Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ: Бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэг

ГОО ТАНИЛ: Бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэг

Өнгөрсөн сарын 29-нд Тайландын нийслэл Бангкок хотод дэлхийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн VII тэмцээн зохион байгуулагдаж, уг тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд бодибилдингийн тамирчин Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аваргыг анх удаа эх орондоо авчирсан.48 орны 400 гаруй тамирчид өрсөлдсөн дэлхийн хамгийн чансаа өндөр уг тэмцээнд аваргална гэдэг бодибилдингийн тамирчин хүний хувьд маш том амжилт. Тэгвэл энэхүү гавьяаны эзэн Г.Угалзцэцэгийг энэ удаагийн “Гоо танил” буландаа урьж, түүний амжилтын нууцаас нь хуваалцлаа.

“ТУРАХ ГЭЖ ОРООД МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН БОЛЧИХСОН”

Таны харж буй шиг Г.Угалзцэцэг булчинлаг, өв тэгш ийм биетэй байгаагүй. Тэрээр одоогоос гурван жилийн өмнө, өөрөөр хэлбэл бодибилдингээр хичээллэж эхлээгүй байхдаа фото зургийн студи ажиллуулдаг суугаа ажилтай нэгэн байжээ.Өглөөнөөс орой хүртэл суугаа ажилтай түүнийг хуянгаас эхлээд хөдөлгөөний идэвхгүй байдал эз дийлж, улмаар амьдралын эрч хүчийг нь сулруулж эхэлжээ. Суугаа ажилтай хүмүүсийн адилаар хэвлий, гарын шуу хэсгээрээ махалсан тэрээр турна хэмээн буруу хоолны дэглэм баримталж, үүнээсээ болж ядарч сульддаг байсан гэнэ. Иймээс хоолой сойж өөрийн эрүүл мэндээ хохироохоо болъё хэмээн фитнесст явахаар сэтгэл шулуудаж, гурван сар тасралтгүй багштайгаар долоо хоногт 4 удаа хичээллэснээр биед нь эрс мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ. Сул махаа чангалж, хөдөлгөөний дутагдлаа арилгая гэсэн жирийн нэгэн эмэгтэй бодибилдингээр 11 сар эрчимтэй хичээллэсний эцэст анх удаа тэмцээнд оролцсон нь хотын аварга шалгаруулах тэмцээн байв. Уг тэмцээнд IV байранд орсон амжилтыг үзүүлж, үүнээс хойш улсын аваргын V байранд оролцож, мөн өнгөрсөн есдүгээр сард Узбекстан улсын Ташкент болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн амжилтуудыг үзүүлжээ. Ингэж тэрээр суудлын ажлаас эрс шинэчлэлт хийн, өдгөө бодибилдингийн мэргэжлийн тамирчин болжээ.

НҮҮРС УСЫГ БҮҮ ДУТУУ ҮНЭЛ!

“Фитнессээр хичээллэн мэдэгдэхүйц өөрчлөлтийг бий болгохын тулд эрчимтэй хөдөлгөөнөөс гадна зөв хооллолт хамгийн чухал. Үр дүнгийн 60 хувь нь хооллолттой шууд хамааралтай ч гэж ойлгож болно. Тиймээс зөв хоолоо идэж, сайн амарч, эрчимтэй хичээллэж чадвал богино хугацаанд хүссэн үр дүнгээ мэдэрч чадна.”

Г.Угалзцэцэг амттанд нугасгүй. Фитнессээр хичээллэж эхлээгүй байхдаа амттанд хэт их хорхойсдог байсан болохоор биеийнхээ тодорхой хэсгүүдээр илүүдэл махтай байсан гэдэг. Одоо бол чихэр, шоколаднаас буцахгүй ч хэмжээндээ тохируулан идэхийг чухалчилдаг болсон гэнэ. Манай эмэгтэйчүүд турах гэж байна гээд хүнснээсээ нүүрс усаа хасчих гээд байдаг. Өөрөөр хэлбэл, будаа, төмс, гурилан бүтээгдэхүүнээс татгалзчихдаг. Гэтэл эдгээрт нүүрс ус их хэмжээгээр агуулагддаг бөгөөд үүнээс маш их эрч хүч, энергийг хүн олж авдаг ажээ. Мөн нүүрс ус нь өөх шаталтыг эрчимтэй явагдуулдаг бол манайхан үүнийгээ мэдэлгүй нүүрс усаа хасчихаар турах нь битгий хэл улам сульдаж, ядаргаанд орж эхэлдэг гэлээ. Мэргэжлийн бодибилдингийн тамирчдын хувьд өөхөө шатаахын тулд будаа, төмсийг ихээр хэрэглэдэг байна.

. Өглөөний цайгаа заавал уухыг чухалчилдаг тэрээр өглөө бүр чанасан тахианы цээж махаа нарийн ногооны салаттай хачирлан иддэг байна. Ногоон өнгийн ногоонууд хүний биед илүү сайн байдаг учраас бууцай, цэцэгт байцаа зэрэг нарийн ногоонуудыг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг гэлээ.ӨГЛӨӨ

. Өдрийн хоолондоо мөн махан хоол, ногооны зууштай хамт иддэг гэлээ. Хонины мах холестрин ихтэй учир татгалздаг тэрээр тахиа, үхэр, адууны махыг өргөнөөр хэрэглэж, өвлийн улиралд голдуу адууны махыг иддэг байна. Адууны мах нь амин дэмээр баялаг, энерги ялгаруулдаг мах учраас өвөлдөө голдуу иддэг гэлээ.ӨДӨР

.Тараг, алим зэрэг манай эмэгтэйчүүдийн орой түлхүү хэрэглэдэг эдгээр хүнс нь нүүрс усаар баялаг учраас орой идэхэд тохиромжгүй гэдгийг тэрээр энэ үеэр онцолж байна.Ялангуяа, гадуур худалдаалагдаж буй савлагаатай тарагнууд удаан хадгалахад зориулагдсан бодис агуулагдсан байдаг учраас биед шингэц муу байдаг. Г.Угалзцэцэгийн хувьд орой махан хоолыг мөн л нарийн ногооны салаттай хачирлан иддэг байна. Энэ нь шингэц сайтай учраас биеийг нэг их хүндрүүлдэггүй ажээ. Гэхдээ өвөл ингэж махыг их хэрэглэдэг, зундаа махаа багасгаж, цагаан идээ, ногоогоор баялаг хоол буюу аль болох хөнгөн хооллодог байна.ОРОЙ

САНАЛ БОЛГОЖ БУЙ ХООЛ: Адууны махтай котлет

Адууны махаа машиндаж бэлтгээд амталж, жижиг жижиг хэмжээтэй хавтгайлан бэлтгээд хөлдөөчихнө. Үүнийгээ ямар ч үед гаргаад шараад, жигнээд идэхэд тохиромжтой. Тэрээр үүнийгээ бэлтгэлтэй үедээ жигнээд, нарийн ногооны салатаар хачирлан иддэг аж..

“Фитнессээр хичээллээрэй гэж хэлэхээс илүүтэй үнэхээр завгүй байдаг бол гэртээ хөнгөн дасгал хийж, биеэ чийрэгжүүлж, зав чөлөө байвал өөрийн сонирхсон спортоороо хичээллээд үзээрэй гэж зөвлөмөөр байна. Хүн бүрийн биеийн онцлог харилцан адилгүй учраас биедээ тохирсон спортыг сонгож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүмүүсийг уриалмаар байна. Ялангуяа, эмэгтэйчүүдийгээ өөртөө цаг зав гаргаж, биеэ эрүүлжүүлээрэй гэдгийг уриалмаар байна.”

“ЭРҮҮЛЖИЖ БАЙГАА МИНЬ ИЛТ МЭДРЭГДСЭН”

Фитнессээр хичээллэж эхэлснээр маш их унаж байсан үсний уналт зогсож, мөн хугарамтгай хумс нь бат бөх болохоос эхлээд илт хөнгөн шингэн болж буй нь мэдрэгдсэн гээд маш их өөрчлөлтийг мэдэрчээ. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд маш тайван болж, барагтаа л стресстэхгүй болсон гэлээ. Фитнессээр эрчимтэй хичээллээд ирэхээр арьс цаанаасаа гэрэлтэж, чийгшилтэй гоё сайхан болж ирдэг байна.