Намайг ойлгооч!
Орилж уйлахгүй, инээж хөхрөхгүй, элдвийг шулганан ярихгүй... Үеийн хүүхдүүдээсээ нэг л өөр. Цог жавхаа гэрэлтсэн золбоолог харц, элдвийг мэдэх гэсэн эрмүүн их хүсэл эрмэлзэл нэг л дулимаг... Саяхныг хүртэл ээжийгээ ядраахгүй гэсэндээ ойлгож байгаа нь энэ хэмээн бяцхан үрээ амар хүүхэд шүү гэж бодож явсан. Гэтэл өдөр ирэх тусам зан харилцааны хувьд бусад хүүхдээс илт өөр байгаа нь анзаарагдах болж, байдал нэг л бишдсэнийг эх хүн би зөн совингоороо мэдрэх болсон юм. Тиймээ, тэр минь нэг л өөр... Энэ бол нэгэн ээжийн зовлон.
АУТИЗМ та энэ үгийг урьд өмнө нь та сонсож байв уу? Бие эрхтний хувьд цоо эрүүл хэдий ч оюун санааны хувьд асуудалтай энэ эмгэг бол дэлхийн эрүүл мэндийн салбарт бүртгэгдээд 70 гаруй жил болжээ. Харин Монголд сүүлийн хэдэн жил л олны анхаарлыг татаж байгаа АУТИЗМ хэмээх энэ эмгэгийг нийгмийн өвчин ч гэж нэрлэх нь бий. Эл эмгэгийн тухай жирийн эмч нар битгий хэл мэргэжлийн сэтгэцийн эмч нар хүртэл саяхныг хүртэл дуулж байгаагүй гэдэг. Саяхан манайд ороод ирсэн сэтгэцийн эмгэг юм байна гэж эндүү битгий бодоорой. Нэг талаас, аутизмтай юм байна хэмээн тодорхойлчих мэргэжлийн эмч нар байгаагүй, мөн жирийн бус хүүхдээ нийгмээс нуун далдалж, гэрийн “хорио”-нд хийчихдэг байдал, нөгөө талаас нэг л өөр байгаа хүүхдээ мэргэжлийн сэтгэцийн эмчид үзүүлсэн ч буруу онош тогтоолгон явсан зэрэг олон шалтгаанаас өнөөг хүртэл энэ эмгэг бүртгэгдээгүй хийгээд ямар ч ойлголтгүй явж иржээ. Уг эмгэгийн тухай мэдээлэл нийгэмд маш дутуу дулимаг байгаагаас буруу оношлон эмчилгээ хийлгэж, цаг их алддаг учраас энэ удаагийн “Энэ сэдвээр...” булангаараа сэтгүүлч миний бие Аутизм хэмээх сэтгэцийн эмгэгийн тухай тодорхой хэмжээний ойлголт өгөхийг зорилоо. Энэхүү нийтлэлийг уншаад, хүүхдээ нэг ажиглаад үзэхийг зөвлөж байна.
ЭХ СУРВАЛЖ:“Монголын Аутизмын холбоо”-ны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл
АУТИЗМТАЙ 120 ГАРУЙ ХҮҮХЭД БАЙНА. ГЭВЧ ҮҮНИЙ ЦААНА...
“...Хүүгээ ой зургаан сартайд нь эрдмийн мөр хөөхөөр манайх гэдэг айл Япон руу нүүсэн юм. Тэнд хүүгээ цэцэрлэгт өгөөд удаагүй байтал ангийнх нь багш биднийг дуудаж уулзан, хүүг минь “Хөгжлийн төв”-д үзүүлэхийг зөвлөлөө. Үүний дагуу очиж үзүүлээд, надаас хүүгийн минь тухай олон юм асууж шалгаасны эцэст бид хүүгээ Аутизмтай гэдгийг мэдсэн юм. Амьнаас минь тасарсан бяцхан хүү минь саяхныг хүртэл цоо эрүүл байсан шүү дээ, яагаад ийм аймшигтай өвчтэй болчихов оо гэж тухайн үед үнэхээр сэтгэл бачуурам байсаан. Азаар шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсад байсан болохоор Аутизмын талаар бүх мэдээллийг авч, хүүгээ 6 нас хүртэл тэнд сувилуулж байгаад эх орондоо ирсэн юм. Гэтэл байдал хэцүүдсэн нь манай улсад үүний талаар жирийн эмнэлэг битгий хэл мэргэжлийн эмч нар хүртэл мэдэхгүй, өмнө нь огтхон ч дуулаагүй байсан явдал байв. Одоогоос 7 жилийн өмнө гэсэн үг л дээ. Тэр үед сэтгэцийн мэргэжлийн эмч нар “Хүүхэдтэйгээ сайн харьц, сайн тогло, хүүхэлдэй үзүүл. Хэт зожиг болсон байна” гэдэг зүйл л хэлдэг байлаа”Аутизмтай хүүхэдтэй нэгэн ээжийн туулсан амьдрал. Өмнө нь би ажилдаа хамаг анхаарлаа хандуулаад хүүгээ сайн ажигладаггүй, магадгүй анхны хүүхэд болохоор хүүхэд хэрхэн өсч бойждог талаар төдийлөн сайн мэдлэггүй, харин ч арчилгаа багатай, уйлаад хөл, гарнаас зүүгдээд байдаггүй амар шүү миний хүү гэж боддог байв. Анх удаа сонссон энэ эмгэгийн тухай надад ямар ч мэдээлэл байхгүй болохоор аутизм гэж ямар өвчин байдаг, яагаад аутизмтай болдог, эдгэх болов уу гэсэн маш олон асуулт толгойд минь эргэлдэж байсан.
Амьнаасаа илүү хайртай үр нь насан туршдаа сэтгэцийн эмгэгтэй явна гэдгийг сонссон энэ ээж шиг зовлонтой олон арван эцэг, эх бидний дунд амьдарч буй. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг биеэр мэдэрч, өвчний өмнө хүчин мөхөсддөг гэдэгтэй нүүр тулсан хэдий ч шантралгүй боломж эрэн, басхүү эрт мэдвэл Аутизмтай үрээ биеийг нь даалгах боломж бий гэдгийг мэдсэн учраас үүний төлөө уйгагүй тэмцэж яваа олон эцэг, эхчүүдээр бид бахархаад баршгүй. Бүх санхүүжилтээ өөрсдөөсөө гаргаж, Монголд Аутизмтай хүүхдүүд хэр олон байгааг илрүүлэхийн төлөө, эцэг эхчүүдэд үнэн зөв мэдээлэл өгөхийн төлөө явсаар хэдийнээ хоёр жил болжээ. Тэд зөвхөн МИНИЙ ХҮҮХЭД л гэсэн аминчхан зан гаргаагүй. Тэд өөрсөдтэй нь адилхан зовлонтой, магадгүй хүүхдээ сэтгэцийн ийм эмгэгтэй гэдгээ мэдэлгүй яваа эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэе гэсэн зорилгоор хоорондоо нэгдэн нийлж, “Монголын Аутизмтай холбоо”-г байгуулжээ.
Уг холбоо 120 гаруй гишүүнтэй бөгөөд үүний цаана ийм тооны аутизмтай хүүхэдтэй гэр бүл байна гэсэн үг. Үүнээс илүү хэчнээн хүүхдүүд ийм эмгэгтэй байгаа, магадгүй хүүхдээ Аутизмтай гэдгийг мэдсэн ч нийгмээс халхалсан гэр бүл байгааг бид үгүйсгэх аргагүй. Эл холбооноос маш олон төрлийн ном товхимол, зурагт хуудас гаргаж, тусгай сургууль болон мэргэжлийн эмч нарт мэдээлэл хүргэж, мөн олон улсын мэргэжлийн хүмүүсийг урьж, сургалтуудыг тогтмол явуулсны эцэст өмнөхөө бодвол хүмүүс уг эмгэгийн тухай тодорхой мэдээлэлтэй болж иржээ. Ийн нийгэм мэдээлэлтэй болсноор маш олон эцэг эх холбогдсоор долоо хоногт гэхэд л 2-3 хүүхэд Аутизмтай хэмээн оношлогдож байна.
Олны дунд орохоороо өөрөө ч мэдэлгүй этгээд сонин зан араншин гаргах, хүний хэлснийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүйгээс эхлээд олон харилцааны бэрхшээл үзүүлдэг учир Аутизмтай хүүхдүүд тусгай сургуульд хамрагдахаас өөр арга зам үгүй. Дээр өөрийн түүхээсээ хуваалцсан ээжийн хүү одоо 13 настай. 55 дугаар тусгай сургуулийн сурагч. Түүн шиг Аутизмтай хүүхдүүд нийт зургаан тусгай сургуулиудад хамрагдан, нийгэмшиж буй. Саяхныг хүртэл тусгай сургуулиудын багш нар Аутизмтай хүүхэдтэй хэрхэн харьцах талаар мэдлэг дутуу дулимаг явсан бол одоо бага ч гэсэн ахиц гарч, онцлогт нь тохирсон сургалтыг явуулах болжээ. Бусдаар бол өөрөө хоолоо идчихнэ, хийхийг хүссэн зүйлээ хийчихнэ, гагцхүү гаргаж буй тэрхүү сэтгэлзүйн онцлогт нь тохирсон сургалтыг шаарддаг байна. Хүн амын өсөлттэй зэрэгцэн уг эмгэгийн тоо ч ялгаагүй өсөн нэмэгдэх хандлагтай учир Аутизмтай хүүхдийг гэрийн “хорио”-нд оруулалгүй, аль болох нийгшүүлэхийн тулд тусгай сургуулиудад хамрагдуулах нь зүй. Тиймээс эдгээр хүүхдүүдийн онцлогт тохирсон сургалтыг илүү боловсронгуй болгох шаардлага бидний өмнө ирээд байна.Аутизмтай хүүхдүүд бусад хүмүүстэй харьцах, нийгмийн харилцаанд орох чадвар муутай, нэг хэвийн, давтамжтай зан үйл, амьдралын хэмнэлийг шаардаж дагадаг, чимээ шуугиан, зарим үнэр, амт, үзэгдлийг тэсвэрлэж чаддаггүй, биедээ огт хүргэх дургүй, эсвэл эсрэгээрээ биедээ хүчтэй даралтыг мэдрэх дуртай, хөдөлгөөний эвсэл муутай, өлмий дээрээ явдаг, гараа савдаг гэх мэт асуудалтай, анхаарал сул зэрэг сэтгэлзүйн маш тогтворгүй ааш зан гаргадаг.
ЯАГААД “ОРЧИН ҮЕ”-ИЙН ЭМГЭГ ГЭЖ НЭРЛЭВ?
Бидний ярианы гол сэдэв болсон сэтгэцийн эмгэг хэмээн нэрлэгдээд буй юм. Энэ бол өвчин биш эмгэг учраас бүрэн эдгэрэхгүй, зориулалтын эм тан гэж үгүй, насан туршид тухайн хүнээ дарангуйлах сэтгэцийн эмгэг төдийгүй яагаад үүсдэг талаар одоогийн байдлаар тогтоогдоогүй, судалгааны түвшиндээ явж буй. Гэхдээ . Эдгээр онош одоогийн байдлаар баталгаатай бус ч магадлал өндөр хувилбарууд хэмээн судлаачид тодорхойлжээ. Хүнд металын хордлого бас нөлөөтэй. Хүүхдийн хоол боловсруулалт, дархлааны асуудал, генийн ѳѳрчлѳлт буюу мутацийг ч бас эрдэмтэд хэлж байгаа. Аутизмтай хүүхэд гар утас, компьютерийн ертөнц рүү орохдоо маш амархан, энэ талын чадвар сайтай байдаг төдийгүй бусад хүүхдийг бодвол найз нөхөд, харилцаанаас авах баяр хөөр, таашаал нь хомс болохоор компьютерийн ертөнцөөсөө гардаггүй. Ингэх тусмаа хүмүүсээс, харилцаанаас улам тасардаг байдал нь Аутизмтай хүүхдүүдээс илт харагддаг.АУТИЗМ нь үнэндээ хүүхдийн уураг тархинд гарсан биофизиологийн өөрчлөлтөөс болж тархины хөгжил буруу явагдсанаас үүссэн харилцах, нийгэмших, мэдээллийг хүлээн авч боловсруулах чадварт нөлөөлдөг ЭМГЭГ эрдэмтдийн барагцаа таамгаар уг эмгэгийн үүсэх шалтгааныг агаарын бохирдол, хүнд металлын хордлого, хэт техникжсэн хотжилт, баталгаагүй хоол хүнсний хэрэглээ зэргээс үүдэн үүсдэг хэмээн тодорхойлж байна. Энэ бүх хүчин зүйлс хүүхдийг ээжийнхээ хэвлийд байх үеэс хордуулж, тархинд нь нөлөөлсөн хэмээн үзэж байна
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ БИЙ ЮУ?
Жирэмсэн болохоор зэхэж буй бол биеэ бэлд гэдэг. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг гэдэг үг ор мөргүй зүйл биш шүү. Өөрөөр хэлбэл, эрүүл хоол хүнс хэрэглэж, ядралгүй биеэ амрааж, хамгийн гол нь цэвэр агаараар амьсгалж, амьдралын зөв хэмнэлээр амьдрах нь эрүүл хүүхэд төрүүлэх гол үндэс юм. Аутизмаас урьдчилан сэргийлэх арга бол ердөө л энэ. . Мөн фолийн хүчил нь ураг гажигтай төрөх эрсдлийг бууруулдаг учраас хөл хүнд болохоос цаанадаж зургаан сарын өмнөөс тогтмол ууж, биеэ бэлдэхийг зөвлөж байна. Ингэж өөрийгөө бэлдэж чадвал Аутизм болон бусад сэтгэл эмтрэм аймшигт өвчнөөс ирээдүйд мэндлэх бяцхан үрээ хамгаалж чадах болно.Судлаачид хэрвээ хөл хүнд болохоор шийдсэн бол наанадаж жилийн, цаанадаж зургаан сарын өмнөөс өөрийнхөө биед анхаар хэмээн зөвлөж байна. Аль болох цэвэр агаараар амьсгалж, элдэв химийн орц найрлагагүй байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэн, уургаар баялаг хоол түлхүү идэж, сайн унтаж амрахыг зөвлөлөө
Хигашида Наоки хэмээх Аутизмтай япон хүү 13-хан настайдаа өөрийн мэдрэмжийн тухай тухай хүмүүсийн асуудаг асуултуудад хариулсан ном гаргасан байдаг. Энэхүү ном өдгөө дэлхий нийтэд Аутизмын толь бичиг болон ашиглагдсаар буй. Уг номонд “Яагаад олон дахин хэлээд ч байхад ойлгодоггүй юм бэ?” гэсэн асуултад тэрээр ийн хариулжээ:
“Хүмүүсээ намайг ойлгооч. “Хэдэн ч удаа хэлсэн ойлгохгүй юм” хэмээн бидний тухай ингэж ярьдаг. Би ч гэсэн үүнээс болж ойр ойрхон загнуулдаг. Зориуд тэгээд байгаа мэт харагдаж магадгүй юм л даа. Үнэндээ бол тийм биш. Загнуулсан үедээ дахиад л тэгчихлээ гэж харамсах сэтгэлээр дүүрэн байдаг ч өмнөхөө бараг санахгүй, ямар нэгэн юманд туугдсан мэт хийхгүй л бол болохгүй болдог. Та нар залхаж, бас гунигтай байгааг би ойлгож байна. Ойлгож байгаа хэрнээ больж чаддаггүй биднийг битгий төвөгшөөгөөрэй. Та нарын тусламж бидэнд хэрэгтэй”
АУТИЗМ САЙЖИРДАГ УУ ГЭВЭЛ ТИЙМ
Хүнд, хөнгөн хэлбэрээр маш олон шинж тэмдэгтэй учир хүүхдийн онцлог, бие физиологийн байдал зэргээс шалтгаалан харилцан адилгүй. Ихэнхдээ хүүхдийн өөрийгөө илэрхийлж, нийгмийн амьдралд орж эхэлдэг хоёр настайгаас нь мэдрэгдэж эхэлдэг төдийгүй зарим нь олны нүднээс далд байж, өөрийгөө нууж байдаг бол зарим нь гэртээ зүгээр мөртлөө олон хүнтэй газар орохоороо ямар ч шалтгаангүй орилж хашгирдаг, зарим нь бүр эрүүл мэндийн хувьд зүгээр мөртлөө төрөлхийн ярьж чаддаггүй байх гэх мэтчилэн хүүхэд бүрт энэ эмгэг янз бүрээр илэрнэ. Судлаачдын олж тогтоосноор Аутизм нь эрэгтэй хүүхдэд 4 дахин олон тохиолддог буюу 5 Аутизмтай хүүхдийн нэг нь эмэгтэй байдаг ажээ.
Насан туршийн засал авахгүй эмгэг юм байна хэмээн сэтгэл бүү унаарай. Бяцхан үр нь эгэл жирийн хүүхдүүдээс өөр, олны дунд биеэ авч явж чадахгүй, өөрийгөө ч бүрэн дүүрэн илэрхийлж, юу хүсч, яах гээд буйгаа ч хэлж чадахгүй байгааг мэдэх нь сэтгэл шимшрүүлэм хэцүү ч гэлээ үнэхээр эрт мэдэж чадвал ахиц гарахгүй эмгэг бас биш юм. Хамгийн гол нь шаналаад, нөхцөл байдалтай эвлэрээд зөнгөөр нь орхих биш, уг эмгэгийн талаар өргөн мэдээлэл авч, хүүхдийнхээ онцлогт тохирсон арга хэмжээг авах нь үр дүнтэй арга. Бүрэн хэвийн болохгүй ч одоо байгаа байдлаасаа нэлээн ахиж дэвших магадлал өндөр. хэмээн “Монголын Аутизмын холбоо”-ны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл хэлж байна. Товчхондоо бүрэн эдгэрэхгүй ч засал авдаг эмгэг юм. Хүүхдээ эрт үе дээр нь Аутизмтай гэдгээ оношлож, онцлогт нь тохирсон зөв арга барилыг ашигласнаар хүүхэд нь өнөөдөр биеэ даах чадвартай болсон олон гэр бүл бий
Нийгэм бүхлээрээ тодорхой хэмжээний ойлголттой байвал аутизмтай хүүхдэд ч, ар гэрт нь тустай. Учир нь, нийгэмд эл эмгэгийн тухай мэдээлэл маш дулимаг байгаа учраас аутизмтай хүүхэдтэй таарахдаа үргэлж буруу талаас нь бодож, эцэг эхийг нь хүүхдээ буруу хүмүүжүүллээ хэмээн чичилдэг байна. Нийгмийн энэхүү хандлагаас болж магадгүй зарим эцэг, эхчүүд аутизмтай хүүхдээ гэрийн “хорио”-нд оруулж, олны нүднээс нуудаг ч байж болох. Тиймээс нийгэм эл эмгэгийн талаар мэдээлэлтэй болж, хэрвээ ийм эмгэгтэй хүүхэдтэй эцэг, эхтэй таарсан бол тэднийг ойлгож, тусалж байхыг уриалж байна.
АУТИЗМ ХЭМЭЭХ СЭТГЭЦИЙН ЭМГЭГ НЬ НИЙГМИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ДАВХАРГА, ЯС ҮНДЭС ҮЛ ХАМААРАН ЯМАР Ч ГЭР БҮЛИЙН ҮҮД ХААЛГЫГ ТОГШИЖ БОЛНО. ГАГЦХҮҮ УГ ЭМГЭГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙЖ, ЗӨВ ОНОШИЛЖ, УЛМААР ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДНА ГЭДГИЙГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДЭРСЭН ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЗӨВЛӨЖ БАЙНА. ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ АВСНААР ХҮҮХЭД ИЛТ САЙЖИРЧ, БИЕ ДААХ БОЛОМЖ БИЙ.
