Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › НӨАТ-ын сугалааны азтан болвол...

НӨАТ-ын сугалааны азтан болвол...

Хуулийн хэрэгжилт яг өнөөдөр ямар байна вэ?

Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Гэвч хуулийн хэрэгжилттэй холбоотой багагүй асуудлууд урган гараад байгаа билээ. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл үе шат өнгөрсөн оны 7-р сараас эхэлсэн ч ААН, иргэд энэхүү хуульд тэр бүр ач холбогдол өгөөгүйгээс өнөөдрийн асуудлууд урган гарчээ.

Шинэчлэн найруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ -ын тухай хууль энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Гэвч хуулийн хэрэгжилттэй холбоотой багагүй асуудлууд урган гараад байгаа билээ. Хуулийн хэрэгжилтийн бэлтгэл үе шат өнгөрсөн оны 7-р сараас эхэлсэн ч ААН, иргэд энэхүү хуульд тэр бүр ач холбогдол өгөөгүйгээс өнөөдрийн асуудлууд урган гарчээ.

Монгол улсын хэмжээнд НӨАТ-ын суутгал төлөгч 30 мянган ААН, иргэн байдаг. Оны эхэнд 3500 гаруй байсан бол өнөөдрийн байдлаар 7000 цэгт төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программ, төхөөрөмжийг суурилуулаад байгаа аж. Энэ ажил хөдөө орон нутагт ч мөн эрчимтэй хэрэгжиж эхлээд байна. Харин он гарсаар 250 мянган худалдан авалтын баримт ebarimt.mn сайтад бүртгэгджээ.

Иргэдийн зүгээс үйлчлүүлсэн байгууллагаасаа худалдан авалтынхаа баримтаа ТЕГ-аас батлагдсан маягтын дагуу биш, өөрсдийн баримтыг өгсөн хэмээн гомдол тасралтгүй ирж байна. Зах, худалдааны төвд лангуугаар бизнес хийдэг иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг энэ сарын 15- ныг хүртэл хийх юм байна.

Гурван сая татварын байцаагч

Энэхүү хуулиар иргэн төлсөн НӨАТ-ынхаа 20 буюу нийт зарлагын хоёр хувийг тухайн жилдээ буцаан авах, сар бүр сугалаанд оролцох боломж бүрдсэн. Энэ нь манай улсын татварын системийн томоохон өөрчлөлтүүдийн нэг болоод байна. Өөрөөр хэлбэл, иргэд үйлчлүүлж буй худалдааны төв, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавьснаар баримт авч, түүнийгээ нэгдсэн цахим систем буюу www.ebarimt.mn сайтад бүртгүүлнэ. Ингэснээр мөн аж ахуйн нэгжийн орлого ил болж байгаа юм. Энэ ажлын хүрээнд бизсен худалдааны томоохон төв хэдий ч НӨАТ огтхон ч төлдөггүй байсан нь илрэх зэргээр татварын зөрчил, дутагдлууд эхнээсээ илэрч байгаа юм. Мөн нөгөө талаар энэ үйлдлээ зөвтгөх цөөнх ч байгаа юм. Ард иргэдийн зүгээс шаардлагаа тавьж, холбогдох байгууллагууд дүрмийнхээ дагуу арга хэмжээ аваад ирэхээр хэдэн сарын дараа биш юм гэхэд жилийн дараа Монгол улсын эдийн засагт асар их мөнгөний урсгал гадны зах зээл дээрээс бус дотооддоо босно.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “НӨАТ-ын урамшууллыг хэрэгжүүлснээр бүх гүйлгээ төрөөс хяналттай болж байна. Татвар дээр 1800 байцаагч ажиллаж байгаа бол өнөөдрөөс гурван сая байцаагч ажиллана гэсэн үг. Учир нь иргэд аж ахуйн нэгжүүдээс цахим бүртгэлд ор гэдэг шаардлагыг тавьж эхэлнэ. Цаашдаа бүх мөнгөний гүйлгээ ил тод болно. Бусад улс оронд энэ үйл ажиллагааг нэвтрүүлээд татварын орлого хэд дахин нэмэгддэг. Эдийн засгийг ил тод болгох, мөнгөний гүйлгээг ил болгоход ач холбогдолтой учраас иргэн бүр энэ ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн онцолжээ.

Баримт хэвлэх төхөөрөмж 1.2-1.5 сая төгрөгийн үнэтэй байгаа нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд амаргүй тусч байгааг хэлж байгаа. Гэвч өнөөдөр НӨАТ-ын суутгал төлөгч 30 мянган ААН, иргэн маргааш гэхэд хэдэн зуун мянга болохыг үгүйсгэхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу худалдаа эрхлэгч хуулийн этгээд нь татварын нэгдсэн системд холбогдсон байх, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэв лэлийн хор, тасалбарын цаас, терминал машин хэрэглэхийг үүрэг болгожээ. Тухайн ААН, байгууллага баримт хэвлэдэг кассын машин ашигладаг бол тус машиндаа ТЕГ-аас гаргасан нэмэлт программыг суулгаад л албан ёсны төлбөрийн баримт хэвлэх боломжтой болно. Хэрвээ кассын машин хэрэглэдэггүй бол бизнесийн зарчмаараа кассын машин нийлүүлэгч компаниудаас худалдаж аваад ашиглах учиртай.

Хэрхэн сугалааны азтан болох вэ?

Иргэн та бүртгүүлэхдээ

Худалдаа үйлчилгээний газрууд төхөөрөмжтэй болсноор үйлчлүүлэгч эхлээд худалдагчаас код авна. Дараа нь баримт хэвлэх төхөөрөмжид кодыг оруулна. Ингэснээр худалдан авалтын баримтыг хэвлэх юм. Хамгийн гол нь үйлчлүүлэгч та авсан баримтынхаа кодыг e.barimt.mn сайт руу орж баталгаажуулах ёстой бөгөөд баримтаа ч бас өөртөө хадгалаарай. Учир нь сугалааны ялагч болсон тохиолдолд баримтыг үндэслэн баталгаажуулах юм.

1800-1288 дугаарын тариф 1 мин 70 төг

Иргэн таны үйлчлүүлдэг байгууллага сугалаанд оролцох эрх бүхий найман оронтой кодтой шинэ баримтыг хэвлэж өгөхгүй бол татварын албаны 1800-1288 дугаарын утсанд албан ёсоор мэдэгдэх учиртай. Иргэдийн мэдээллийн дагуу татварын алба тэрхүү салбарыг цахим системд холбогдож, тусгай кассын машин тавихыг шаардах юм. Баримт өгөөгүй байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх ба хэрэв сануулга авсан байгууллагууд хугцаандаа цахим баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогын хоёр хувьтай тэнцэх төгрөгөөр торгуулах юм байна. Уг дугаарт залгахад 1 минут нь энгийн утасны тарифаар тооцогдох буюу 70 төгрөг байдаг.

Аюулгүй, найдвартай

Ямар нэгэн доголдол гарах эсэхийг урьдчилан харж шаардлагатай өөрчлөлтийг үндэсний Дата төвийн мэргэжилтнүүдтэй хамтран шийдээд явах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Систем нь Монгол Улсын онцгой обьект буюу үндэсний Дата төвд байрлаж байгаа учраас мэдээллийг алдах, гаднын халдлагад өртөх зэрэг эрсдэлээс хамгаалсан. Түүнчлэн гэнэтийн, байгалийн хүчин зүйл боллоо гэхэд мэдээллийг хадгалж авч үлдэх зорилгоор өдөр бүр мэдээллийг нөөцөлж авах тогтолцоог нэвтрүүлж, давхар хадгалж байна.

Эцэст нь хэлэхэд, иргэн Та аз од нь гийж, 3 сая хүнээс онцгойрч сугалааны азтан болж чадсан бол үнэхээр азтай одтой аавын хүү, ээжийн охин юм. Харин үүнээс илүүтэйгээр улсынхаа эдийн засгийн зөв эргэлтэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсанд тань онцгойлон баяр хүргэе!