ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: ҮДБЭЧ-ын гоцлол дуучин,СТА Б.Батмэнд
Уул тал нь үлгэр шиг сайхан, үлэмжийн тэнгэр нь үүлэн цэнхэр, өвгөд хөгшид тайван налгар, өнгөлөг залуус нь өөдрөг урамтай, өмгөрхөн нялхас нь мярайлаг золбоотой, үг нь найраг, үйл нь уран айлын эхнэрүүд. Тиймдээ ч өдийг хүртэл үлгэр шиг амьдралд унаж, босч, уйлж, инээж, бусдын адил, бусдын дунд амьдарч явнам. Нарт хорвоод төрсөний бахархал, насан туршид дээдлэх зүйлийн нэг бол яахын аргагүй гэр бүл байдаг. ҮДБЭЧ-ын Гоцлол дуучин, СТА Баасанхүүгийн Батмэндийн гэр бүлийг урилаа. Түүний гэр бүлийн ертөнцөд хэсэг саатна уу?
Төрсөн газар Тонхил сайхан нутаг минь…
Монгол орны баруун өмнөд хязгаар хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг болох Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг. Хуучнаар Засагт хан аймаг, Дайчин вангийн хошуу, Усан зүйлийн хүрээ. Энэ сайхан нутаг усанд төрж, Алтайн Тонхил нутагт төрж өссөн гэдгээрэй бахархах дуртай.Үзэсгэлэн төгөлдөр байгаль, өндөр сүрлэг уул, Мөнхцаст Сутайн уулын өвөрт оршдог. Усан зүйлийн голын хөвөө туйран дээр түүний бага нас өнгөрчээ. Бага насыг дурсахаас өмнө уншигч танд амжиж энэ эрхэмийг алдаршуулая. Н.Баасанхүүгийн Батмэнд. 1973 оны 8 сарын 15-нд төрсөн. Тонхил сумын иргэд угаас дууч, найрч,эвсэг хүмүүс байдаг. Эцэг Н.Баасанхүү Жолооч мэргэжилтэй. Нутаг усандаа найр наадам удирддаг, монгол ёс заншлаа дээдлэн, түгээн дэлгэрүүлдэг, найранд гурван дугараа, наадамд гурван даваатай хүн юм. Ээж Д.Батнасан. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат. Ээж малын эмч буюу зоотехникч мэргэжилтэй хүн байв. Ээжийн талд олон сайхан авьяастай хүмүүс их байж. Барилддаг, дуулдаг, ерөөл магтаал хэлдэг гээд бидний хэлж заншсанаар дээр үеийн хүмүүсийн тал бүрийн авьяас үнэхээр гайхалтай байлаа.
Оюутан болж, их хотод хөл тавьсан жил 1993 онтой золгуулав. 1994 онд СУИС-ийн Уртын дууны ангид МУ-ын Хөдөлмөрийн Баатар, АЖ Зууны манлай Уртын дуучин Н.Норовбанзад гуайн отгон шавь болж элсэн орлоо.1998 онд сургуулиа амжилттай дүүргэжээ.Сургуулиа төгссөн жилээ ҮДБЭЧ-т уртын дуучин мэргэжлээр ажилд орж, өдийг хүртэл тасралтгүй арвандөрвөн жил ажиллажээ. Түүний бага нас бусад хүүхдийн адил энгийн л өнгөрсөн юм. Түүх, газарзүйн хичээл, ер нь унших талын хичээлд илүү сонирхолтой байсан гэнэ. Эрэгтэй хүүхэд бүр л барилдаж, ноцолдох дуртай байдаг. Биеийн тамир тэр дундаа хөнгөний дөрвөн төрөлд гүйдэг. Б.Батмэнд “Бүр хөдөөний хүүхдийг бодвол би чинь сумын төвийн хүүхэд байсан шүү” хэмээн тодотгох. Тэднийх өнөр өтгөн гэр бүл юм. Эхээс есүүлээ. Ер нь л дэрсхэн хүүхдүүд гэнэ. Б.Батмэнд дээрээ нэг эгч, хоёр ахтай, айлын дөрөв дэхь хүүхэд бөгөөд доороо таван дүүтэй.1990 онд Нэгдэл бутарч, өмч хувьчлалаар хүмүүст мал ногдуулан өгснөөр мал маллах болж. Б.Батмэнд аравдугаар ангиа төгсдөг жилээс 1993 он хүртэл хөдөө талд мал хариулах боллоо. Уртын дуутай амьдралаа холбосон түүх магадгүй эндээс эхлэлтэй байж болох юм. Сумын төвийн жаал гэнэтхэн л мал маллаж, хөдөө талд мал хариулж орчноо өөрчлөхөд их л уйдсан гэдэг. Хонинд явахдаа томоос том гэгч радиогоо өвөртөлчихнө. Монголын радиог үүр цайхаас аваад, үдэш болтол сонсдог байв. Ардын домогт дууны сангаас, хөдөөгийн хөдөлмөрчин ардад зориулсан дууны нэвтрүүлэг гарна. Хүүхэд хөгшидгүй тэр нэвтрүүлгүүдийг эхэлмэгц чих тавин шимтэн сонсоно. Б.Батмэнд хүү аль хэдийн хорхойссон байлаа. Хонины бэлчээр бяцхан хүүгийн хувьд томоос том, өндрөөс өндөр анхны тайз байсан юм. Монголын Үндэсний Олон нийтийн Телевиз баяр наадамд зориулсан ардын домогтой дуунаас сэдэвлэсэн телевизийн зохиомжит нэвтрүүлэг их хийнэ. Хоёрдугаар курсийн оюутан Б.Батмэнд телевизийн зохиомжит нэвтрүүлэгт идэвхтэй оролцдог байсан нь одоо бодохнээ их зүйл сургажээ хэмээнэ.Хонины бэлчээр бяцхан хүүгийн хувьд томоос том, өндрөөс өндөр анхны тайз байж…
1998 онд ҮДБЭЧ-д орсон жил “Монгол түмний дуулал 2” хэмээх тоглолтыг н.Сүхбаатар найруулан тавьжээ. Данзанравжаагын дүрд хувилж “Үлэмжийн чанар” дууг таван бадгаар дуулсан гэдэг. Үүнийгээ ч тэрээр ихэд бэлгэшээж явдаг юм. Тухайн дууг дуулчихаад тайзнаас буухад багш Н.Норовбанзад цэцэг барьчихсан тосож, магтаалын үгийг харамгүй хайрласан гэдэг. “Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ” гэдэг, тэрхэн үед хэлсэн урмын хэдэн үгс Б.Батболд хүүд тэнгэрт дүүлэх мэт эрч, хүч тэнхээг хайрласан хэмээн онцолж байсан юм. “Уртын дууны буян даанч их. Уртын дуучин хүн хаа ч суудал өндөр байдаг юм даа” гэж багш нь нар захидаг байв. Төрт ёсны эрхэм дээд зүйл бол уртын дуу юм. Энэ сайхан авьяасыг тордож, сайхан мэргэжил эзэмшсэний буянаар дэлхийн хориод улс оронд очин монгол соёл, ардын урлагаа сурталчилжээ. Уран бүтээлч хүнд явах, аялах бол жинхэнэ эрэл. Дэлхийн олон улс орноор явах боломж хүн бүрт бий ч гүйцэлдүүлэн гийгүүлэх бололцоо тийм ч амаргүй. Орчлон ертөнцийн тоост зам харгуйд, малгайн үс сэргээн, оюун бодолдоо шинэ булаг оргилуулж, уулсаас уулс үзэж явахын сайхан шиг сайхан үгүй юм.Уртын дуучин хүн хаа ч суудал өндөр байдаг юм…
Гэргий Ломбын Алтантуяа
Архангай аймаг Цэцэрлэг сумын харьяат. Багш мэргэжилтэй. Амьдралынхаа ихэнхи цаг хугацаанд хамт байж, жаргал зовлонгоо хуваалцаж суугаа эгэл эмэгтэй. Хазайхад нь түшиж, хальтрахад нь босгодог сайхан бүсгүйд Б.Батмэнд сэтгэл татагдсан аа нуугаагүй юм. СУИС, МУБИС-ын дотуур байр их ойролцоо. Зав чөлөө гарав уу үгүй юу л уулзахын түүс болно. Хос залуус хайр сэтгэлээ нэгтгэж, 1997 онд гэр бүлийн амьдралдаа эхлэл тавьсан юм. Өдгөө гурван хүүхдийн эцэг эх болжээ. 1998 онд том хүү Б.Тамир мэндэлжээ. Удаах охин Б.Сайхан 12 настай, бага хүү Б.Тайшир 7 настай. Хоёр хүн бие биенээ хайрлах нь их нандин мэдрэмж байдаг. Гэргийнхээ тайван амгалан зан, аливаа зүйлд хүлээцтэй няхуур ханддаг зан чанарт нь татагдсан хэмээн ярина. Нэг гэрийн хоёрын зан байдал яагаад ч юм адилхан байдаг. Тэгээд ч тэр үү Б.Батмэнд намуун, дөлгөөн хүн шиг. Сэтгэл санаагаар унан доройтож газардах үес ханийн минь үнэн үг, гэгээн санаа аврах шидтэй үгс намайг авардаг юм шүү гэж Б.Батмэнд хэлнэ. Маргаашийн төлөө өөдрөг байхыг эмэгтэй хүний чамбай сэтгэлээр зоригтой уриалдаг гэрийн эзэгтэй бол Л.Алтантуяа юм.
Амралт чөлөөт цаг
Сүүлийн үед гэр бүл, үр хүүхдүүддээ цаг гаргах тал дээр шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ. Учир нь урлагийн хүн, тэр дундаа гадаад дотоодын хүмүүст өв соёлоо сурталчилан таниулах наадам, үйл ажиллагаанд тасралтгүй оролцдог учраас цаг зав тун бага гарна аа. Гэсэн хэдий ч аль болох л хайртай хань, хөөрхөн хүүхдүүдээ цаг гаргахыг их хичээнэ. Амралт чөлөөт цагаараа Богд ууланд гарч цэвэр агаарт алхана. Үе үе сонирхолтой аялал хийх дуртай гэнэ шүү.
Хамаатан садан болон гэр бүлийн хүрээнд найзалж нөхөрлөдөг айлуудаар зочилж, айл хэсэх дуртай. Хүүхдүүд ч айл хэсэхийг сонсоод бүгд л дор дорноо хувцас хунараа өмсөн, бөөн баяр хөөр болдог талаар бидэнд ярьсан юм. “Аавын хоол хамгийн амттай даа” гэж бяцхан хүү Б.Тайшир нь үргэлж хэлнэ. Энэ амьдралын хамгийн том аз жаргал юу хэмээн асуувал гэр бүлийн аз жаргал, үр хүүхдүүдийн минь цангинасан инээд хэмээн хүн бүр хариулах биз ээ. Амралтын өдрөөр аав өөрийн гарын хоолыг хийнэ. Хүүхдүүд ч дуртай. Ааваа нөгөө хоолоо, нөгөө хоолоо хийхгүй юмуу гэсэн хүүхдүүдийн гомдол тасрахгүй. Аавын амттай хоолны жор их энгийн. Шинэ ногоо, жижиглэсэн хавирга, тасалсан гурил. Монгол маягын хоолыг ч сайхан хийнэ дээ гэсэн магтаал тасрахгүй. Гадаад дотоодоор их явна. Явах бүртээ тухайн орныг илтгэсэн ямар нэг зүйлийг авчирна аа. Идээ ундааны дээж болох жижиг жижиг сархад цуглуулдаг гэнэ.
Гэр бүлийн үнэ цэнэ
Эрүүл энх, эв найртай, байвал хамгийн дээд жаргал тэнд оршино. Бие биенээ чин сэтгэлээсээ хүндлэх. Ойлголцож гэмээ нь сайхан гэр бүлийг цогцлоож чадна. Уурлаж бухимдах зүйл гарсан хэдий ч өөрийгөө барьж, хүлээцтэй хандаж гэмээ нь сайхан үр дүн ирнэ шүү дээ. Миний хань бол гайхалтай зөөлөн хүн. Хүний хүнийг хайрлаж гэмээ нь өөрт хайр ирдэг гэдэг. Миний гэр бүл бол хайрлахгүй байхын аргагүй хүмүүс байдаг. Миний хань хайр хишгийн ундарга болсон хүн. Хань маань уурлаж байхыг үзсэнгүй, үргэлж л баяр баяслаар дүүрэн байж чаддаг гайхалтай хүн. Инээд нь сэтгэл зүрхнээс ундран байдаг. Би ханийнхаа хайранд умбаж яваа азтай эр. Үр хүүхдүүд минь эрдэм номд шамдан суралцаж, эцэг эх хавь олондоо ачлалтай хүн болох нь чухал. Энэ бүхэн минь миний амьдрал болоод гэр бүлийн минь үнэ цэнэ болов уу.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
