Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: "Хувь хүний хөгжлийн институт"-ын лекто

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: "Хувь хүний хөгжлийн институт"-ын лектор, сургагч багш Ш.Амартүвшин

“Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” хэмээн бодож явдаг. Өдгөө гучин гурван настай. Нас хэдий залуу ч аж байдал, амьдрал ахуйгаа төвхнүүлсэн авааль гэргийнхээ өмөг түшиг, таван сайхан хүүхдийнхээ халамжит эцэг, өнөр өтгөн гэр бүлийнхээ өрхийн тэргүүн юм. Залуу насны халуун аз жаргалыг өнөр өтгөн гэр бүлээрээ амталж яваа ийм нэгэн айлд бид зочиллоо.Сайханд нь биш, зөвд нь тэмүүүлж амьдарцгаая

Шаравдоржийн Амартүвшин. Монгол Улсын хоёрдугаар их хот, улсын аж үйлдвэрийн томоохон төв болох Эрдэнэт хотод 1980 оны 9-р сарын 15-нд мэндэлжээ. Түүний эцгийг Шаравдорж гэнэ. Хэнтий аймаг Батширээт сумын уугуул хүн юм. Шаравдорж гуай түмэн олны нялх балчир үрсийг эрдэм номын ариун үйлсэд хөтөлдөг “багш” хэмээн эрхэм цолтой, ариун үйлстэй нэгэн байсан. Түүний ижийг Нүрзэдмаа гэнэ. Эрдэнэтийн үйлдвэрт насаараа хөдөлмөрлөж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд иргэн хүнийхээ хувь нэмрийг өргөсөн шудрага нэгэн. Өдгөө өндөр насныхаа тэтгэвэрт гарчихаад үр хүүхдийнхээ сайн сайхан явааг харж жарган суугаа сайхан хөгшин бий. Амартүвшиний эцэг эхийн хэн хэн нь аливаа ажлыг хар бор хэмээн ялгалгүй зүтгэдэг шаргуу хөдөлмөрч зантай хүмүүс ажээ. Гэвч тэд хэдэн хүүхдүүдээ хүний зэрэгтээ хүн болгож өсгөн торниулахыг хойш тавьж алгууралгүй эрдэм боловсролтой иргэдийг эх орондоо бэлтгэн өгсөн юм. Тэд хогшлоос илүү, ном эрдмийг дээдэлдэг хүмүүс гэнэ. Эмэгтэй хүүхэд ээж шигээ, эрэгтэй хүүхэд аав шигээ хүн болохыг мөрөөдөж явдаг. Тиймээс ч Амартүвшин эцгийнхээ олон талын авьяас, бусадтай нийцтэй харилцах чадвар, гайхалтай зан чанарыг эрхэм дээдэлж, даган дуйрайж ирсэн гэнэ. Амартүвшин эхээс зургуулаа бөгөөд хоёр ах, гурван эгчтэй. Өнөр өтгөн гэр бүлийн отгон хүү юмсанж. Аав, Ээж хоёр минь…

Тэрээр бага сургуулиа Эрдэнэт хотын Дөрөвдүгээр арван жилийг 1987 онд дүүргэсэн. Хүүхэд байхаасаа л үеийн нөхдүүдтэй найрсаг, эвтэй харилцаатай, хамт олны дунд хүмүүжил сайтай жаал байв. Математик, монгол хэлний хичээлд төдийлөн сайнгүй байсан хэдий ч англи хэл, уран зураг, дуу хөгжмийн хичээлдээ хамт олноо түүчээлэн суралцдаг. Багш нар ч ам сайтай. Түүнийг ажихад их л сэргэлэн, аливаа зүйлд эвтэй байрын болов уу хэмээн таамаглаж байсан минь лав бололтой. Тэрээр хичээлийн хажуугаар лимбэ, төгөлдөр хуур, саксфон хөгжмийг өөрийн сонирхлоор тоглож сурчээ. Сурагч байх үе минь…

Орчин цагт хүн бүхэн л ямар нэгэн их, дээд сургууль суралцсан болж, бас төгссөн болж диплом горилох болжээ. Харин Ш.Амартүвшин тэс өөр бодолтой. Тэрээр бүрэн дунд боловсролтой нэгэн. Амьдралын туршлага, өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараар бусадтай өрсөлдөн, заавал мэргэжлийн дипломтой байж гэмээ нь сайхан амьдрах юм шиг буруу ойлголтыг халсан гэлтэй. Түүний ажилч хичээнгүй, гярхай, хөдөлмөрч зан өдий зэрэгтээ хүргэсэн болов уу? Одоогоор “Хувь хүний хөгжлийн институт”-д лектор, сургагч багшаар ажиллаж, гэр бүлийн сэтгэл судлалын чиглэлээр ажиллаж яваа энгийн л нэг залуу. Сайн байна уу ? Амьдрал минь…

Залуу хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй, тэрээр өөрийн гэсэн хувийн бизнес эрхэлдэг. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болох чацаргана тариалдаг юм. Тэрээр “Чацаргана бол хоёр гэрт ургамал юм. Өөрөөр хэлбэл, нэг модонд зөвхөн эм нахиа, нөгөөд зөвхөн эр нахиа байдаг. Чацарганы эр ургамал нь залуу үедээ эм ургамалтайгаа төстэй харагдана. Харин жимсээ өгөх үед нь тэднийг амархан ялгаж болно. Эм ургамлын нахиа арай нарийхан, уртавтар, голдуу хоёр хайрсаар хучигдсан байдаг бол эр ургамлынх нь арай том салаалсан булцуутай, дугуйвтар, хэд хэдэн хайрсаар хучигдсан булцуутай байна” гээд л их зүйл ярина. Ш.Амартүвшин зүгээр суунаа л гэж байхгүй. Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьж байгаа гэнэ. Аргагүй л сүүхээтэй гэр бүл гэдэг энэ байх. Мөнхбаатар овогтой Пүрэвжаргал 1980 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. М.Пүрэвжаргал эхээс арваннэгүүлээ. Долоон ах, гурван эгчтэй, айлын отгон хэнз охин. Хэнз гээд эрх дураараа, тоглож наадахаа урьтал болгож байгаагүй хар багын л хэрсүү нэгэн гэдгийг таних хүмүүс нь мэдэх юм билээ. Эцэг эх, ах эгч нартаа туслан, гэрээ цэвэрлэж, хоол хийнэ. Тэр жирийн амьдралын ийм л нэгэн охин байжээ. “Миний хадам аав ажилч, хичээнгүй, их нямбай хүн дээ. Тиймдээ ч хань М.Пүрэвжаргал минь аавынхаа сайхан чанарыг дуурайсан шиг байгаа юм. Нямбай, ажилсаг бүсгүй шүү” хэмээн ханиа магтаж гарна даа. М.Пүрэвжаргал англи хэлний багш мэргэжилтэй. Амьдралын ханиа олсон, азтай эр хүн…

Та ханийнхаа ямар зан чанарт илүү татагдсан вэ? хэмээн асуухад тэрээр хариулахдаа “Миний хань царайлаг, мөн бие даасан ажилсаг байдал нь таалагдсан. Бас нэг зүйл нь таалагдсан юм байна. Гар, хумс нь… /инээв/. Харин эхнэрт: Миний амьдарлын төлөө явж байгаа, ажиллаж байгаа, гоё хоол хийдэг, халамжтай байгаа нь таалагдсан гэсэн” гэж энгийн хэрнээ үнэн хариуг өгсөн юм. Гэр бүлийн хоёр 1999 онд анх танилцаж, гал голомтоо бадраасан юм. Өдгөө таван хүүхдийн эцэг, эх болон жаргаж байгаа залуусыг харах тусам л жаргал мэдрэгдэх шиг. Тэрээр “Би ер нь их баян хүн. Манайх таван хүүхэдтэй. Том хүү Бямбацогт 10 настай. Үнэхээр авьяастай. 23-р сургуулийн хятад хэлний 5-р ангид суралцдаг. Хөлбөмбөгийн “ХАД” клубт хичээллэдэг. Ирээдүйд мундаг тамирчин болох сонирхолтой, хөлбөмбөгийг надаас сайн тоглодог. Удаах хүү Төгөлдөр найман настай. Ахтайгаа нэг сургуульд 3-р ангид сурдаг. Ээжийнхээ зан байдлыг дуурайсан мундаг хүү дээ. Гэр орноо эмхэлж цэгцлэх, миний багаж, эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг ажилтай. Гэртээ ирээд хийх ёстой мартсан ажлыг минь сануулдаг шүү. Манайх Гэрэл гэдэг таван настай ганц охинтой. Kингс Кидс англи хэлний сургуульд энэ жил элсэн орсон. Балетын сургуульд давхар явдаг. Манай гэрийн Гэрэл болсон хөөрхөн гүнж дээ. Хоёр бага нь хоёулаа хүү. Гурван настай Давид, хоёр настай Түвшинжаргал. Бага хөвгүүд цэцэрлэгт явж байгаа. Давид, Төгөлдөртэй зан аашны хувьд төстэй. Хамгийн бага хүү маань “Атаман” шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт уулчин найзтайгаа, мөн хоёр том хүүтэйгээ 50 м өндөр хаднаас буулт хийлээ. Маш хариуцлагтай, сонирхолтой байсан. Айдсаа хамт давж хүүхдүүдтэйгээ найзлах үнэхээр сайхан байлаа” хэмээн гэр бүлийнхээ гүшүүдийг танилцууллаа.

Тэдний гэр бүл хүүхдүүдийн чимээ шуугианаар тасарнаа л гэж байхгүй юм. Амралт чөлөөт цагаараа агаар салхинд гарч цэвэр агаар амьсгална. Сонирхолтой аялал хийх дуртай гэнэ шүү. Хамаатан садан болон гэр бүлийн хүрээнд найзалж нөхөрлөдөг айлуудаар зочилж, айл хэсэх дуртай. Хүүхдүүд ч айл хэсэхийг сонсоод бүгд л дор дорноо хувцас хунараа өмсөн, бөөн баяр хөөр болдог талаар бидэнд ярьсан юм. “Ээжийн хоол хамгийн амттай даа” гэж бяцхан охин Гэрэл нь үргэлж хэлнэ. Энэ амьдралын хамгийн том аз жаргал юу хэмээн асуувал гэр бүлийн аз жаргал, үр хүүхдүүдийн минь цангинасан инээд хэмээн хүн бүр хариулах биз ээ. Ёстой л гэр бүлийн аз жаргал гэж энэ дээ хэмээн атаархах хүсэл төрж байснаа нуух юун. “Хүүхдүүдээ цөмийг нь усанд оруулж аваад, газар том ор засчихаад хамт кино үзэх ямар сайхан гээч” хэмээн тэрээр нүүр дүүрэн баясалтай хэлж харагдлаа.Амралт, чөлөөт цаг…

Тэрээр үнэт чулуу сонирхдог хоббитой болсон гэнэ. Одоогоор хоёр янзын хөөрөг цуглуулганд нь байгаа. Дөнгөж эхэлж байгаа ч удахгүй арвижиж, цуглуулгын хэмжээнд хүргэх бодолтойгоо хуваалцлаа. Гэр бүлийн үнэ цэнэ гэрийн эзэн Ш.Амартүшвин өгүүлэв…

Бид үр хүүхэддээ өв хөрөнгө өвлүүлэх үүрэгтэй. Гэвч энэ зүйлээс илүү үнэт өв байна. Энэ бол зөв, эрүүл, шударга амьдралын хэв маяг юм. М.Пүрэвжаргалтай ханилснаар миний амьдралд жаргалтай мөч олон тохиолдсон.

Миний хувьд уучлал! Үзэн ядахаас илүү хүчтэй. Би маш олон удаа алдсан. Харин эхнэр минь уучлаагүй бол энэ амьдрал үргэлжлэх боломжгүй байсан. Сайханд нь биш, зөвд нь тэмүүлж амьдарцгаая! Гэр бүлийн үнэ цэнэ гэргий М.Пүрэвжаргал өгүүлэв…

Шийдвэр маш чухал юм. Анхны гэсэн тодотголтой юм бүхэн, анхны мэдрэмжээрээ байдаггүй. Харин шийдвэр биднийг төлөвшүүлдэг. Хайр, хайрлах сэтгэл бол ерөөсөө л оновчтой шийдвэр юм. Анхны хайр хөрөх үед зугтаах биш шийдвэр дээрээ баттай зогс. Түүний дараа нь насан туршын хайр ирнэ. Хамгийн гол нь бие биеэ харилцан ойлгон хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг байх хэрэгтэй. Хүндэтгэж гэмээ нь талархал хайрын сэтгэл төрнө шүү дээ.