“Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ улс төрийн тэмцэлд шилжинэ гэж мэдэгдлээ
"Дэлхийн Монгол- Ногоон нэгдэл" төрийн бус байгууллагынхан мэдэгдэл хийж байгаль дэлхийгээ хамгаалж, байгаль орчинг сүйтгэн үгүй хийж байгаа гэмт хэргүүдийг эсэргүүцсэн олон тэмцэл нь үр дүнд хүрэхгүй байгаа тул улс төрийн шатанд хэрэгжүүлнэ гэлээ.
2015 оны 12 сарын 21-23-ны өдрүүдэд Онон голын сав газарт Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Австралийн компанид хууль бусаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосныг цуцлуулах мөн уул уурхайн сайд Р.Жигжидыг огцруулахыг шаардаж суулт зохион байгуулсан. Дээрх 2 асуудлаар Монгол улсын Ерөнхий сайдад албан шаардлага болон биечлэн уулзах тухай хүсэлт явуулсан ч ямар нэгэн хариу ирээгүй гэлээ.Тус ТТБ-ын тэргүүн Х. Бээжингийн хэлж буйгаар Онон голын сав газарт 779,2 га талбайд Австралийн компанид хууль бусаар ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны 8-р сард олгосон байна. Энэ мэт хууль бус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл үргэлжлэн олгогдсоор байх тул үүнийг таслан зогсоож тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Байгаль орчин, газар нутаг, эх дэлхийгээ хамгаалах гэсэн байгаль хамгаалагчидыг дарамталж, ажил үүргээ гүйцэтгэж байхад заналхийлэх асуудлууд их гарч тэдний тэмцэл үнэгүйдэлд хүрч байгааг хэлж байна.
