Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дэлхийн томоохон хотуудын он солигдох мөч...

Дэлхийн томоохон хотуудын он солигдох мөч...

Он солигдох мөчид Нью-Йорк хотын Таймс Сквер гудамжинд 1 сая орчим хүн цугларан, уламжлалт гэрэлт бөмбөлөг унагах ёслолыг үзэж сонирхсон байна. Цугларсан олон он солигдохын өмнөх нэг хормыг хамтдаа тоолон, он солигдох тэрхүү мөчид бие биеэ тэврэн, үнсэлт бэлэглэсэн байна. Энэ үеэр мөн 2016 оны хамгийн анхны дурлалт хосуудыг албан ёсоор тодруулсан бөгөөд Альфредо Хернандез болон Моника Зоралес нар энэхүү азтай хосоор тодорсон байна.

2016 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах Бразилийн Рио Де Жанейро хотын дэлхийд алдартай Копакабана наран шарлагын газарт 2 сая гаруй хүн цугларч он солигдох мөчийг хамтдаа тэмдэглэсэн байна. Рио Де Жанейро хотын зүгээс шинэ жилийн баярт зориулан 24 тонн салютыг бэлтгэсэн байсан бөгөөд он солигдох мөчид явагдсан гайхамшигтай ёслолын буудлага 16 минутын турш үргэлжилжээ.

Их Британий нийслэл Лондон хотын 2016 оныг угтах баярын арга хэмжээ Теймз мөрөн дээр орших Биг Бен цамхаг болон London Eye хэмээх хамгийн том алсыг харагчийн эргэн тойронд явагдаж өнгөрлөө.

Өнгөрөгч онд террорист халдлагад өртөж, маш их гарз хохирол тохиосон Парис хотынхон Елизейн өргөн чөлөөнд шинэ жилийн баяраа угтсан байна. Хотын эрх баригчдын зүгээс шинэ оныг угтах баярын арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй байдлын үүднээс хараа хяналтыг чангатган ажиллаж, хүн бүрийн бичиг баримтыг шалгаж байлаа. Мөн аюйлгүй байдлын үүднээс ёслолын буудлагыг цуцласан тул он солигдох мөчид дэлгэцээр шинэ жилийн баярт зориулан бэлдсэн 5 минутын дүрс бичлэгийг үзүүлсэн байна. Мөн баярын үеэр Франц улсын хэмжээнд нийт 60000 цэрэг, цагдааг бэлэн байдалд гарган ажиллуулснаас 11000 нь Парис хотноо ажиллажээ.

Берлинчууд Бранденбургийн хаалганы өмнөх талбайд шинэ оноо угтсан байна. Баярын уламжлалт ёслолын буудлагын үзэхээр 1 сая орчим хүн цугларсан байна. Энэ үеэр мөн тус улсын Мюнхен хотноо террорист халдлагын аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй талаар цагдаагийн албанаас анхааруулсан тул хараа хяналтыг чангатгаж, хоёр ч галт тэрэгний буудлын хаалгыг барьсан байна.

Монгол улсын мөнхийн хоёр хөршийн шинэ оны баярын арга хэмжээнүүд мөн маш өнгөлөг явагдаж өнгөрлөө. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шинэ жилийн мэндчилгээний дараа Москва хотын төвд орших Кремлийн дээгүүр баярын ёслолын буудлага явагдсан юм. Харин Бээжин хотын шинэ жилийн баярын арга хэмжээ Хориотой хот буюу Эзэн хааны ордны доторх талбайд явагдсан байна. Баярын арга хэмжээний үеэр ёслолын буудлагаас гадна мөн урлаг, соёлын олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан байна.

Японы нийслэл Токио хотын Принс Парк Тауер хэмээх барилгын өмнөх талбайд хотын оршин суугчид цугларан, он солигдох мөчид олон мянган бөмбөлгийг агаарт хөөргөсөн байна.