Хамгийн богино өдөр,урт шөнө тохиож байна
Жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн хамгийн богино өдөр болон урт шөнө тохиодог. Энэхүү үзэгдэл ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт илүү ажиглагддаг байна. Учир нь дэлхий хойд хэсэг рүүгээ энэ үед хамгийн их хазайсан байдаг учир нарны тусгал энэ хэсэгт өдөртөө хамгийн бага очиж тусдаг байна. Вашингтон Пост сонины мягмар гаригийн дугаарт нийтэлснээр энэхүү үзэгдэл өчигдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр АНУ-д эхэлсэн гэжээ. Тухайлбал тус улсын нийслэл Вашингтон хотноо 21-ний өдөр ердөө 9 цаг 26 минут нартай байсан байна. Цагийн бүсийн ялгаанаас хамааран Африк, Ази, Европт энэхүү үзэгдэл өнөөдөр буюу мягмар гаригт тохиож, үзэгдэх юм байна. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст жилийн хамгийн богино өдөр, урт шөнө болдог үзэгдэл 12 дугаар сарын 21-ний өдөр түрүүлж тохиодог талаар АНУ-ын Үндэсний сансар судлалын байгууллага буюу НАСА мэдээлсэн байна. Мөн олон тэрбум жилийн өмнө дэлхий сансрын асар том биеттэй мөргөлдсөний улмаас одоогийн энэхүү 23,5 хэмээр хазайсан байрлалдаа тогтож байсан талаар НАСА болон Америкийн Үндэсний Далай болон Агаар мандал судлалын байгууллагуудын хамтарсан вебсайтад мэдээлсэн байна. Өнөөдөр хэдийгээр хамгийн жилийн хамгийн урт шөнө болдог боловч энэ нь оны хамгийн хүйтэн цаг үе тохиож байна гэсэн үг биш юм. Цаг агаарын олон жилийн статистик тоо баримтын харьцуулсан судалгаан дээр суурилан жилийн хамгийн хүйтэн үе нэгдүгээр сард тохиодог болохыг эрдэмтэд баталжээ. Богино өдөр, урт шөнө болдог энэхүү үзэгдлийг хүн төрөлхтөн олон мянган жилийн өмнөөс ажиглаж иржээ Хүн төрөлхтөн жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог энэхүү үзэгдлийг олон мянган жилийн өмнөөс ажиглаж ирсэн байна. Эртний маяачууд одоогийн Мексик улсын нийслэл хот болох Мехико буюу тухайн үеийн Тулум хэмээх хотноо өвөл болон зуны нар буцах үзэгдлийг тохиож байгааг мэдэгдэх тусгай төхөөрөмжийг бүтээж байсан байна. Эртний Ромд энэхүү өдрийг Брумалиа хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан байна. Германы газар нутгаас олдсон 7000 жилийн өмнөх Госекийн цагираг хэмээх төхөөрөмж нь мөн адил өвөл болон зуны улирлын өдөр, шөнийн урт богины хэмжээг яг заадаг байсан байна. Энэхүү өдрийг мөн дэлхийн улс орон бүрт олон янзаар нэрлэхээс гадна уламжлалт баяр, тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн уламжлал тогтжээ. Жишээлбэл христийн шашинтай барууны улс орны ард түмэн хамгийн урт шөнө болдог энэхүү өдрийг Blue Christmas буюу Цэнхэр Зул Сар хэмээн нэрийдэн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Орос, Беларусь, Болгар, Унгар, Румын гэх мэт зүүн Европын улс орнууд буюу славян үндэстнүүдийн хувьд энэхүү өдөр Карачун хэмээх зул сарын баярыг тэмдэглэдэг байна. Латин Америкийн зуни үндэстнүүд энэ өдрийг шалако хэмээн нэрийддэг бол Иран улсад Ялда гэсэн ерөнхий нэрийн доор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харин манай урд хөрш Хятад улсад энэхүү өдрийг Донгзы Баярын өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Энэхүү баярыг анх сансар огторгуйн инь-янь барилдлага хэмээн бэлгэдэж тэмдэглэж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү өдрөөс хойш өдөр уртасч, нарны гэрэл удаан туссанаар эерэг энерги урсч ирдэг гэж бэлгэшээдэг байна.
