Зураачдын хамтарсан үзэсгэлэн гарчээ
Залуу, дунд болон ахмад үеийн төлөөлөл багтсан зураачдын хамтарсан үзэсгэлэн Blue Moon Арт галерейд нээгдлээ. Арванхоёрдугаар сарын 28-аас 2016 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Blue Moon Арт галерейн Гишүүн уран бүтээлчид шинэ бүтээлүүдээ дэлгэн тавих юм.
Уран бүтээлч болгон өөрсдийн өнгө төрх, арга барил, санаа шиидлүүдийг агуулсан байдаг бөгөөд уран баримал, уран зураг, график зураг, усан будаг, сийлбэр гэх мэт олон төрлийн арга ажиллагаагаар хийсэн бүтээлүүдийг уг үзэсгэлэнгээс үзэх боломжтой.
Мөн уг үзэсгэлэнгээс тухайн жилийн Шилдэг Гишүүн уран бүтээлчийг шалгаруулан ирэх онд Франц улсын Парис хотноо бүтэн сарын турш бүтээлээ хийн, үзэсгэлэнгээ гаргах эрхээр шагнадаг юм байна. Уг эрхийг галерейн гишүүн зураач Д.Ганболд авч 2016 онд Парис хотноо бүтээлээ туурвин, үзэсгэлэнгээ гаргахаар боллоо.
Blue Moon Арт галерей нь 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн уран бүтээлчидтэй хамран ажиллаж, тэдгээрийг дэмжсээр иржээ. Жил бүр Гишүүн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг он дамнуулан зохион байгуулдаг уламжлалтай. Нийт 50 орчим гишүүн уран бүтээлчидтэй бөгөөд уг үзэсгэлэнд гишүүд шинэ бүтээлүүдээ дэлгэдэг онцлогтой.
