Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулж байсан газрыг илрүүлж

Хүннүгийн үеийн төмрийн хүдэр хайлуулж байсан газрыг илрүүлжээ

ШУА-ийн Түүх,Археологийн хүрээлэн нь Япон улсын Эхимэ Их сургуультай хамтран “Эртний Монголчуудын үйлдвэрлэлийн түүх” төслийн 2015 оны археологийн малтлага судалгааны үр дүнд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Зүүн Байдлагийн голын хөндий “Хустын булаг”-ийн дурсгалт газраас НТӨ (нийтийн тооллын өмнөх) II зуунаас НТӨ I зууны үеийн буюу Хүннү гүрний үед холбогдох төмрийн хүдэр хайлуулж байсан дурсгалт газрыг Монг ол нутгаас анх удаа илрүүлэн олсон юм.

Одоогоор нийт 5 ширхэг төмрийн хүдэр хайлуулах зуухыг илрүүлээд байгаа бөгөөд эдгээр нь эртний Хан улсын төмрийн хүдэр хайлуулах зуухнаас өөр төрөл хэлбэрийнх ба, гарал үүслийн хувьд өмнөд Сибирь болон Байгал нуурын баруун эрэг орчмын соёлын нөлөөтэй ажээ.

Энэхүү судалгааны нэгэн чухал үр дүн нь одоог хүртэлх Хүннүгийн түүхийн судалгаанд Хүннү нь төмөр боловсруулалтын хувьд Хан улсаас ямар нэг хэмжээгээр хараат байсан буюу тэдэнтэй дайн байлдаан хийж төмөрлөг эд зүйлс олзолж аван түүнийг дахин боловсруулж өөрсдийн хэрэгцээг хангадаг байсан хэмээх онолыг баримтаар няцааж Хүннүчүүд дотоодоо хангах хэмжээний төмрийн хүдэр хайлуулах, түгээх нэгдсэн том үйлдвэрлэлийн системтэй байсныг шинээр гарган ирж байгаа явдал юм.

Уг дурсгал олдсон бүс нутагт Хүннү гүрний үед холбогдох 5 хотын үлдэгдэл байдаг бөгөөд эдгээр хотуудын дунд орших үйлдвэрлэлийн газар нь тухайн хотуудыг болон хүннүгийн зүүн хэсгийг хамаарсан үйлдвэрлэлийн томоохон төв байсныг тодруулсан нь судалгааны бас нэг үр дүн хэмээн үзэж болно. Одоогоор Монгол орноос энэ цаг үед хамаарах төмрийн хүдэр хайлуулах дурсгалт газар Өвөрхангай аймгийн нутаг Хар хорин сум, Сэлэнгэ Аймгийн Мандал сумдын нутгаас нэмж олдоод байна. Цаашид судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж эртний нүүдэлчдийн төрийн түүхэн дэх үйлдвэрлэлийн системийн бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүний хуваарьлалт зэрэг түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэж үлдээгүй түүхийн цагаан хэсгийг тодруулах зорилготой ажиллаж байна.