Дуучин Б.Амархүү, Азийн Топ модель О.Ариунзул: АМЬДРАЛЫН УТГА УЧИР ХҮҮХЭД ЮМ БАЙНА
Он солигдох торгон мөчид уншигч таны гэр бүлтэй хамт байх тусгай дугаарын хүндтэй зочдоор Б.Амархүү, О.Ариунзул уригдлаа. Энэ цаг үеийнхээ бүтээлч, эрч хүчтэй залуусын төлөөлөл, хамгийн сайхан гэр бүлүүдийн нэг залуу хос маань анхны үрийн зулай үнэрлээд удаагүй билээ. Эрхэм зочдын маань энэхүү ярилцлага гэр бүлийн нандин харилцаа, амжилт бүтээл хийгээд эрч хүчийг танд бэлэглэх буй заа.
TV ZONE: Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, цаг зав гаргасанд талархал илэрхийлье. Өнөөдөр их урт өдөр байлаа. Та хоёр минь юуны учир болзоот цагаасаа хоцров? Баяр гээд ажил ихтэй байв уу?
Б.АМАРХҮҮ: Өглөө сэрээд хүүгээ усанд оруулж, 3-4 цагаар орхиж гарч байгаа болохоор сүүнээс нь холдуулчихгүйг хичээгээд л, эмээ өвөө дээр нь хүргэж өгчихөөд ирлээ. Хайрыгаа хааяа өрөвдөх юм. Гэр бүлийн аавын хувьд зөвхөн хүүгээ гэлгүй эхнэрээ гоё байлгахыг хичээдэг юм. Өнөөдрийн хамгийн том ажил TV ZONE сэтгүүлийн зураг авалт байлаа. Оройн арга хэмжээнүүд үлдлээ. Ажлуудаа хурдан дуусгачихаад хүү рүүгээ л яарч байна даа.
О.АРИУНЗУЛ: Хүүхэдтэй болоод улам их хичээх хэрэгтэй болсон. Дээр нь шинэ жилийн баярын уур амьсгал ороод ажлууд их байна. Өглөө бид хоёр хүүгээ өвөө, эмээ дээр нь аваачиж өгөөд Bella эгч дээрээ очиж будуулчихаад ирлээ. Болзоот цагаасаа хоцорсонд хүлцэл өчье.
TV ZONE: Зүгээр дээ, аргагүй хүндэтгэх шалтгаантай байжээ. Аавынхаа төрсөн өдрөөр мэндэлсэн хүү нь аавтайгаа илүү адилхан уу? Ээжтэйгээ ижилхэн үү?
О.АРИУНЗУЛ: Хүмүүс ихэвчлэн аавтайгаа адилхан гээд байгаа.
Б.АМАРХҮҮ: Чих нь ээжийнхтэйгээ илүү адилхан /инээв/. Ариунаа маань аавтайгаа адилхан байна гэдэг ч надад бол ээжтэйгээ илүү адилхан харагддаг.
TV ZONE: Хорвоо дээр хамгийн гайхалтай мэдрэмж анхны хүүхдээ өлгийдөж ээж, аав болох гэдэг. Хариуцлага нэмэгдэхээс гадна сэтгэлзүйн хувьд эмзэг, уяхан болох гээд маш их өөрчлөлт гардаг шүү дээ.
О.АРИУНЗУЛ: Би дуугүй биш ч даруухан талдаа хүн. Өмнө нь хурдан шийдвэр гаргадаг, зарим зүйлд ширүүн ханддаг байсан санагддаг. Гомдох болов уу гэж бодох ч юмгүй шууд хэлчихнэ. Одоо бол юмыг их бодож, ингээд хэлчихвэл гомдчих болов уу гэх зэргээр зан чанарын хувьд илүү уян, зөөлөн болсон. Хүүхэдтэй болно гэдэг гэр бүл, аав ээжид маш их хариуцлага ирдэг юм байна. Амьдралын утга учир нь хүүхэд гэдгийг ойлгосон доо. Хүүхэд төлөвлөнө гэж байдаггүй. Хувь заяа, төөрөг тавилан юм байна.
Б.АМАРХҮҮ: Би аав болохыг маш их мөрөөдөж байсан. “Big fish” киноны найруулагч B.A.T, Dash movie, Магнай трейд компаний захирал Дашка энэ хүмүүсийн бодол санаанаас урган гарсан уран бүтээлээр би эхнэртэйгээ учирсан. Тэр цагаас хойш Ариунаагаасаа хүүхэд нэхэж их зовоодог байсан. Нэг талаараа миний бодсоноор болчихсон. Ярилцаж төлөвлөснөөр бол гурван жилийн дараа гэж байсан юм. Ариунаа минь миний амьдралын хамгийн том бэлгийг бэлэглэсэн. Төрсөн өдрөөрөө аав болж, маш их хүсч байсан үрээ тэвэрнэ гэдэг үгээр илэрхийлэх аргагүй аз жаргал. Өвөө, эмээ нь хайлж урсаад л биднээс илүү аз жаргалтай байгаа. Өмнө нь миний Ариунаа, миний Амархүү гээд л аав ээжүүд маань хошуу дэвсдэг байсан бол хүү маань төрснөөс хойш “Та хоёр сонин биш болсон” гэж албан ёсоор хэлсэн.
TV ZONE: “Нурсан” төлөвлөгөөгөө ярьж болох уу?
Б.АМАРХҮҮ: Ариунаа маань Москвагийн Модус Вивенс агентлагтай гэрээтэй. Би Примьер министр хамтлагийнхаа ахлагч. Бид хоёр 2015 оны 2-р сард Москва уруу буцах ёстой байсан ч хүүхэдтэй болж, бид хоёр бүх ажлаа цуцалсан. Хамтран ажилладаг газрууд маань ч ойлгож, гэнэтийн мэдээг нааштай хүлээж авсан. Одоо ч гэсэн хамтарч ажиллах санал ирж байгаа ч хүү маань жаахан байна.
TV ZONE: Хүүгийнхээ анхны шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэх вэ?
Б.АМАРХҮҮ: Хүүгийнхээ хамгийн анхны гацуурыг засч байгаа болохоор маш их анхаарсан. Ялангуяа өвөө, эмээ нар нь ийм байх ёстой, ингэе тэгье гээд хөгжилтэй маргаан гарч, ямар их аз жаргалтай байгааг нь хараад сэтгэл их хөдөлсөн. Хүүг маань өвөө, эмээ нь бараг л булаагаад авчих гээд байгаа /инээв/. Бид хоёр өгөхгүй гээд л...
TV ZONE: Залуу гэр бүлийн амьдралд аав, ээж нь хөндлөнгөөс оролцох гээд байдаг тал ажиглагддаг. Хүүг нь авах гээд байгаа гэхээр аав, ээжүүдийн оролцоо танай гэр бүлд нэлээд байна гэсэн үг үү?
О.АРИУНЗУЛ: Аль алиных нь анхны ач, зээ нь болохоор хайлж урсаж байгаа. Би айлын бага, Амархүү маань айлын ганц болохоор нялх хүүхдийн мөрөөсөл болчихсон гэдэг утгаараа булааж авчих гээд байгаа гэж тоглож, хэтрүүлж хэлж байгаа юм.
Б.АМАРХҮҮ : Мэдээж бид хоёрын мэдэхгүй юм зөндөө бий. Наад зах нь шинэ гэр бүлд тохиолддог зүйлс тохиолдох, хүүгийн гэдэс өвдөх ч юм уу тэр үед яах ч аргагүй л аав, ээж рүүгээ залгадаг. Биднийг өдий хүртэл өсгөөд, аваад явсан хүмүүсийн туршлага, арга ухааныг суралцах ёстой. Ариунаа маань “Гоёл” наадамд бэлдээд өдөр, шөнөгүй бэлтгэлтэй хөл нь өвдөнө, дээр нь хөх нь чинэнэ. Цаг завгүй ажилтай үед хүүг минь харж өгөх гээд аав, ээжийн маань нөмөр нөөлөг их. Гэхдээ бид хоёр ажилдаа анхаараад л байнга аав, ээждээ хүүхдээ харуулаад байдаггүй. Ариунаа маань ажилсаг. Би ч гэсэн. Хэн хэн нь маш олон тэмцээн уралдаанд бие даагаад явж байсан. Багаасаа бие даасан амьдралтай явж ирсэн болохоор аав, ээжийгээ зовоогоод байх нь ховор шүү.
TV ZONE: Ариунзулын гоо үзэсгэлэн үнэхээр төгс харагдаж байна. Яаж ийм хурдан буцаад сайхан болов? Энэ нууцаасаа бусад ээжүүдтэй хуваалцаач?
О.АРИУНЗУЛ: Миний хувьд дасгал хөдөлгөөн, хооллолтдоо анхаардаг. Жирэмсний үедээ аль болох жин нэмэхгүй, 10-15 кг буюу хэвийн хэмжээндээ жингээ барих юм бол төрсний дараа буцаад хэвэндээ ороход хялбар байдаг юм шиг санагдсан. Эмчийн зүгээс хөдөлгөөн хорих зөвлөмж өгөөгүй л бол аль болох хөдөлгөөнөө хорихгүй, аль болох стрессгүй, хөгжилтэй байгаарай.
TV ZONE: Ээжүүд жирэмсний үедээ би тийм байсан чинь хүүхэд маань яг дуурайчихаж гэж ярьдаг шүү дээ. Танай хүүгийн хувьд?
Б.АМАРХҮҮ: Манай хүн инээгээд л байдаг байсан. Хүү маань ч бас маш гоё баяр баясалтай, инээмтгий. Нэг их гоё онигоо биш ч гэсэн, юу ч болсон Ариунаа маань инээгээд л, нүд нь гялалзаад л тэрэнд нь би уяраад гоё юм авч өгмөөр санагдаад, цэцэг бэлэглээд л. Өөрийгөө магтчихъя. Хажуудах хань нь ямар энерги бэлэглэж байгаа нь маш чухал юм шиг байгаа юм. Хоёр аав маань надад “За миний хүү эхнэрээ жирэмсэн байхад уурлаж, уцаарлаж болохгүй. Стресстэх үед дэр гэж гоё юм байдаг юм ш дээ. Дэрэндээ хамаг уураа гарга. Эхнэрийгээ хайрла. Эхнэрийн чинь сэтгэл сайхан байх тусмаа хүүхэд чинь өөрийн гэсэн бодол санаатай, сайхан энергитэй байна шүү” гэж маш их хэлдэг байсан. Монголынхоо бүх залууст жирэмсэн эхнэрийгээ ямар ч байдлаар хамаагүй болж өгвөл байнга инээлгэж, сэтгэлийг нь дүүрэн байлгаарай гэж хэлье. Бүгд хичээх юм бол хэдэн жилийн дараа манай нийгэмд тэр чигээрээ инээд хөөр бялхсан, сайхан болох ч юм билүү гэж надад санагддаг. Жаахан зүйлээс том өөрчлөлт гардаг шүү дээ.
О.АРИУНЗУЛ: Жирэмсэн байх хугацаандаа өөрийгөө зоригжуулаад байгаа ч гэсэн хажуудах эр нөхрөөс нь л эмэгтэй хүн аз жаргалтай байх уу, гунигтай байх уу гэдэг нь шалтгаалдаг юм билээ. Жирэмсэн эхнэр, найз охиноо хайрлаж, сэтгэл санааг нь өргөж байгаарай. Миний хайр намайг үргэлж инээлгээд л их л аз жаргалтай байсан.
Б.АМАРХҮҮ: Балай балай юм яриад л суудаг байлаа шүү дээ /инээв/. Бас нэг арга байдаг юм. Хийж өгч байгаа хоолондоо сэтгэлээ, энергиэ шингээх. Би хоол хийх хоббитой. Дөнгөж аав, ээж болох гээд л бэлтгэл хийж байх тэр үеэ одоо их санадаг шүү. Гэдсийг нь савандаж өгдөг байсан, хүүтэйгээ ярихаар дохио өгч гэдсээ түлхэнэ... Тэр бүх байдал гэр бүлийг улам аз жаргалтай, ямар ч хүмүүст цоожоо тайлахгүй бат бөх байдлыг бүрдүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Бид хоёр хөгжилтэй байх дуртай л даа. Хүү маань өглөө нойрноосоо сэрээд инээхийг нь харах хамгийн сайхан аз жаргал. Хүүгийнхээ хоёр талаас хуруугаа өгөөд татаад босгохоор хөөрөөд, нүд нь гялалзаад л тэр үеийг харах гэж хоёулаа их хүлээдэг. Би нойрондоо харам хүн л дээ. Хүүгийнхээ инээмсэглэл, шинэ сурсан болгоныг нь хараад энэ ертөнцийн бүх асуудал замхран алга болдог юм билээ. Юун нойр, ажил.
TV ZONE: Хэдэн хүүхэдтэй болохоор төлөвлөв?
Б.АМАРХҮҮ: Бид хоёрын санал энэ тал дээр жаахан зөрдөг. Миний хувьд болж өгвөл дарааллаад хурдан хурдан олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Гэхдээ эрэгтэй хүний хувьд эхнэрийгээ бодох нь зүйтэй юм шиг байгаа юм. Ялангуяа Ариунаа маань онцгой мэргэжлийн хүн. Загвар өмсөгч, загварын ертөнцөд ажиллаж байгаа хүн болохоор хүндлэх ёстой. Жирэмсэн байх үед ямар байдаг юм бэ гэдгийг маш сайн мэдэж авсан. Төрөх үед нь гурван талаас нь бичлэг хийж, эхнээс тэр бүхнийг хамтдаа туулсан болохоор өөрийнхөө хүслийг тулгахгүй. Хүн болгонд өөрийнхөө төрсөн өдрөөр аав болох боломж байдаггүй шүү дээ. Ийм нандин бэлгийг надад өгсөн болохоор бурхны заасан зураг төөргөөр л явна.
О.АРИУНЗУЛ: Аль болох олон хүүхэдтэй болъё гэж боддог. Бурхнаас заяасан бэлгийг тосоод л авна. Доод тал нь гурван хүүхэдтэй болох байх аа.
TV ZONE: Та хоёртойгоо урьд нь уран бүтээлийн талаар түлхүү ярьдаг байсан бол одоо гэр бүл, хайр, хүүхэд, амьдралын эрдэнэ болсон зүйлсийн талаар ярилцаж сууна. 2016 онд уран бүтээл, ажлын тал дээр юу төлөвлөж байна?
О.АРИУНЗУЛ: Ажилдаа ороод эхэлчихсэн. Ирэх онд гурван ч том ажил төлөвлөсөн байгаа.
Б.АМАРХҮҮ: ОХУ-д байхад бид хоёр янз бүрийн гоё шоунд очно. Хариад хоолоо хийж байх үедээ Монголдоо ийм юм хийх юмсан гэж маш их ярьдаг байсан. Энэ ажлаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Алаагүй баавгайн арьсыг нөмөрнө” гэдэг шиг өөрсдийн төлөвлөгөө, ажлуудаа ярихаас илүүтэй хэрэгжүүлчихээд харуулъя. Уран бүтээл, ажил гэхээс илүү хүүгээ ядаж нэг нас хүртэл нь яг хажууд нь байх чухал байна. Гэдэс нь дүүрээд байна, уйлаад байна гэхэд л бид хоёр ямар ч ажил байсан орхиод хүү рүүгээ явдаг. Хүүдээ хамаг анхаарлаа хандуулж байна. Нэг төлөвлөгөөгөө задлахад “A&A” хувцасны бренд 2016 онд гаргана.
TV ZONE: Баяр хүргэе! Мод галыг өрддөг шиг бүтээлч хос маань бие биенийхээ ажлыг маш их дэмждэг. Хоёр ч дууг хамтарч дуулж, Ариунзул загварын тайзнаас гэнэт л дуучны карьерт шилжчихсэн?
О.АРИУНЗУЛ: Миний хувьд загвар өмсөгчийнхөө ажилд маш их дуртай болохоор дуучин болох амбиц байхгүй. “Cool love” дууг дуэт дуу болгоё гэж бодоогүй. Амархүү ганцаараа дуулах байсан. Арван жилийн найз маань шүлгийг нь бичиж явуулсан. Амархүү маань Орост өссөн болохоор монгол үг тохируулахдаа алдах гээд байдаг болохоор туслах маягаар бичлэгийн студи уруу хамт явсан. Амархүү дуулж байгаад гэнэт хоёулаа хамт дуулъя гэсэн. Үзээд алдъя гээд л энэ дуу санаандгүй байдлаар төрсөн.
Б.АМАРХҮҮ: Надад өөр хэнд ч дэлгэхгүй нандин бичлэгүүд байдаг. Бид хоёр дөнгөж өөрийн гэсэн гэртэй болоод хамтдаа амьдарч байхад Ариунаа хоол хийнгээ бүжиглэж байхад нь нууцаар бичлэг хийдэг байсан. “Cool love” дууны эхний бадаг биччихээд түр завсарлаж байх үед Ариунаа энэ хэсэг дээр тэгэх ёстой, ингэх ёстой гээд л аялаад яваад байна. Тэгээд хамт дуулж үзье гэснээр дуэтлэж дуулсан. Дараахан нь манай хүн 7 хоног гадагшаа явчихсан. Дуу маань бэлэн болоод миний гар дээр ирчихсэн байсан. Тэр үед хоёр биенийхээ зургаар слайд шоу хийгээд л Youtube-д тавьчихсан. Хэд хоногийн дараа аав, ээж маань яриад л ХИТ болсон талаар хэлсэн.
TV ZONE: Миний хамгийн дуртай дуу “Шинэ он шиг чамдаа яарна”. Энэ дууг ч бас санамсаргүй дуулсан уу?
Б.АМАРХҮҮ: МУУГЗ Л.Балхжав ах, Ё.Ариунаа эгч хоёртоо маш их баярлаж явдаг. Бид хоёрыг жаахан хүүхдүүд шиг ааш зан эвдрээгүй гээд л дэндүү эрхлүүлдэг юм болов уу гэж би боддог. Ямар ч байдлаар ирсэн, ямар ч асуудал тулгарсан Балхаа ах маань хэзээ ч үгүй гэж хэлдэггүй. Тийм болохоор бидний хувьд маш нандин дуу. “Та хоёрын хайр насан туршдаа яг ийм байдлаараа санаанд чинь үлдээсэй” гэж бид хоёрт зориулж зохиож өгсөн.
TV ZONE: Амьдралд юу эс тохиолдох билээ. Үргэлж инээгээд байхгүй шүү дээ. Тэр үед та хоёр хайрын сэтгэл, мэдрэмжээ хэрхэн барьдаг вэ?
О.АРИУНЗУЛ: Байнга инээгээд, гоё байхаар сонирхолгүй. Ямар нэг муудалцахаар юм гарч ирж байж, буцаад эвлэрэхээр хайр улам асч бадарч байдаг юм болов уу гэж боддог. “Цувж уурлаж цугтаа инээнэ” гэдэг шиг.
Б.АМАРХҮҮ: Харангын Х.Лхагвасүрэн ах маань “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт “Чи надад хайргүй болчихсон юм уу?” гэдэг үгийг би ойлгодоггүй. Хайртай бол насан туршдаа хайртай л байх болно. Тийм болохоор хэчнээн муухай үг хэлж, хатуу харьцсан ч, бие биенээ элдэв үгээр гомдоосон ч гэсэн буцаад тэр хүн рүүгээ яаж харах вэ гэдэг тэр харцаа битгий мартаарай гэж хэлсэн нь маш сайхан санагдсан.
TV ZONE: Ярилцахад таатай байлаа. Танай гэр бүлд аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрт нь амжилтыг хүсэн ерөөе. Шинэ жилийн баярын мэндийг хүргэе!
Б.АМАРХҮҮ: Баярлалаа, TV ZONE сэтгүүлийнхээ хамт олонд болон бүх уншигчдад нь аз жаргалаар дүүрэн, баян тарган, эрүүл энх, олон найз нөхөдтэйгөө шинэ жилийн баяраа сайхан тэмдэглээрэй гэж манай гэр бүлийн зүгээс чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Сэтгүүлч: М.Хонгорзул
Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш
