ГОО ТАНИЛ: Хөтлөгч Ч.Энхжаргал
Хивэг, овъёосоор өглөөг эхлүүлдэг
Эмэгтэй хүн байгалаасаа гоо үзэсгэлэнтэй, энхрий ялдам, эрх танхи төрдөг. Гоо үзэсгэлэнгийн өмнө дэлхий хүртэл сөхөрдөг гэсэн үг зүгээр ч нэг төрөөгүй байх. Тэгвэл байгалаас заяасан гоо үзэсгэлэнгээ улам илүү арчилж тордон, улам илүү гялалзуулах нь харин эмэгтэй хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тэгвэл олонд үлгэр дууриал болсон олны танил эмэгтэйчүүд гоо сайхнаа хэрхэн арчилж услан торддог тухай хуваалцдаг “Гоо танил” булан энэ удаа цэнхэр дэлгэцээр олон мянган үзэгчидтэй учран золгодог UBS телевизийн нүүр царай болсон хөтлөгч төдийгүй охидын хүсэл мөрөөдлөө бичдэг “Гүнжийн дэвтэр”-ийг санаачлагч, мөн “ Little Miss World ” тэмцээний Монгол дахь зохион байгуулагч Ч.Энхжаргалыг зочноор урилаа. Гоо сайхандаа мөрдлөг болгодог олон нууц жороосоо хуваалцсан нь уншигч охид, бүсгүйчүүдэд шинэ санаа болох биз ээ.
НОГООН ЦАЙ БИЕ ЦЭВЭРЛЭДЭГ
Энжигийн жингээ барьдаг, мөн эрүүл арьсны нэгэн нууц нь ногоон цай гэнэ. Ус сайн уухынхаа хажуугаар ногоон цайг өглөөнөөс орой хүртэл бага багаар ууж, өдөрт дор хаяж 4-5 аягыг уучихдаг. Ногоон цайг өдөрт багадаа л дөрвөн аягыг уух нь гэдэс доторыг цэвэрлээд зогсохгүй жин хаяхад хамгийн тустай гэдэг нь шинжлэх ухаанаар хэдийнэ батлагдсан. Тэгэхээр хоолоо тэр бүр сойгоод байдаггүй Энжигийн хувьд ногоон цайг тогтмол ууснаар таргалалтаас өөрийгөө хамгаалж чаддаг байна.
МӨНГӨН АЯГАНД ХОНУУЛСАН УС
Өглөө бүр босонгуутаа өлөн дээрээ аяга ус уух нь эрүүл байх нэгэн үндэс гэдэг. Тэгвэл үүнийг амьдралынхаа нэгэн мөрдлөг болгосон Энжи өглөө уух усаа өмнөх орой нь мөнгөн аяганд хонуулдаг гэнэ. Эрт дээр үеэс мөнгөн болон зэс аяганд ус хонуулан уух нь бие махбодод маш сайн гэж үзсээр ирсэн бөгөөд ингэж хонуулсан ус нь илүү зөөлөн, сайхан амттай байдаг гэдгийг Энжи онцолж байна. Өглөө бүр ус уун эхлүүлдэг болохоор түүний бие эрүүл саруул байж, энэ нь царай төрхийг нь гэрэлтүүлдэг биз ээ. Охид, бүсгүйчүүдийг ч гэсэн ингэж хонуулсан усаар өглөөг угтаж байгаарай хэмээн уриаллаа.
Хоолны салшгүй хэсэг: ЦАГААН ГАА, САРИМС
Эмэгтэйчүүд бид ихэнхдээ хоолоо сойсноос болоод хэрэгцээтэй амин дэмээ хоол хүнснээсээ авч чаддаггүй. Үүнээсээ болж амархан ядарч сульдан, хоол сойсноосоо эсэн юм болдог шүү дээ. Тэгвэл Энжигийн хувьд хоолоо сойдоггүй хэрнээ таргалдаггүй, жингээ бариад байдгийн бас нэгэн нууц нь өөх тостой хоолноос татгалзаж, өдөр тутмынхаа хоол хүнсэнд цагаан гаа, саримс байнга хэрэглэдгийнх гэнэ. Цагаан гаа, саримс хоёрын хамгийн том ач тус бол өөртөө олон төрлийн амин дэмийг агуулахаас гадна дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Тиймээс Энжи цагаан гаа, саримс хоёроор өөрийн дархлаагаа сайжруулж, улмаар эрүүл мэнд болоод гоо сайхнаа хамгаалж чаддаг байна.
Цагаан гааг нимбэг болон өргөст хэмхтэй миксердэж, долоо хоногтоо нэг удаа уудаг төдийгүй энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулдаг. Уг нь үүнийг байнга уу гэж зөвлөдөг ч Энжигийн хувьд долоо хоногт нэг удаа уучихад л болдог гэнэ.
ӨГЛӨӨНИЙ ЭРЧ ХҮЧ ӨДРИЙГ БҮТЭЭНЭ
Өглөөний хоолыг өөртөө гэдэг үгний гол санаа нь өглөө идсэн хоол хүнснээсээ өдрийн эрч хүчийг олж авдаг гэсэн үг. Тиймээс ч Энжи өглөө хэчнээн яарч байсан ч өглөөний цайгаа заавал уучихаад ажилдаа гардаг заншилтай. Түүний өглөөний цай голдуу хивэг, овъёос бүхий үр тариаг зөгийн балтай сүүнд хийж идсэнээр эхэлдэг. Заримдаа чанасан өндөг, жимсний чанамалтай хар талх зэргийг иддэг гэнэ.
Өглөө махан хүнд хоол идвэл тэр өдөржин бие хүнд оргиж, тэр хэрээр ажлын бүтээмж багасдаг шүү дээ. Тэгвэл Энжигийн өглөөний цайны сонголт болох овьёос, хивэг зэрэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулж, улмаар биеийг хөнгөрүүлж, эрч хүчийг бэлэглэдэг. Өглөөг ийн эхлүүлдэг болохоор Энжи хөнгөн шингэн ажлаа эхлүүлж, магадгүй өглөөний цай хэмээх амьдралын энэ жижигхэн хэсэг түүний амжилтын салшгүй нэг хэсэг байх. Мөн тэрээр долоо хоногтоо нэг өдрийг цагаан хоолонд зориулж, ходоодоо амраадаг.
Санал болгож буй хоолны жор: ДАЛАЙН ЗАМАГТАЙ ШӨЛ
(Далайн замаг нь иод, омега хүчил, витамин В1, B3, кальциар баялаг бөгөөд холестеринийг бууруулахад нөлөөтэй.)
30 орчим гр хатаасан далайн замаг /30 орчим минут усанд дэвтээж, угаана/
200 гр үхрийн жигнэсэн дөрвөлжин мах /ихэвчлэн урт далгабар хэрчиж хийдэг/
1 орчим цайны халбага давс
1 халбага цуу /саримс дарсан цуу ашигладаг/
1 цайны халбага татсан саримс
2 цайны халбага Гүнжидийн тос /оливийн тос байсан ч болно/
Цагаан будаагаа гурвалжин будаатай холиод тусад нь агшааж шөлтэй хамт идвэл амттай. Хийх арга: Махаа бага зэрэг шарж байгаад далайн замгаа шүүж аваад хамт шарна. Саримсаа хийж хуураад цэвэршүүлсэн усаа хийж болтол нь буцалгаж болгоно. Шөл болсны дараа амсаж байгаад давсаа тааруулна.
АРЬСНЫ ГАДНАХ АРЧИЛГААГ БҮҮ ОРХИГДУУЛ
Дотроосоо эрүүл байхад гаднаа арьс гэрэлтэж, сайхан харагддаг ч гаднаасаа арчилгаа муу байвал арьс бохирдохоос эхлээд асуудлууд үүсч эхэлдэг. Ийн үздэг Энжи гоо сайханд орохоос илүүтэй өдөр тутмынхаа арьс арчилгаа, цэвэрлэгээндээ маш их анхаардаг. Үйлчилгээ ихтэй бүтээгдэхүүнээс илүүтэй зөөлөн, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг Энжи Ив Роше брэндийн балжингаравтайг нь сонгон хэрэглэдэг. Мөн дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалаас арьсаа нарны тос түрхсэнээр хамгаалж чаддаг гэнэ. Эмзэг, тослог арьстай учир гелин савангаар арьсныхаа тослогийг тэнцвэржүүлж, сайн чийг өгөхийн тулд чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэдэг ажээ.
“ОРОЙ УНТАХДАА НИМБЭГТЭЙ УС УУХААР ӨГЛӨӨ ГЭДЭС АГШЧИХДАГ” Ч.Энхжаргал
ЗӨӨЛӨН ҮНЭРТЭНД ДУРТАЙ ЭНЖИГИЙН СҮРЧИГНИЙ СОНГОЛТ MISS DIOR, COCO CHANEL.
ХАЛУУН, ХҮЙТЭН ШҮРШҮҮР АРЬС ЧАНГАЛАГЧ
Энжигийн чанга арьсны нууц нь халуун, хүйтэн шүршүүрт орох гэнэ. Мөн сайн унтаж амарч, сэтгэл санааны хувьд тайван байх нь эрүүл мэндэд хамгийн чухал гэдгийг онцолж байна.
Биеэ чийрэгжүүлэхийн тулд Энжи иогоор хичээллээд хоёр жил гаруй болжээ. Төрснийхөө дараа ямар ч эмэгтэй хүний биед өөрчлөлт гардаг бөгөөд Энжигийн хувьд иогоор хичээллэснээр богино хугацаанд хэвийн байдалдаа орсон гэдэг. Одоо ч гэсэн иогоор хичээллэж, сунгалтаа сайжруулж, эрч хүчээ сэлбэдэг байна. Мөн хааяа бассейнд сэлж, машинаас илүүтэй алхаж явахыг эрхэмлэдэг аж.
Эмэгтэй хүн бүр гоо сайхны ширээгээ гоё сайхан байлгахыг эрхэмлэдэг шүү дээ. Энэ бол Энжигийн гоо сайхны ширээ.
