Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Төрийн шагналт, АУЗ Ш.Сүрэнжавын "Багш" найраглал зохиогдсон

Төрийн шагналт, АУЗ Ш.Сүрэнжавын "Багш" найраглал зохиогдсоны 30 жилийн ой тохиож байна

Ерийн малчны хотноос, Ертөнцийн дэвжээнд гаргасан, Ерхөг найгасан талаас, Есөн гаригт хүргэсэн, Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм, Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм. Уншихад энгийн, ухаарахад гүн гүнзгий түүний зохиол бүтээл, намтар хувь заяа, түүний аз жаргалтай гэр бүлийн ертөнц уншигч таныг өөрийн эрхгүй хөтлөх бизээ. Яруу найргийн дотоод увидас, уянгын сэрэл, цахилгаан мэт гялсхийсэн бодол, тэнгэрлэг онгодтой нь уялдаатайг жаахан ч гэсэн олж мэдэрснээ эрхэм тантай хуваалцах хүсэл минь яарч байна.

ХХ зууны Монголын уран зохиолын ноён оргилуудын нэг Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав 1938 оны Туулай жилийн хавар Төв аймгийн Авдарбаян сумын нутагт, Цант гэдэг газар малчны гэрт төржээ. Түүний эцэг Шарав. Багынх нь хочоор Жонжин Шарав гэж дуудна. Жонжиж шогшиж явдаг учраас тэгэж нэрлэсэн хэрэг. Тэрний нь бяцхан хүү жанжин гэсэн үгээр ухаарч явжээ. Тэр цагийн заншлаар зургаан жилийн хугацаатай цэрэгт морьдож, 1945 оны чөлөөлөх дайнд яваад “Бид ялав” медальтай ирээд хотод шингэсэн аж. Ээж Тогоожав Баюул хочтой Н.Батцэндтэй ханилан сууж, түүнийг таван настайд Батцэндийн Пүрэвсүх, Лхагвасүх, Хишигсүх нарыг төрүүлсэн билээ. Ер нь хүнээс эцэстээ зураг л үлддэг бололтой. Эцгийн хайрыг төдийлөн амсаж чадаагүй ч эхийн хайранд умбаж өссөн тухай хүүрнэсэн юм. Түүний бага нас мал дээр өнгөрч, 1974 онд сумынхаа бага сургуульд орж, 1951 онд төгсжээ. Хүүхэд байх үеэсээ ном зохиол шимтэн унших дуртай харин тооны хичээлд маруухан байсан гэнэ.ХХ зууны Монголын уран зохиолын ноён оргилуудын нэг

“” /Ш.Сүрэнжав, 1950 он/ хэмээн гуравдугаар ангидаа “Сүүдэр” анхны шүлгээ бичиж байжээ. Нэг насны минь арвигүй сүүдэр Нэхий өлгийд зэрэгцэн нойрсож Ээжийн бүүвэйг хамт чагнан Эрхийн чинээ байхаас дагасан юм Арван насны минь атигархан сүүдэр А-гийн ацгийг хамт таталцаж Самбарын өмнө надтай хамт Шалгуулах гээд зогсдог байсан юм

Самбарын өмнө багшдаа шалгуулах гээд зогсож байсан арваад настай атигархан хүү, тавь гаруй жилийн дараа төр, түмнийхээ өмнө нэгэнт шалгагдаад ард, төр хоёроороо овоглосон нэрт яруу найрагч болжээ. Монгол ардын үлгэрт гардагаар “Эрхийн чинээ биетэй, эр хонгор дуутай”-гаа мэдрүүлэх, өндөрлөг шатны анхны гишгүүр нь энэ шүлэг байж болмоор. Ингээд бодохнээ ирээдүйн нэрт яруу найрагчийн авъяас их холоос гэрэлтсэн байжээ гэж бодогдоно. Энэ насанд хүн бүхэн шүлэг бичихийг мөрөөддөг боловч дээрх шиг ийм урнаар хэлсэн нь ховор биз ээ. Сургуульд явахын төлөө зүтгэсэн он жилүүд түүнийг 1958 онтой золгуулав. Яг л үүрнээсээ нисэх гэсэн шувуу мэт яарч, тэмүүлж байсан хэдий ч, сургуулиасаа холдохын мөчид сэтгэл нь хоргодож, догдлон бодсоор… гэсэн дуу бичсэн нь өнөө цагийн хүүхэд залуус, үе үеийн төгсөгчдийн дунд дуулагдсаар. Униар татсан хаврын үдэш Урьхан салхи шивнэхдээ Удалгүй сургуулиа төгсөх бидний Уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ Угтах зам минь хаагуур зурайна вэ

Баяр баясгалан, хүсэл мөрөөдөл долгилсон он жилүүд

Оройн нарны туяа үүлэн дээр тусч, алтан Москва хотыг зорилоо. 1979-1981 оныг хүртэл А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд дамжаанд суралцжээ. “Горькийн сургууль” гэдэг нэр тэр цагт тэнгэрт байсан. Одоо ч өндөрт хэвээрээ. Түүний багын мөрөөдөл бол алтан Москва. Олон шүлэг найраглалдаа, Москвагийн тухай, орос хүний өгөөмөр нандин чанарын тухай сэтгэл догдлом дүрслэн үзүүлсэн нь бий. Ш.Сүрэнжавын уран бүтээлд найраглал чухал байр эзэлнэ. Найраглалын хөгжилд оруулсан хувь нэмрийг “Оюутан,” “Жүжигчин”, “Дайн”, “Ерэн баатрын дууль”, “Гар”, “Багш” гэх мэт бүтээлээс нь нэрлэхэд л мэдэж болно. Яруу найрагч Ш.Сүрэнжав гэхээр л уншигчдын санаанд юуны өмнө “Ерэн баатрын дууль” орж ирдэг. Энэ найраглал нь түүний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Энгийн үгээр гүн санааг хурц тод илэрхийлж бичдэг цэгцтэй найрагч. Тэрээр хөгжим баривал дуучин, клубт очвол жүжигчин, багт гарвал ухуулагч, байшин баривал инженер.

“Хүн болгон өөрийнхөө ээжийг энэ ертөнцийн хамгийн эрхэм, сайхан хүн гэж бодон, сүслэн хайрлаж явдаг. Миний ээж онцгой сайхан сэтгэлтэй, эрхэм сайн зан чанартай хүн. Хүний мөс муудсан өнөө цагт, ээжээсээ тэр ер бусын чанарыг нь улам их мэдэрч заримдаа бүр гайхах сэтгэл төрдөг гээч. Тэгж хувирдаггүй сайхан сэтгэлийг нь хэн гээчийн бурхан ээжид минь хайрлачихсан юм бол? Тэнгэр бүрхэх шиг уйтгарлаж, толгой гудайлган явах өдрүүдэд ээжийн минь хатуухан хэрнээ ихийг бодуулах үгс намайг авардаг” хэмээж эцэг эх хоёроо бурхан мэт шүтэн амьдардаг том охин С.Хишигсүрэнгийн бодлоос ийн хуваалцсан юм. Үр хүүхэд бол хайр сэтгэлийн ариун гагнаас юм. Цэндээ-дээ /1962 он/ ээлхэн дуугий чинь хөгжим гэвэл гшгэнд нь уярсан нь билээ. айртай сэтгэлийг чинь нар гэвэл улаацаж жаргасан нь би билээ. рэвгэр нүдийг чинь цэцэг гэвэл ргэлдэх эрвээхэй нь би билээ.Л.Цэнд бол Налгар намар шиг л хүүхэн… Ц Э Н Д Э Э

Гэргийн Л.Цэнд Төв аймгийн Угтаал цайдамын уугуул. Лувсангомбийн дөрөвдүгээр охин юм. 1958 онд Улаанбаатар хотод анх хөл тавьж улмаар Анагаах Ухааны их сургуулийг хүний бага эмч мэргэжлээр 1962 онд дүүргэснээс хойш насаараа яслын эрхлэгчээр ажиллажээ. Харахад энгийн л нэгэн. Хэний ч нүдэнд дотно дулаан, намбалаг, үг цөөнтэй юмуу гэмээр харагдана. Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу нийлүүлээд өдгөө 53 жил болжээ. “Цаг хугацаа биднээс асуулгүй дэндүү хурдан явчихсан байна шүү” гэж Л.Цэнд эгч даруухнаар инээмсэглэж суух юм. “Хүний сайн хань, үр хүүхдүүддээ халамжтай, ах дүү амраг садандаа ээлтэй, ажилч хичээнгүй дэндүү сайхан эмэгтэй дээ” гэх хүмүүсийн сайшаал тасрахгүй юм билээ. Зарим нь Цэндээгээс өөр хүн байсан бол Сүрэнжав өдийд энэ зэрэгтэй явахгүй л дээ гэлцэнэ. Өтлөх тусмаа улам намбажиж, ухаан нь цэгцрэн ач гучаараа хүрээлүүлж яваа эгэл эмэгтэй, энэ айлын гэрэл гэгээ, хань нөхрийнхөө уран бүтээлийн онгодын цалгиа гэж эргэлзэх юмгүй өгүүлмээр байна. 1959 онд оюутан ахуй үедээ танилцсан хос Засгийн газрын ордны талбайн өмнөх цэцэрлэгт болзож, агуу хайрын түүхээ эхлүүлжээ. Ном зохиолын баатрууд шиг сэтгэлээсээ дурлаж, хайр сэтгэлийг мөрөөддөг байсан үе юм.

Шар дээлтэй, гяраг бүстэй Шаг хийсэн бор охин Өмнөх модноос гараад ирэх нь Өөдөөс нар ургах шиг болж билээ Хажуугийн олноос чи бишүүрхэн Хамаагүй юм шиг зөрөөд явахад нь Цээжин дотроо зүрх булгилаж Цэндээ гэж нэрээр чинь дуудаж билээ Ай даа юу ч гэх вэ дээ ёстой Арван сарын тэр үдшийг Амьдрал намайг азаар шагнаж Алтан сарнай зүүлгэж билээ. / Хайрт хань Цэндээд зориулав /

Угаас номын хорхойтон гэр бүл юм. Ном, өдөр тутмын сонинг цаг алдалгүй захиалж уншина. Тэр дунд нь TV ZONE сэтгүүл харагдаж байсныг нуугаад яахав. Уран зохиолын шинэ номыг олдсон цагт нь эргүүлж суудаг. Энд тэндхийн концерт, наадамд урих хүмүүс ч их гэсэн. Хоёр хөгшин маань гэрийн ажлаа хамтарч хийнэ. “Шөл, гурилтай хоолыг ч сайхан хийдэг” хэмээн Цэнд эгч ханиа магтаж гарна даа. Сүрэнжав гуай гадаад дотоодоор их явж, галуу шувууны мах идсэн хүн. Гадагшаа явах бүртээ л өөрийн сонирхлыг татсан содон зүйл авчирна. Түүний цуглуулганд сайн сайхны бэлгэдэл заан болон арслангийн сувинер их. Бурхан шүтдэггүй монгол хүн гэж байдаггүй гэдэг. Бурхан тахилд нь голцуу дарь эх бурхан харагдана.Амралт чөлөөт цаг…

Хамгийн гол нь бие биеэ харилцан ойлгож, ажил мэргэжлийг нь хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг байх нь чухал. Хүндэтгэж гэмээ нь талархал хайрын сэтгэл үүсдэг шүү дээ. Цэндтэй ханилан суугаад дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон. Тиймээс дөрвийн хувь заяаг итэрдэг. Дөрвөн уул, нэг голын дунд улсын маань нийслэл тулж, дөрвөн зүг найман зовхист сүсэглэн биширдэг дээ. Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ гэж. Бусдад урмын үг харамгүй хэлэх хичнээн сайхан гээч. Том шагналаас ч илүү юм. Гэр бүлийн үнэ цэнэ нь үр хүүхэд. Үр хүүхэд бол хайр сэтгэлийн гагнаас гэж хэлмээр санагдана. Сүрэнжавтай ханилснаар миний амьдралд жаргалтай мөч олон тохиолдсон. Түүнийгээ хүндэтгэхийн хэрээр хань минь намайг хүндэтгэдэг. Сүүлийн хориод жилд бичсэн бүх зохиолынх нь анхны уншигч би байлаа. Санасан бодсоноо ч ханьдаа чөлөөтэй хэлчихдэг. Олон ч найраглалыг би машиндаж /хянаж/ өгсөн дөө. Архи дарсыг нэг үе зохиолчид цөмөөрөө хүртдэг байв. Сүрэнжав ч мөн адил. Харин 1990 онд Далай лам багштай уулзаж ирээд л амсахаа больсон. Эд чинь сонин ааш араншинтай, баярлаж, гомдох нь амархан улс. Гоо сайхныг мэдрэх талаараа бусдаас онцгой. Сайхан юмыг мэдрээд, сайхан бүсгүйд шүлгээ зориулж бичсэнийх нь төлөө эмзэглэх л юм бол найрагчийн гэргий байна гэж санасны ч хэрэггүй. Миний хань үгийг маш хүчтэй мэдэрч, эмзэглэдэг. Эгзэгтэй үед хамаагүй үгийг түүнд хэлж болохгүй. Хэдийд нь магтаж, хэдийд нь загнахаа мэдэж байж л ойлголцоно. Манай хүн хэнээс ч эмээхгүй янзтай мөртлөө, надаас бол заримдаа дальдчина шүү. Энэ нь хүндэтгэх хайрлах сэтгэлийн илрэл гэж боддог. Ханийнхаа хийсэн бүтээсэн зүйлийг мэдэж, хамгийн дотно туслагч нь байж, бие биенээ хүндэтгэснээр л гэр бүлийн аз жаргал бэхжинэ. Бидний босгосон амьдралд үнэ цэнэгүй хором мөч гэж байхгүй.Гэр бүлийн үнэ цэнэ /Ш.Сүрэнжав өгүүлэв/ Гэр бүлийн үнэ цэнэ гэргий / Л.Цэнд өгүүлэв/

Захидлын хэсгээс…Цэндээд

Энэ ертөнц дээр хамгийн хайртай чинийхээ амрыг эрж мартын 8-ны мэнд дэвшүүлье. Мөн хөөрхөн хүүхдүүддээ аз жаргал ерөөе. Аав нь энэ газар сайн сууж байна. Үе үе та нарыгаа маш их санаж, заримдаа бүр зүүдлэх юм. Сайн зүүдний дараа баяртай, муу зүүдний дараа зовиуртай байх юм. Хамгийн гол нь та нар минь л сайн сууж байвал жаргалын дээд тэр байна. Ашгүй Нямаа ирээд буцах болсон тул та нартаа мартын өмнө юм явуулах боллоо. Үүнд: 1.Цэндээдээ энэтхэг зааны ясан зүүлт, Коньяк явуулав. Энэ бол мартын бэлэг. Чи минь л аз жаргалтай байвал миний сэтгэл дүүрэн байх болно. 2.Хишгээ, Цэндээ нарт зүүлт, бөгж, чихэр явуулав. Зүүлт чинь энд саяхан гарч хүүхнүүд очерлоод байгаа тул авлаа. 10-аад рубль юм. Миний охин аавдаа захидал бичихгүй яасан бэ? 3.Даваадаа зуны ботинк явуулав. Захидал хүлээж суух юм даа. Мөн запонк явуулав. 4.Өлзий, Өндөр нарын дунд уут чихэр явуулав. Хоёр нялх жаахан охиноо их санаж байна. Та нар минь юу захимаар байна вэ? Зуны ботинк хэдэн размер авахуулмаар байна. Мөн Цэндээд ажилд өмсөх ботинк авмаар байна. Хэдэн размер вэ 38 уу, 39 үү? Би өөртөө маш гоё цэнхэр Кремплинэн, польшийн костюм авсан шүү Цээеэ… Хол газраас захидал ирэх нь Хүлээсэн хүнд хаврын шувуу шиг Хоргой гадарт дорнын нандин шастир мэт Задлан уншихад дотнын үсгээр дүүрэн Эгшин зуур төрөлх нутгаараа тойроод Эргээд ирэх мэт, түмэн баяр давхцана Эвхэх зуур ахин дэлгэмээр болоод Эргэцүүлэх бүр эх нутгаа санагалзана Усны тунгалаг урсах дөрвөн уулын бараа Уужим халхын буянт цагаан талбай Улаанбаатар нийслэл миний янагийн царай Унтрашгүй сэтгэлд гэрэлтэх мянган цонхны гялбаа 1979.09.25 Москва хот

Бэлтгэсэн сэтгүүлч : Б.ХОНГОРСАЙХАН Гэрэл зургийг : В.ЦЭНД-АЮУШ