Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › “13 настай бүргэдчин охин” АНУ-ыг зорино

“13 настай бүргэдчин охин” АНУ-ыг зорино

Дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан өөрийнхөө тоглосон “The Eagle Huntress” буюу “Бүргэдчин охин” баримтат киноны нээлтэд АНУ-ыг зорих гэж байна. Киноны нээлт “Сандэнс” кино фестивалын үеэр дэлхий даяар нээлтээ хийх ажээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга А.Бакей өнөөдөр бүргэдчин охин Н.Айшолпаныг хүлээн авч уулзан, үндэсний соёл уламжлалаа дэлхий дахинаа сурталчилж байгаад нь талархал илэрхийлж, баяр хүргэсэн байна.

Дашрамд дурдахад, 2013 оны 11 дүгээр сард Израилийн зурагчин Ашэр Свиденски Монголд хийсэн аяллынхаа үеэр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат 13 настай Н.Айшолпан охины зураг, дүрсийг авсан нь улмаар дэлхийд алдартай BBC агентлагийн сувгуудаар хүртэл цацагдаж, охиныг олонд таниулсан юм.

Киноны нээлт хэдхэн хоногийн дараа АНУ-ын Нью-Йорк хотноо болох “Сандэнс” кино фестивалын үеэр болох гэж байна. Киноны үргэлжлэх хугацаа 90 минут байх аж.

Киноны товч танилцуулгад “Айшолпан охины дүр дэлхийн аяллын маань нэг хэсэг болсон баатарлаг охины бодит дүр. 13 настай гэдгээрээ дэлхий дахинд алдаршиж чадсан юм” хэмээн бичжээ.