Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хөгжилд яаран довтлох шаардлага бий юу?

Хөгжилд яаран довтлох шаардлага бий юу?

Зарим үед үнэхээр ингэж асуумаар болдог. Хөгжил та бидний амьдралыг үсрэнгүй дээш түвшинд хүргэж буй ч түүнийг дагаад “амьд” гэх зүйлс устаж мөхөх аж. Хөгжиж буй нийгмийн хөгжилгүй иргэд, боловсролоор халхавчилсан бүдүүлэг хүмүүс, сайхан сэтгэлийн баг зүүсэн увайгүйчүүд олширсоор... Гэр хэмээх дугуй сууцанд амьдарч байхдаа бид нүүр нүүрээ харалцан үзэл бодол, сэтгэл санаагаа халуун дотноор хуваалцаж, хэнд юу дутагдаж байгааг анзаарч мэдэрч чаддаг байсан. Харин өдгөө тус тусын өрөөндөө бүгж, бусадтайгаа тааралдахгүйг хичээх.

Утас гэх зүйл дэлгэрээгүй байхад бид уулзах ёстой хүнээ зорин байж очдог байсан. Харин одоо гар утас байхад илүү цаг зав гарган очих шаардлага юун. Ийнхүү сэтгэл гэх зүйл аажим арчигдах. Хөгжил хөлөө олон байгаа энэ цаг үед хүн төрөлхтөн хөл толгойгоо алдсаар...

Хэрэглээний бүх зүйл автоматчилагдан хялбар болоход хүмүүн бидний хийх ажил багасаж, илүү цаг заваа буруу үйлд алдана. Буруу бусармаг бүхэн, зөвхөн хүн гээчид л харьяалагдах “хүн чанар”-ыг устгадаг нь бичигдээгүй хууль. Хөгжил дэвшлийн хэм хэмжээ тухайн нийгэмд амьдарч буй элитүүдийн үзэл бодол, тэдний хэтэвчээр үнэлэгдэхэд жирийн хэн нэгэн үнэ цэнийн хэмжүүрээс хол хаягдах. Амьдралын хэрэгцээ шаардлага гарт ойртож, алхмын цаана бүх хэрэглэгдэхүүн дөхөх тутам бэлэнчлэх сэтгэлгээ дотроос ялзалж эхлэх. Тэмцэх тусам, идэхийн төлөө, амьдрахын төлөөх хичээл зүтгэл алдрахад чанар муут хүн төрөлтнүүд олширно.

Нэгэн гэр бүлд багтах гишүүд нүүрээ “ухаалаг” хочит электрон төхөөрөмжөөр халхлах цаг үед амьд харилцаа тэртээд хоцорч, сэтгэлгүй, зүрхгүй хоосон биеүд тэнд үлдэнэ. Эхнэр нөхрийн энхрийлэл энэ цаг дор үнэт чанараа гээхэд эхийн хэвлийд бүрэлдэх энхрий үрс хорвоод төрөх дараалалдаа уягдаж, ирээдүйд эцэг эх бологсод тэжээмэл амьтдаар сэтгэлээ бүлээтгэж, зугаагаа гаргах.

Эх үрсийн эргэх холбоо элбэрэл ачлал утас, цахим холбооны наана цаанаас заавал хийх ёстой ёс мэт үргэлжилнэ. Заавал хийх ёстой үйлд дарлуулсан удмын нандин хэлхээ зангилаа нь тайлагдсан утас мэт алдууран тэнүүчилнэ.

Хөгжил дэвшил хувь хүнээс өндөр боловсролыг шаардах цаг үед диплом өвөртөлсөн цагаан гартай, ажилгүйчүүд лааз өшиглөн гудмаар холхих. Миний, чиний, бидний ид бужигнан буцалж буй амьдралд дөт нарийн мэргэжлийн ажлууд эзнээ хүлээн тоостой хутгалдана. Энд крантны ус задарч, тэнд 00-ын бохир халихад аргалах засалчид даанч үгүй. Буруутгах аргагүй, хөгжил биднээс дээдийн дээд боловсролыг шаардаж байна.

Ирээдүйг өндийлгөх залуус гадагшаа явж, юм үзэж нүд тайлагдахад хөгжил ирэхгүй. Харин тэдгээр залуус эргээд эх орондоо, эх орноо гэсэн сэтгэлээ тээгээд ирвэл хөгжил тэр цагт биеллээ олох.

Нэгэн цагт хөгжих гэж зүтгэж мэрийж санасандаа хүрсэн ч эргээд хүний нийгмийн бус гэмээр дээрх зүйлстэй нүүр тулж, гарах гаргалгаа хайн буй өндөр хөгжилтэй орны иргэдийн зовлонг бид мэдэхгүй биш мэднэ. Цаг үед явдгаараа явж, хөгжил рүү гүйгээд биш юмаа гэхэд сажлаад хэзээ нэгэн цагт хүрнэ. Тэр л цаг ийм л хэцүүтэй нүүр тулах вий хэмээн сэргийлэн бичлээ.

Хүн хүн чанараа гээгээгүй цагт хүн өөрөө хөгжиж байвал түүнийг хөгжил гэнэ.