Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГОО ТАНИЛ: Хөлбөмбөгчин А.Мөрөн

ГОО ТАНИЛ: Хөлбөмбөгчин А.Мөрөн

Хөлбөмбөгт ухаанаа алдатлаа дурласан хүү дуртай зүйл нь амьдралыг нь өөрчилнө чинээ огтхон ч төсөөлөөгүй явсан биз ээ. Одоогоос яг 10 жилийн өмнө хөлбөмбөгөөр уйгагүй хичээллэж, цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө илүү хөгжүүлсээр ирсэн энэ залуу бол хөлбөмбөгийн Монголын анхны мэргэжлийн тамирчин Алтанхуягийн Мөрөн юм. Тэрээр Тайландын “Краби FC" болон "Сатун Юнайтед", мөн Сербийн "Мачва Шабац" багт тоглож явсан анхны мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчнаар зогсохгүй эл спортоороо дэлхийн тавцанд хөл тавьсан ганц тамирчин юм. Олон залууст итгэл найдвар хайрласан “Сэлэнгэ Пресс” багийн тамирчин түүнийг энэ удаагийн “Гоо танил” буландаа онцолж, хэрхэн өөрийгөө хөгжүүлж, энэ амжилтанд хүрсэн тухай хүргэж байна.

“Хөлбөмбөг надад үргэлж аз жаргал авчирсаар ирсэн...”

10-аадхан настай жаахан хүү бусад хүүхдүүдийн адил бөмбөг өшиглөн тоглох дуртай байжээ. Гэр нь Дамбадаржаа руу нүүснээр түүний хөлбөмбөгт дурлах гол шалтгаан болжээ. Учир нь, хөлбөмбөгийн лигийн багууд болон шигшээ багийн бэлтгэл энд хийгддэг байснаас гадна үүнийг дэргэдээс нь үргэлж үзсээр А.Мөрөн эргэж буцалтгүй уг спортоор хичээллэж, хөлбөмбөгийн тамирчин болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон гэдэг. Ингэж дэлхийг нэгтгэж, нэгэн хүсэл зорилготой болгодог хөлбөмбөгийн спортоор хичээллэхээр шийдэж, өдгөө 10 жил тасралтгүй үүгээр өөрийгөө хөгжүүлж, амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгожээ.

СПОРТ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ЧАНГАТГАДАГ

Хөлбөмбөг тоглох нь А.Мөрөнгийн хувьд хамгийн том жаргал. Талбай дээрээ гараад л бүх санаа зовоосон асуудал, стресс бухимдлаа мартаж, эрч хүчээр цэнэглэгдэж чаддаг байна. Энэхүү спортоор өөрийгөө хөгжүүлж эхэлснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, биеийн болоод сэтгэлийн хаттай, зоригтой, аливаад амархан нугарчихгүй тэсвэр хатуужилтай болсон гэлээ.

Харин бие организмын хувьд маш их гүйх дасгал хийдэг учраас уушги тэлж, амьсгаа задрахаас эхлээд гуя, шилбэ, өгзөг зэргүүдийг булчин чангарч, байнгын хөдөлгөөнтэй байдал нь эрүүл чийрэг байх үндэс болдог гэлээ. А.Мөрөн анх хөлбөмбөгөөр хичээллэж эхлэх үедээ өдөрт дунджаар 6-7 км газар гүйдэг байсан бол одоо байнгын дасгал хөдөлгөөнтэй байдаг болохоор үүнээс ч илүү газар гүйдэг болжээ.

А.Мөрөн хөлбөмбөгт амьдралаа зориулсан тамирчин хэдий ч зав чөлөөтэй үедээ усан спортоор хичээллэдэг байна. АНУ-д сурч байхдаа сэлж сураагүйн улмаас их усанд живэх дөхсөн гэдэг. Тиймээс сэлж сурах зайлшгүй шаардлагатай юм байна хэмээн усан спортоор хичээллэх болжээ. Үүнээс гадна, өөрийн сонирхлоороо боксоор хичээллэж, энэ спортын давуу талуудтай биеэр танилцаж явжээ.

А.Мөрөн “Спорт бол миний хувьд хүн төрөлхтний баяр баясгалан, амь амьдрал болон салшгүй нэгэн хэсэг юм.”

БАЙНГЫН НОРМТОЙ БАЙХЫН ТУЛД ХООЛЛОЛТ ЧУХАЛ

Хөлбөмбөгийн спортод амжилт гаргахын тулд идэж буй хоол хүнс болон амралт маш чухал гэлээ. Хөнгөн шингэн байдлаа алдахгүйн тулд хэт их өөх тостой, илчлэг ихтэй хүнд, таргалуулах хоолноос аль болох татгалзах хэрэгтэй байдаг байна. Хурд, хөнгөн шингэн байж, биедээ түүртэлгүй гүйж, мэргэжлийн техникүүдийн гүйцэтгэл сайн байж чадна гэсэн бичигдээгүй дүрэм бий. Тоглолтонд орохын 4 цагийн өмнө хооллодог бөгөөд ингэхдээ банана, сендвич, шоколад зэрэг хөнгөн хооллон биеэ бэлддэг ажээ.Мөн сайн унтаж амарч биеэ бэлдэх нь маш чухал. Ямар ч спортын хувьд амраагүй, ядарсан бие хэзээ ч амжилт гаргаж чадахгүйтэй адил.

ЗАЛУУСТАА ЗӨВЛӨЖ БАЙНА

“Хөлбөмбөг сонирхож, үүгээр хичээллэх хүсэлтэй хүүхэд багачууд болон залуус олон болжээ. Үнэхээр энэ спортыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож, амжилт гаргахыг хүсч байгаа бол тасралтгүй, уйгагүй бэлтгэл сургуулилтаа сайн хийх явдал. Мэргэжлийн багшаас зөвлөгөө авч, түүний зааварчилгаагаар техникүүд дээрээ сайн ажиллаж сурах хэрэгтэй. Ганцаараа зүтгээд байвал амжилт хэзээ ч ирэхгүй. Энэ бол багийн спорт шүү дээ. Үүнээс гадна, хөлбөмбөг дэлхий нийтийн спорт учраас олон улсын томоохон багт орж тоглохын тулд англи хэл хамгийн их хэрэгтэй. Тиймээс бэлтгэл сургуулилтаас гадна хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг залуустаа зөвлөж байна.”