг нь битүүлэн оёж, хэрнэ.

Их биеийн ханцуй хэсгийн хэмжээ том хэвээр байгаа бөгөөд үүнийг хасахын тулд мөрнөөс суга хүртэлх хэмжээгээ тодорхойлно. Уг хэмжээгээ цамц дээрээ тэмдэглэж, үүний дагуу хайчилж хасна. Ингээд өмнө нь бэлтгэсэн хассан ханцуйгаа их биетэйгээ холбон оёж, хэрнэ.

Анх том цамцныхаа уртаас нь хасахад хормой хэсгийн материал үлдсэн байх ёстой. Уг материалын хайчилсан хэсэг муруй байвал үүнийг нь цэвэрхэн тэгшлэн хайчилна.

Бүсэлхийн хэмжээ бүхий резинээ хайчилж бэлтгэсэн хормойтойгоо нийлүүлэн оёно. Ингээд дэрвэгэр хормой бэлэн болох бөгөөд үүнийгээ цээж хэсэгтэйгээ нийлүүлэн оёж, хэрнэ.

Ингээд л моодноос гарсан том нэвсгэр цамц ид моодонд орж буй загварлаг дэрвэгэр хормойтой цамц болж, шүүгээнд тань ирлээ. Өөрийн гараар урласан болохоор өмсөхөд ч сэтгэл өег сайхан байна биз ээ.