ХООЛНЫ ЖОР: Амтат гоймонтой хуурга хэрхэн хйих вэ?
Гоймонтой хуурга дотроо олон төрөл янз. Улс үндэстнүүд өөрсдийн хооллох хэв маягтаа тохируулан янз бүрээр баяжуулан хийдэг түгээмэл хоол юм. Тэгвэл энэ удаа Хятад маягаар хийсэн гоймонтой хуургыг танд санал болгож байна.
Энэхүү хоолны орцод гүнждийн тос багтсан байгаа төдийгүй уг тос нь бидний хоол хүнсний хэрэглээнд түлхүү ашиглагдах болоод удаж буй. Тэгвэл энэхүү тос нь бидний биед ямар ач тустай юм бол, ер нь ач тус бий юм болов уу? Уг тосыг гүнждийн үрээс гаргаж авсан нэг төрлийн ургамлын тос юм. Гэхдээ бусад ургамлын тосыг бодвол хүний эрүүл мэндэд илүү ач тустай гэдгийг эрдэмтэн судлаачид хэдийн тогтоожээ. Тиймээс эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хэн бүхэн энэхүү тосыг сонгон хэрэглэх нь илүү тустай. 1 унц буюу 28 гр гүнждийн тосонд 35% манган, 28% кальци, 23% төмөр, 25% магни болон 11% В6 амин дэм, 18 % фосфор зэрэг маш олон төрлийн эрдэс бодис, амин дэм агуулагддаг байна. Тиймээс тэр хэмжээгээр хүний эрүүл мэндэд сайн учраас үүнийг хэрэглээндээ илүү хэрэглэхийг зөвлөж байна.
Бэлтгэх хугацаа : 20 мин
250 гр шпагетти гоймон
1 ц/х гүнждийн тос
¼ аяга буцалсан ус
1 х/х үхрийн мах амтлагч
3 х/х сой соус
2 х/х бор элсэн чихэр
500 гр үхрийн мах
2 аяга цэцэгт байцаа
1 ш бөөрөнхий сонгино
Гоймонгоо чанаж болгоод хүйтэн усанд сайтар шүүсний дараа багахан хэмжээний гүнждийн тос хийгээд холино.
Буцалсан халуун усан дээрээ үхрийн мах амтлагчаа хийгээд дээр нь бор элсэн чихрээ хийн уустал нь сайтар хутгана. Үүн дээрээ сой соусаа хийгээд хутгана.
Хайруулын тавганд үхрийн махаа бүхлээр нь шарах бөгөөд ингэхдээ хоёр талаар нь эргүүлж шаргалттал нь шарна. Болсон махаа таваглан хөргөсний дараа хуруу шиг урт нарийн хэрчиж бэлтгэнэ.
Жижиглэж хэрчсэн үхрийн махаа дахин бага зэрэг шарах бөгөөд дээр нь бэлтгэсэн соусаа хийн минут хэртэй зөөлөн гал дээр байлгана.
Лууван, сонгино, саримс, цэцэгт байцаа зэргээ хэрчиж бэлтгэнэ. Үхрийн махаа соусласан хайруулын тавгаа угаалгүйгээр сонгиноо хийгээд бага зэрэг хуурна. Үүнийгээ гал дээрээс аваад хайруулын тавгаа угааж цэвэрлээд бага хэмжээний ургамлын тос хийн халаана. Үүн дээр цэцэгт байцаа, лууван зэргээ хийгээд зөөлөртөл нь 3-5 минут хэртэй хуурна. Үүн дээрээ саримсаа хийгээд бага зэрэг хуураад гал дээрээс авна.
Ингээд хуурч бэлтгэсэн ногоо, соусласан үхрийн мах болон гоймонгоо нэг саванд бүгдийг нь хийгээд сайтар холино.
Ингээд нэг төрлийн гоймонтой хуурга бэлэн болно. Тавтай сайхан зооглоорой.
