Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ЗӨВЛӨГӨӨ: Охиноо гангалах уу?

ЗӨВЛӨГӨӨ: Охиноо гангалах уу?

Ээжүүд охидоо гангалах дуртай. Бяцхан охид маань ч гэсэн байгалиас заяасан аальгүй, өөрсдийгөө гүнж мэт төсөөлж, гоёж гангалах хачин их дуртай. Тэгвэл шинэ жилийн баяр хаяанд тулж ирсэн энэ үед бяцхан охиндоо өөрийн гараар тютю юбка урлаж өгвөл ямар вэ? Яг л балетчин шиг... Охин тань балетад явахаар зэхэж буй бол үүнийг өмсүүлээд явуулчхаж ч болно. Хийх дараалал маш амархан учир дагаад хийгээрэй, ээжүүдээ!

Охиныхоо бүсэлхийд тааруулан бүдүүн резинээ хайчлан бэлтгэх бөгөөд ингэхдээ хэт барихгүй, мөн шувтрахгүй байх дүрмийг баримтална. Ингээд резиний хоёр ирмэгийг нийлүүлэн бэхлэн оёно.

Хормойны уртын хэмжээг гаргана. Уг хэмжээг хоёроор үржүүлэн гарсан см бүхий хэмжээгээр торон материалаа хайчилж бэлтгэнэ. Торон материалын өргөний хэмжээ 50 см-аас ихгүй байх хэрэгтэй.

Хормой хийхэд олон ширхэг хайчилж бэлтгэсэн торон материал байх шаардлагатай.

Бэлтгэсэн торныхоо яг гол хэсгийг резинтэйгээ холбох бөгөөд энэ үйлдэлд зүү утас хэрэггүй, шууд хооронд нь уяад л гүйцээ.

Бусад тороо ч гэсэн мөн адил резинтэйгээ холбоно.

Бүх тороо резинтэйгээ холбоход хормойн хэсэг дүүрч, тютю бэлэн болно.

Тютю юбкаа эргүүлэн харуулж, нэг үзүүрт нь туузаа уяна. Ингээд л охиноо гангалахад бэлэн боллоо.