Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Итгэл сэтгэл бол ид шид бүтээгч

Итгэл сэтгэл бол ид шид бүтээгч

Хот газар хэмээн хаяглах мөртлөө нийтийн унаа бүү хэл жижиг тэрэг ч очиж төвдөхгүй жалга довын дунд ядруухан гэр сүүмэлзэн оршино. Өвлийн жавар тачигнасан энэ тэсгим хүйтэнд зузаан дулаалга ч үгүй навсайж халтардсан бүрээстэй ганц гэр уул шиг сүндэрлэх төмрийн хог хаягдлаас өөр хаяа нийлэх хөрш үгүй. Яндангаас нь багахан утаа савсаж байхыг бодоход хүн байгаа нь тодорхой гэж зорьж ирсэн маань энэ. Зорьсон хүн л зориглож ирэхээс биш, зорилгогүй нэгэн зүглэхийн аргагүй хэцүү орчинд суурьшаад тэд уджээ.

Хот газар хэмээн хаяглах мөртлөө нийтийн унаа бүү хэл жижиг тэрэг ч очиж төвдөхгүй жалга довын дунд ядруухан гэр сүүмэлзэн оршино. Өвлийн жавар тачигнасан энэ тэсгим хүйтэнд зузаан дулаалга ч үгүй навсайж халтардсан бүрээстэй ганц гэр уул шиг сүндэрлэх төмрийн хог хаягдлаас өөр хаяа нийлэх хөрш үгүй. Яндангаас нь багахан утаа савсаж байхыг бодоход хүн байгаа нь тодорхой гэж зорьж ирсэн маань энэ. Зорьсон хүн л зориглож ирэхээс биш, зорилгогүй нэгэн зүглэхийн аргагүй хэцүү орчинд суурьшаад тэд уджээ.

Хаалга нээн ортол зүрх эмтрэм дүр зураг. Арай ч дээ хэмээн сэтгэл харанхуйлаад явсан ч баяр баясгаланг бэлэглэхээр ирсэн зорилгоо санан бодол юугаан дотроо арайхийн нуун, инээмсэглэн гэрт оров. Өнөөх дан гэрт 3, 4 настай болов уу гэмээр хоёр жаахан охин даарч бээрчихсэн хэн нэгнийг ирэхийг харуулдан хүлээн сууж байлаа. Галд хийсэн хэдэн мод нь шатаж дуусч байгаа бололтой илч дулаан нь хэдийн алдагдаж, тэр хүйтэн зэврүүн гэрт хоёр жаахан охин хариугүй элэгдэж муудсан нимгэн хувцастай суух аж. Хүүхэд сайн хүнийг зөнгөөрөө мэдэрдэг гэдэг. Гэнэт гэрт нь урилгагүй ирсэн зочдыг хараад айж сандарсангүй, харин ч хөөр баяртайгаар угтан авч, хамаг л мэддэг дуу, шүлгээ өвлийн өвөө аав, цасан охид, мөн Лантуу болон Нисдэг хүү, Шүүдэрхэн охин тэргүүтэн үлгэрийн баатруудад уншиж, дуулж өглөө.

Тэд бол “Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн “Ид шидийн уут” зөв үйлсийн аяны зөвхөн нэг удаагийн аяллын шинэ танилууд. Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд ид шид байдгийг мэдрүүлэхээр “Ид шидийн уут” зөв үйлсийн аяныг эхлүүлж, 1000 бэлэг гардуулахаар анх төлөвлөжээ. Энэ нь “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн 2012 онд өрнүүлж байсан аяны үргэлжлэл гэж хэлж болох. 2012 онд мөн хүнд амьдралтай мянга гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг тараасан бөгөөд ингэж явахдаа “Нэг л өдөр, нэг л мөч бэлэг өгөн хүүхдүүдийг баярлуулах нь хангалтгүй юм байна. Бэлэг аваад баярлах хэдий боловч амьдрал нь энэ л хэвээр үлдэх нь гунигтай” гэдгийг зохион байгуулсан залуус бие сэтгэлээрээ мэдэрч, хэдхэн хоногийн өмнө өрнүүлж дууссан “Ид шидийн уут” зөв үйлсийн аянаа илүү туршлагатай хийгээд үр дүнтэйгээр зохион байгуулж эхэлжээ. 2012 онд хотын захын хүнд нөхцөл дунд амьдарч буй айлуудын дүр төрх 2015 онд яг л бахь байдгаараа. Энэ жил илүү няхуур ажиллаж эхэлсэн болохоор хаа таарсан айлууд руу орохгүйгээр хүүхэдтэй байна уу, амьдралын түвшин зэрэг судалгаа хийсний эцэст бэлэг өгөх айлаа сонгож, яг зорьсон хүүхдүүддээ бэлгээ тарааж чадсан амжилттай. 2012 онд хороодын нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж, бүртгэлээр хамгийн хүнд амьдралтай айлын хүүхдүүдэд бэлэг өгье гэж зорьсон ч үнэн хэрэгтээ тэдгээр нийгмийн ажилтнууд танил тал, ах дүү, хамаатан садныхаа хүүхдүүдэд тараасан зусар явдал ч олонтаа гарсан гэдэг. Тиймээс энэ жил өөрсдөө биечлэн тандалт хийж, айлаа сонгож явсан нь энэ юм.

Хотын захаар амьдрал хүнд байна гэдгийг бид мянгантаа сонсдог ч хогийн цэгээс цаашхийг төсөөлж чаддаггүй. Гэтэл бодит байдал дээр өвөрт тань дулаан гэгч нь унтаж буй нялх үртэй тань адилхан хүүхдүүд өвлийн хар хүйтэнд кардон цаас идэж, бэлэг өгөхөөр цаасыг нь задлахгүй хазалж, шинэ гутал гаргаад өгөхөд орны араар нууж, ээж нь согтуу хэвтэж байхад жавар тачигнасан энэ үед гэрийнхээ гадаа урагдсан тиркотойгоо сууж байх. Ийм хэцүү байдалтай “Ид шидийн уут” зөв үйлсийн аяны хүрээнд алхам тутамд нүүр тулгарсаар иржээ. Өвлийн өвөө гэдгийг ч мэдэхгүй бэлэг өгөхөөр гайхаж, баярласандаа нулимсаа барьж дийлэхгүй уйлах хүүхдүүд ч энэ дунд цөөнгүй. Зохион байгуулагч залуус хүүхдүүдэд жирийн нэг ууттай бэлэг өгөхийг хүссэнгүй. Цүнхгүй нэгэнд нь цүнх, цүнхтэй нэг нь хувцасны уут болгоод ашиглачих “Ид шидийн уут” гэсэн хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатрууд болох Лантуу болон Нисдэг хүү, Шүүдэрхэн охины зурагтай даавуун уутыг хийхээр зорьсон нь олон залуусын нөр их хөдөлмөрийн үр дүнд биеллээ олсон юм.

Анх аяныг зохион байгуулъя гэхэд тэдэнд цөөн хэдэн төгрөгөөс илүүтэй оргилуун их хүсэл байсан. Гэхдээ сайн үйлс үргэлж сайхан мөртэй байдаг болохоор зорьсон ажил саадгүйгээр урагшилж, нэгнээ таньж мэдэхгүй ч энэ аяныг дэмжихээр ирсэн олон хүмүүс нэгдэж, 1000 ширхэг уутыг нойр хоолоо хугаслан байж хамтын хүчээр оёж дуусгажээ.

Үндэсний үйлдвэрлэгч компаниуд руу хүсэлт илгээсний хариуд зарим компани уг аяныг дэмжиж буйгаа илэрхийлэн бүтээгдэхүүнээ ирүүлж, зөвхөн амттан гэлтгүй дулаан оймс, бээлий материаллаг зүйлээс гадна оюунд нь хэрэгцээтэй комик ном зэрэг сонирхолтой бэлгүүд цөм Ид шидийн уутанд багтжээ. Энэ дундаас хамгийн их сэтгэл шингэсэн бэлэг нь урам зориг, итгэл найдвар хайрласан чин сэтгэлийн захидал байв. Урмын үгийг юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй. Тэр дундаа цагаа олж хэлсэн урмын үг хүнд өөртөө итгэх хийгээд ирээдүйдээ итгэл дүүрэн алхахад хамгийн том хүч болдог. Яг үүнийг мэдрүүлэхээр зорьсон энд тэндээс нисэн ирцгээсэн чин сэтгэлийн захидлууд эзэддээ хүрч, аз жаргал хийгээд баярын нулимсыг дуслуулав.

Анх мянган бэлгийн уут хийж, түүндээ бэлэг дүүргэх зорилготой байсан бол ямар гэгээлэг хийгээд сэтгэл баясгам аян өрнөж байгааг сошиал ертөнцөөр танилцсан олон нийт аяны сүүл хэсгээс эрчимтэй нэгдэж, мөнгөн дэмжлэг авахгүй гэсэн учраас бүгд зузаан малгай, ороолт, бээлий, дулаан хувцас зэргийг авч хандивлаж, бүр алс холын оронд суугаа монголчууд хүртэл хоорондоо нэгдэж, чадах чадахаараа тусламжийн гараа сунгаж байсан нь ИД ШИД үнэхээр байдаг юм байна гэдгийг зохион байгуулагч залууст мэдрүүлсэн гэхэд болно. Швейцарт амьдардаг н.Болдцэцэг эмэгтэй гэхэд л өөрийн фэйсбүүк дэх найзуудаа уриалан мөнгө босгож, Улаанбаатарт амьдрах ах, эгчээ гуйн материал авахуулж, 12 хоногт 510 ширхэг нярайн зузаан дулаан майк хийлгүүлж, аянд нэгджээ. Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид эрхээ хязгаарлуулсан ээжүүдийн нярай хүүхдүүд уг майкыг өмсөж, дулаан байгаа ажээ. Төлөвлөсөн аян өндөрлөх хугацаа дөхөхийн өмнө бэлгүүд ид шидийн дохиураар дохичихсон мэт ар араасаа ундрав. Ингээд 1000 бэлэг өгөх төлөвлөгөө өөрчлөгдөж, энэ жилийн “Ид шидийн уут” зөв үйлсийн аянаар нийгмийн эмзэг бүлгийн, хүнд хэцүү амьдралтай 5000 гаруй хүүхдэд гэнэтийн бэлэг барьж, ид шидийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чадсан байна.

Ид шид үнэхээр байдаг гэж үү? Хүүхдүүд үүнд дуу нэгтэй БАЙДАГ хэмээн хариулах байх. Харин хашир нь дэндсэн томчууд бид ИД ШИД ҮЛГЭРТ Л ГАРДАГ гэж хариулах биз. Ид шид гэдэг бодит амьдрал дээр үнэхээр байдаг юм шүү. Ид шид байдаггүй байсан бол 1000 ширхэг бэлэг хэдхэн хоногийн дотор яаж 5000 гаруй болтлоо үржих гэж? Үлгэрт гардаг ид шид нь харин бодит амьдрал дээр та бидний сэтгэлийн их хүч юм. Тэр олон хүний сэтгэлийн их хүчээр “Ид шидийн уут” зөв үйлсийн аяны бэлэг түгээх ажил ингэж гайхалтай өндөрлөсөн билээ.

Өвлийн өвөө дүрээрээ ирсэнд итгэж чадахгүй инээмсэглэн зогсох бяцхан үрс, бурхан болсон охиныхоо хоёр хүүхдийг өсгөж буй буурай, өөрөө уншиж бичиж чадахгүй ч хог түүн таван хүүхдээ эрдэм номын мөр хөөлгөхөөр хичээн буй аав... Сэтгэл эмзэглүүлсэн олон дүр зурагтай өглөөнөөс орой хүртэл нүүр тулсаар явсан ч хонгилын үзүүрт гэрэл харагдсан, жаахан дэмнээд өгөхөд хөл дээрээ зогсчих мундаг томчууд энэ үеэр цөөнгүй тааралдсанд зохион байгуулагч залуус сэтгэл тэнэгэр сууна. Ид шидийн аян бэлэг өгөөд л дуусчихаагүй нь хамгийн сайхан. Эргээд энэ айлтай хэрхэн холбогдох, хөл дээрээ босоход юу хэрэгтэй байгаа, сургууль цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг нийгэмшүүлэх зэргийг судалж, нэг бүрчлэн бүртгэл хийн явсан нь аяны хамгийн том ач холбогдол. Шинэ жилийн баярын бэлгээс гадна гэр бүлийн амьдралыг өөрчлөх тусламж дэмжлэгийг ч энэ залуус өгч явна. Бага насны дөрвөн хүүхэдтэй, өөрөө уушги зүрхний наалдангийн улмаас группт байдаг, өрх толгойлсон ээжид мөрөөдлийнх нь иж бүрэн тоноглолтой оёдлын машиныг бэлэглэжээ. Энэ мөн л тэдний ажлын нэгээхэн хэсэг.

Энэхүү аяны элч төлөөлөгч болсон өвлийн өвөө, цасан охид хүнтэй хэрхэн зөв харьцах вэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ойлголцох вэ зэрэг тусгайлсан сургалтад суужээ. Энэ дашрамд дурьдах нь зүйтэй асуудал бий. Дэмнээд байхад өөдөлдөггүй, бусдын өмнөөс амьдарч буй мэт хүмүүс байхад, харин багахан дэмжихэд л дэвшээд ирдэг хандлагатай хүмүүс байдаг. Дэмжлэгийг үр дүнд хүргэж чадах хэн бүхэнд туслахдаа эдгээр залуучууд бэлэн байна.

“Монголчууд аа!!! эдийн засаг хямарсан авч эх орноо гэх залуусын сэтгэл хямраагүй шүү ! Эд бараа ховордсон гэх ч, хүүхдэд сунгах та бүхний өгөөмөр гар хямраагүй шүү ! Энэ бол та бүхний бүтээсэн, хамтдаа бий болгосон ИД ШИД шүү ! Хэзээ ч төсөөлж байгаагүй өвлийн өвгөн ид шидийн уутаа үүрч орж ирээд хөөрхөн охиныг нь баярлуулж байхад залуу ээж инээмсэглэн зогсоно. Энэ бол бидний урам. Олон шөнө нойргүй ажилласны жаргал. Энэ бол жинхнээсээ та бүхний гавьяа! Хамтран ажилласан та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа.” Ч.Ганжавхлан