Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › “HONEYMOON” Хамтлаг: “Бид баярласандаа шууд л уйлцгаасан...”

“HONEYMOON” Хамтлаг: “Бид баярласандаа шууд л уйлцгаасан...”

Цэвэр өөрсдийн хөлс хүчээр урлагт өөрийн мөртэй яваа охидын хамтлаг “Honeymoon ” энэ жил 5 нас хүрлээ. Жаахан байхаасаа үерхэж дотноссон арван жилийн найз охид өөрсдийн дуу хоолойгоо хүмүүст хүргэж, охидын хамтлаг дунд нэгэн өнгө болон гэрэлтье хэмээн хамтлагаа байгуулж байсан түүхтэй. Арван жилд байхдаа “ Lucky ” нэртэй байсан ч гэдэг. Ингэж зан зангаа мэдэлцсэн найз охид хамтлагаа байгуулж, нэгэн сэтгэлээр зүтгэсээр 5 жилийг үдэж, цаашдаа хамтдаа ихийг хийж бүтээхээр тэмүүлж буй. Ингээд энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа “ Honeymoon” хамтлагийн эрч хүчтэй охидыг урилаа.

TV ZONE: ЮУНЫ ӨМНӨ, ТАНАЙ ХАМТЛАГИЙНХАНД 5 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ !

: “Honeymoon” нэрийг сонгон, хамтлагаа байгуулж байсан цаг саяхан мэт. Хэдийнээ манай хамтлаг 5 нас хүрчээ. Мэнд хүргэсэнд маш их баярлалаа. Өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан сонсогчиддоо мөн талархаж явдгаа илэрхийлье!HONEYMOON

TV ZONE: 5 ЖИЛ УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨСНИЙ ҮР ДҮНД АНХНЫХАА ЦОМГИЙГ ГАРГАЛАА. ЦОМОГ БҮХЭН ӨӨР ӨӨРИЙН МЭДРЭМЖИЙГ ХҮМҮҮСТ МЭДРҮҮЛДЭГ ШИГ УГ ЦОМОГ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛЭХ БОЛ...

: Бидний хүч хөдөлмөрийн үр дүн болсон цомогт маань 12 дуу багтсан бөгөөд үүнээс 5 нь шинэ дуу. Бид анх байгуулагдсан цагаасаа эхлэн зөвхөн өөрсдийн хүч хөдөлмөрөөр урлагт хөл тавьсан болохоор эхний жилдээ хөлөө олох гэж багагүй цаг зарцуулсан л даа. Харин хоёрдахь жилээсээ учраа олж, уран бүтээлүүддээ шаргуу орж, 4 жил уйгагүй хөдөлмөрлөж, ийнхүү анхныхаа цомгийг энэ жил өлгийдөн авлаа. Цомгийн маань өнгө аяс гэхээр товчхондоо бол хүмүүсийг хайрын ертөнцөөр аялуулах завийг бүтээсэн гэж хэлж болно. Анхны дурлалын, анд нөхдийн, аав ээжийн гэх мэтчилэн маш олон хайрыг хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн “Бал сар” цомог маань сонсогчдод мэдрүүлэх болно. Тиймээс бидний сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн анхны цомгийг маань сонсож, хайрын ертөнцөөр аялаарай хэмээн та бүхнийг урьж байна.HONEYMOON

TV ZONE: 5 ЖИЛ УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨСНИЙ ЭЦЭСТ АНХНЫ ЦОМГОО ГАР ДЭЭРЭЭ ТАВИЛАА. УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХУВЬД ЭНЭ БОЛ МАШ ТОМ АЗ ЖАРГАЛ БИЗ?

: Тэгэлгүй яахав. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй их баяр баясгалан. Бид цомгоо Солонгос улсад хэвлүүлсэн. Манай Золоо солонгос хэлтэй учир бид өөрсдөө хэвлүүлэх компаниа олоод, Золоо маань тус компаний хүмүүстэй биечлэн уулзаж, санаа оноогоо ярилцсаны үндсэн дээр цомгоо өөрсдийн сэтгэлд хүртэл хэвлүүлж чадсан. Цомгоо гар дээрээ тавиад л бид баярласандаа шууд уйлцгаачихсан. Цомгоо гартаа бариад зогсож байх тэр үед хамтлагаа хэрхэн байгуулж, хэрхэн хамтдаа зүтгэж ирсэн бүх үйл явдал ой тойнд бууж, бусдыгаа хараад үнэхээр их бахархаж, илүү их хайрламаар санагдсан. Бид уран бүтээлээ хийхийн төлөө өөрсдөөсөө ч харамлан хуримтлал үүсгэж, бүхнийг өөрсдийн хүчээр бий болгохын төлөө маш их хичээсэн, бас хөдөлмөрлөсөн. Энэ бүхний маань үр дүн гар дээр ирнэ гэдэг үнэхээр аз жаргал байдаг юм байна. HONEYMOON

TV ZONE: ӨНГӨРСӨН 10 САРД ХӨДӨӨ АЙМГУУДААР АЯЛАН ТОГЛОЛТОО ХИЙСЭН. ТУН УДАХГҮЙ БНСУ-РУУ ХҮЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ЮУ?

: Тиймээ, бид анх удаа баруун, зүүн аймгуудаараа явж, бие даасан уран бүтээлүүдээ сонсогчиддоо тун амжилттай хүргээд ирсэн. Мөн тэр далимдаа цомгоо бэлэглэж, хайрын ертөнцөөр сонсогчдоо аялуулаад ирлээ. Өмнө нь охидтойгоо хөдөө аймгуудаар ингэж аялж байгаагүй юм билээ. Ийн аялж байх зуураа эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгал, хөдөө тал нутгийг бишрэн, эх орны сэдэвтэй дуутай болоё гэсэн сэтгэлтэй ирсэн дээ. Мөн удахгүй бид шинэ жилийн баярыг угтан рок, хип попын ах эгч, анд найзуудтайгаа Солонгос руу элэг нэгт монголчууддаа ая дуугаа өргөхөөр хүлгийн жолоо залах гэж байна. HONEYMOON

TV ZONE: ХАМТЛАГИЙН НЭГ ГИШҮҮНДЭЭ ХАЛАА, СЭЛГЭЭ ХИЙСЭН ХАРАГДАНА?

: Б.Урангоо маань айл гэрийн эзэгтэй болж, үрийн зулай үнэрлэсэн. Тиймээс хамтлагтаа зориулах цаг зав хомс болсон учир яалт ч үгүй үүрнээсээ ниссэн. Манай хамтлагийн шинэ гишүүнийг С.Золжаргал буюу Жожо гэдэг. Бид шинэ гишүүнээ сонгон авахдаа өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарласан бөгөөд үүнд маань маш олон охид танилцуулгаа, дуулсан бичлэгээ явуулсан. Энэ дундаас маш өндөр шалгуураар Жожо маань тэнцэж, “Honeymoon”-ы маань нэгэн эд эс болсон доо. HONEYMOON

TV ZONE: УДАХГҮЙ ШИНЭ ОН ГАРАХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ ЖИЛИЙН ХУВЬД АНХНЫ ЦОМГОО ӨЛГИЙДӨН АВСАН НЬ МАШ ТОМ АЖИЛ БАЙСАН БОЛ ИРЭХ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭДИЙНЭЭ ГАРСАН БАЙХ?

: Тиймээ, төлөвлөгөөгөө эхнээс нь гарсан байгаа. Хоёрдахь цомгийн ажилдаа ханцуй шамлан ороод байна. Анхны цомогт маань хайрын тухай уянгын, аялгуулаг, нэлээн даруухан дуунууд багтсан бол хоёрдахь цомгоо арай өөр өөрчлөлтийг мэдрүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, биднийг илүү “эвдсэн”, эрч хүчтэй, цоглог, dance жанрын дуу зонхилох болно. Ерөнхийдөө нэлээн “галзуу” цомог гарах байх. HONEYMOON

TV ZONE: ОХИДЫН ХАМТЛАГ ХЭВРЭГ БАЙХ НЬ ОЛОНТАА ГЭЖ ХҮМҮҮС ЯРЬДАГ. ҮҮНИЙГ МАНАЙ ОХИДЫН ХАМТЛАГУУД ҮГҮЙСГЭСЭЭР, ҮЙЛДЭЛ БҮХНЭЭРЭЭ ХАРУУЛСААР БАЙНА. ТАНАЙ ХАМТЛАГИЙН ХУВЬД Ч ГЭСЭН...

: Тийм яриа байдаг шүү. Манай хамтлагийн бат бөх байдаг хамгийн гол шалтгаан нь бид жаахан байхаасаа л үерхэж дотноссон найзууд. Шороо идэж өссөн найзууд гэдэг шиг л бид бага байхын л нэг нэгнийхээ жаргал, зовлонгийн алинд ч хамтдаа байсаар ирсэн. Тиймдээ ч бие биенээ сайн мэддэг. Гэр бүлийнхэн маань ч биднийг сайн мэддэг, бас үргэлж дэмжигчид байсаар ирсэн. Хөрс нь сайн тавигдсан болохоор бид цаашаа олон жил хамтдаа уран бүтээлээ хийх болно.HONEYMOON

TV ZONE: АРВАН ЖИЛИЙН НАЙЗ ОХИД ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨРӨӨ ЖИГҮҮРЛЭН ХАМТЛАГАА БАЙГУУЛСАН. ТЭГВЭЛ ХАМТЛАГ БАЙГУУЛАХААС ӨМНӨХ БОЛООД ДАРААХ ҮЕИЙН ӨӨРСДИЙГӨӨ НЭГ ДҮГНЭВЭЛ...

: Миний хувьд, өнгөрсөн хугацаанд биеэ дааж сурч, мөн урлагийг илүү ойлгож, сэтгэлээсээ уран бүтээлээ хийхийг зорьдог болсон байна. СОЛОНГО

: Би “Honeymoon” хамтлагийн гишүүн болсондоо маш их баяртай байна. Хамтлагтайгаа нэгдээд наймхан сар болсон ч найман жил болсон юм шиг дотносож чаджээ. Намайг ингэж халуун дотноор хүлээн авч, хэзээний найзууд шиг бүхнийг зааж зөвлөж ирсэн хамтлагийнхандаа энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.ЖОЖО

: Би жаахан байхын бүрэгдүү, ичимхий, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж ч чаддаггүй охин байсан л даа. Уйлахдаа хүртэл орны цаагуур орж уйлдаг тийм л бүрэг охин байлаа. Бараг хамтлагаа байгуулаагүй байх үе хүртлээ бүрэг зан маань тавигдаагүй л байсан. Харин хамтлагтай болсноор илүү өөрийгөө нээх шаардлагатай тулгарч, тэр болгонд нь шинийг сурч мэдэж, зөв талаас нь өөрийгөө хөгжүүлж нээж ирсэн. Тиймээс 5 жилийн дараах Золоо бол маш нээлттэй, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлчихдэг болсон байна. Миний хувьд том өөрчлөлт шүү.ЗОЛОО

: Аливаа зүйлийн төлөө тууштай тэмцэж чадвал амжилтанд хүрдэг гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгож авлаа. Миний хувьд хамтлагаасаа хэсэгхэн хугацаанд сурахаар гараад буцаж нэгдсэн л дээ. Одоо бол нэгэн зүрх сэтгэлээр уран бүтээлийнхээ төлөө зүтгэж явна. ЧЕМКА

TV ZONE: ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ХУУЧИН ОН УЛИРЧ, 2016 ОН ГАРАХ ГЭЖ БАЙНА. ТИЙМЭЭС ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТАЙ ХОЛБООТОЙ СЭТГЭЛЭЭС ГАРДАГГҮЙ НЭГЭН ГЭГЭЭЛЭГ ДУРСАМЖААСАА ХУВААЛЦААЧ?

: Шинэ жилийн уур амьсгал ороод ирэхээр долоо, наймдугаар анги маань санаанд орж ирдэг юм. Урангоо, Чемка бид хэд тухайн үед “Lucky” нэртэй хамтлагтай байлаа. Хамтлагаараа сургуулийнхаа шинэ жилийн үдэшлэг дээр жил бүхэн дуулдаг байлаа. Ингэж дуулахдаа бид өөрсдийгөө жинхэнэ дуучин болчихсон юм шигээр төсөөлж, маш их аз жаргалтайгаар дуулдаг байв. Хоолой салгалт бол сүртэй сүртэй. (инээв) Арван жилийн жаахан охид сургуулийнхаа хөвгүүдийг шохоорхож харнаа, тэр хөвгүүнийхээ өмнө хичээн байж дуулаад л. Гэгээхэн энэ дурсамж минь шинэ жилийн баяртай хамт сэтгэлд минь буудаг юм.СОЛОНГО

: Хүүхэд байхдаа 12 дугаар сарын 31-ийг сэтгэл догдлон хүлээдэг байснаа санадаг юм. 31-ий өмнөх шөнө бүр нойр ч хүрэхгүй. Бараг хуруу тоолон байж хүлээдэг байсан баяр минь байх. Одоо ч гэсэн шинэ жилийн баярт дуртай, гэхдээ хүүхэд насны минь тэрхүү догдлолыг яаж гүйцэх вэ.ЖОЖО

: Хүүхэд байхдаа гэр бүлээрээ шинэ жилийг Солонгост угтаж байлаа. Дүүтэйгээ ижилхэн куртка өмсчихсөн, өмнө нь харж байгаагүй нүсэр том гацуурын өмнө зогсчихсон, эргэн тойрноо гайхаж хараад л. Бүх зүйл сонин содон, басхүү гайхалтай санагдсан хүүхэд насны энэ шинэ жил санаанаас минь үргэлж гардаггүй юм. Хамгийн инээдтэй нь салют миний куртканы ханцуйг нэвт цоолчихсон. (инээв) Ийм хөгжилтэй өнгөрсөн жил санаанаас яаж гарах билээ. ЗОЛОО

: Жил бүрийн он солигдох мөчийг гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлдэг. Харин энэ жил гадуур найз нөхөдтэйгөө гаргаж үзье гэсэн бодолтой байна.ЧЕМКА

TV ZONE: БИДНИЙ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ, СОНИРХОЛТОЙ ЯРИА ӨРНҮҮЛСЭН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА. УРАН БҮТЭЭЛИЙН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ!

: Маш их баярлалаа. HONEYMOON

Ярилцсан: Б.БАЯРЖАРГАЛ

Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ

Хувцсыг: “LORO’S BOUTIQUE”