Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ: Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг

ГОО ТАНИЛ: Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг

Мөнгөн аяганд ус хонуулан уухын ач тус их

Айл бүрийн хойморт урилгагүй зочлох цэнхэр дэлгэцээр үдэш бүр үзэгчидтэй учран золгодог хүмүүс бол нэвтрүүлэгчид. Цаг үеийн мэдээ мэдээллийг ард олондоо хүргэхийн хажуугаар нэвтрүүлэгчид тухайн телевизийнхээ нүүр царай болсоор ирсэн хүмүүс юм. Тэгвэл шинэ оны босгонд гоо үзэсгэлэнтэй, биеэ үргэлж сайхан авч явдаг хийгээд олон эмэгтэйчүүдийн үлгэр дууриал болсон UBS телевизийн нүүр царай нэвтрүүлэгч Г.Оюунцэцэгийг онцлон урилаа. Олон жил телевизийнхээ “City news” мэдээллийн хөтөлбөрийг хөтлөн хүргэж, дуу хоолой нь хэдийнээ үзэгчдийн сонорт хоногшсон түүний хэрхэн гоо сайхандаа анхаарч, үргэлж гоё сайхан харагддаг нууцаас хуваалцъя.

“ГОЙМОН” ХОЧИТ ОЮУНАА

Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг жаахан охин байхын нуруулаг, туранхай байжээ. Ямар сайндаа л арван жилд байхад нь ангийн хүүхдүүд нь түүнийг “гоймон” Оюунаа хэмээн хочилж байх вэ дээ. Гоймон шиг суналзсан өндөр, туранхай охин байсан тэрээр арван жилдээ гар бөмбөгөөр хичээллэж, сургуулийнхаа шигшээ багт хүртэл тоглож явжээ. Хичээл ном, спортоор хичээллэхийн зэрэгцээ ардын бүжиг бүжиглэдэг охин байсан гэдэг. Хоёр эгч, дүүгийнхээ хамтаар сургуулийнхаа 50 жилийн ой дээр хамтдаа бүжиглэсэн нь ийн гэрэл зурагнаа буужээ. Тэд бүгд хүүхэд байхаасаа бүжиглэсэн нэг айлын охид. Багаасаа спорт, урлаг хоёроор хичээллэж ирсэн болохоор үүнээс олж авсан бие бялдрын хөгжил одоо хэр нь тавигдаагүй төдийгүй энэ бүхэн түүний гоолиг сайхан биений нэгэн нууц юм.

“БАГА ДЭЭР НЬ АНХААР!”

Нас ахиад ирэхээр жин нэмэх бие физиологийн өөрчлөлт эр, эм гэлтгүй асуудал болдог. Жин нэмээд ирэхээр ихэвчлэн эмэгтэйчүүд тураах элдэв арга туршин, тураах кофе, цай, эм бэлдмэл зэрэг хүчээр жингээ хасах аргыг сонгох нь олонтаа. Тэгвэл Г.Оюунцэцэгийн хувьд хүчээр жингээ хаях элдэв төрлийн бүтээгдэхүүнүүдэд огтхон ч сүжиггүй гэнэ. Харин жин нэмэх гээд ирвэл өөртөө тохирсон дасгал хийж, жингээ барьдаг аж.

Ажлын онцлог, мөн айл гэрийн эзэгтэй учраас төдийлөн зав чөлөө гарах нь хомс. Тиймээс жим, иог зэрэг биеэ хөгжүүлэх спортоор хичээллэж амждаггүй учраас өөртөө тохирсон дасгал хийхийн хажуугаар “Tsetse” тураах төвийн захирал, найз М.Энхчимэг дээрээ очиж, зөв хооллолт хийгээд зөв амьдралын хэмнэлийн талаар мэргэжлийн зөвлөгөө авч, өөр дээрээ хэрэгжүүлдэг байна. “Бид зөв хооллолт болоод хэрхэн зөв зохистой жингээ хасах талаар энд тэндээс дуулж мэдсэнээ өөр дээрээ турших гэдэг. Гэтэл эцэстээ энэ бүхэн нь үр дүн авчирсан нь ховорхон. Тиймээс энэ асуудал дээр мэргэшсэн, мэдлэгтэй мэргэжлийн хүнд хандаж, хэрхэн илүүдэл жинтэйгээ тулалдах талаар зөвлөгөө авчихад ихээхэн нэмэртэй юм билээ.”

Өглөө бүрийг мөнгөн аяганд хонуулсан ус уун эхлүүлдэг. Мөнгөн аяганд ус хонуулан уух нь олон талын ач тустай. Мөнгө нь шүд, буйлыг бэхжүүлэн улмаар ходоод, гэдсийг ариутган аливаа өвчин үүсгэгч нян бичил махбодыг устгах чадалтай төдийгүй буцалсан усыг мөнгөн аяганд, эсвэл зэс аяганд хонуулаад өлөн дээрээ өдөр бүр уухад ходоод хорсолт намдаж, ходоодны хүчил багасдаг байна. Ингэж уух нь зөв энергийг хуримтлуулж, усаар дамжин хүнд хүрдэг ажээ. Өглөө бүр ийн уух нь Г.Оюунцэцэгийн тунгалаг гэрэлтсэн царай, гоо сайхных нь бас нэгэн нууц юм.

ХООЛНЫ НАРИЙН ДЭГЛЭМ БАРЬДАГГҮЙ Ч...

Ихэнх эмэгтэйчүүд жингээ барьж байна гээд хоолоо сойдог. Гэхдээ энэ нь эргээд хоолны дуршлыг нэмэгдүүлж, юм идэх сэдлийг өдөөдөг гэдэг. Тиймдээ ч Г.Оюунцэцэг хоолны дэглэм барьдаггүй, харин 6-аас хойшоо хүнд хоол идэхгүй байхыг эрхэмлэдэг гэнэ. Амттанд дуртай ч хэтрүүлэлгүй хэрэглэдэг тэрээр үүнээс амьдралын нэгэн баяр жаргалыг мэдэрдэг гэлээ. Өглөөдөө дуртай амттанаа идээд, өдөр махан хоолоо сайн идэж, харин оройдоо тараг, жимс, ногооны зууш зэрэг хөнгөхөн хооллочихдог.

Зөв хооллоод, амьдралын зөв хэмнэлтэй байхад жин нэмэх асуудал тэр бүр тулгарахгүй. Энэ бол түүний амьдралаасаа олж авсан туршлага. Мөн зуны нэг сар аль болох махнаас татгалзаж, биеэ амраах үүднээс цагаан хоол идэхийг илүүд үздэг гэлээ.

Ажлын шаардлагын дагуу үйл ажиллагаа, нэвтрүүлэг хөтлөх зэргээр олны өмнө байнга гардаг учраас сайхан харагдах нь мэргэжлийн онцлог, давуу тал гэж хэлж болно. Энэ бол түүний гутлын шүүгээ. Ажлын онцлогоос шалтгаалан нэг л мэдэхэд ийм олон өндөр өсгийттэй болчихсон байдаг гэнэ.

ГҮН ЦЭВЭРЛЭГЭЭГ ЧУХАЛЧИЛДАГ

Агааргүй, битүү, тод хурц гэрэл дунд ажиллах нь түүний ажлын онцлог. Эфирийн будалт энгийн будалтаас илүү зузаан, тод байдаг бөгөөд энэ нь арьсыг гэмтээх гол шалтгаан болдог. Тэгвэл энэ бүхнээс өөрийгөө гүн цэвэрлэгээгээр аварна. 7 хоногт нэг удаа гоо сайханд орж, арьсаа амраахын зэрэгцээ арьсандаа тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг зөв сонгохыг чухалчилдаг байна. Хуурай арьсны онцлогтой болохоор маш их чийгшил өгөх шаардлагатай. Түүний арьсыг эрүүл, асуудалгүй байлгахын тулд солонгосын “Sciencell” болон “Sunray” брэндийн бүтээгдэхүүнүүд тусалдаг ажээ.

Г.Оюунцэцэгийн ээж уран эмэгтэй байсан нь хожим охинд нь өвлөгджээ. Ээжээсээ өвлөн авсан энэхүү авьяасаараа хүүхэд ахуй цагаасаа эхлэн юм нэхэж, одоо ч чөлөөт цагаараа өөртөө болон гэр бүлийнхэндээ дулаахан гэгч нь ноосон эдлэл нэхэж өгдөг гэнэ.