Хүүхдээ хараа хяналтгүй орхисон эцэг эхийг хатуу шийтгэе
Нийгмийн ороо бусгаа байдал, ядуу зүдүү амьдрал гээд өөр олон хүчин зүйл бидний амьдрал нөлөөлж байгаа ч томчууд бид үр хүүхэддээ тавих халамж анхаарлаа сулруулах ёсгүй юм. Гэтэл өнөөдөр хүүхдээ хүмүүжүүлэх нь бүү хэл өөрсдөө хэрхэн амьдрахаа мэдэхээ больсон эцэг эхчүүдийн балгаар балчир үрс маань гэмт хэрэгтэн болж, элдэв бусармаг хэргийн золиос болон амь насаа алдсаар… Мөн гэр орноосоо дайжин тэнэмэл амьдралаар амьдарч улмаар ор сураггүй алга болох нөхцөл манайд хэдийнэ бүрджээ. Нялх хүүхдийг эхний хэд хоногт нь сайн уйлуул гэх ахмадын зөвлөгөө, хүүхдээ унаад уйлахад нь “эр хүн уйлдаггүй юм” хэмээн зандрах эцэг, балчир үрээ хайрлан энхрийлэх эхийг нялуурлаа гэж загнах хэн нэгэн, энэ бүхэн Монголд хүүхэдтэй харьцдаг өдөр тутмын харьцааны нэг хэлбэр юм. Жишээ:11 орчим насны хүү уралдаж яваад даага нь эсрэг зүгт хадуурч давхисны улмаас төөрч бараг хагас сар шахам ганцаар ууланд амьдарсны эцэст олдож байсан мэдээ бий. Хүү хүний морь унаж уралдсан учраас алдчихвал хэн нэгэнд загнуулна хэмээн айсандаа алдуурч давхисан даагаа хайж явсаар ийм байдалд хүрсэн байдаг. Магадгүй хүү хүний “үнэтэй” адгуусыг алдчихсан бол загнуулж магад зодуулах ч байсан байх. Тэгээд ч манайд хэний ч хүүхдийг хэн ч зодож шийтгэж болдог, үүнийг эцэг эхчүүд нь ч хүлээн зөвшөөрдөг эртнээс уламжилж ирсэн тогтолцоо бий. Ер нь монголчууд бид хүүхдийг багаас нь томоотой, дуулгавартай болгож хүмүүжүүлэх ихээхэн "өвөрмөц" аргатай хүмүүс. Тэр нь алганы амт, “таван салаа боов”-ноос авахуулаад суран тэлээ, чөдөр ногт хүртэл болоод явчихдаг нь үнэхээр харамсалтай. Бид эрт дээр үеэсээ бид авах гээхийн ухаанд суралцсан ард түмэн хэмээн өөрсдийгөө хөөргөдөг мөртлөө эртний иймэрхүү харгис бүдүүлэг хүмүүжүүлэх аргыг өдгөө халчихаж чадахгүй явна. Тэгээд ч мэдээ мэдээлэл хөгжсөн орчин цагт хүчирхийллээс хүчирхийлэгч л төрдөг жишээг олонтаа л сонсож дуулж байгаа биз.
НҮБ-аас хийсэн Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай судалгаагаар энэ асуудал зөвхөн Монголд ч биш дэлхийн маш олон оронд бодитоор, бүүр бат бөх тогтнож байгааг илрүүлсэн байна.
Эрхээ мэдэхгүй үрс минь томчуудын үл тоомсорлолд өртсөөр
Бид хүүхэд эрхээ эдэлж, эрүүл саруул насанд хүрсэн хүн болохын тулд хүчирхийллээс хамгаалагдсан байх ёстой гэдгийг мэддэг ч, хүчирхийлэл нь ёс заншил, ердийн үзэгдэл болон хүлээн зөвшөөрөгдсөөр л байна. Бага насны 500 гаран хүүхдийг хүчирхийлэлд хэр өртдөг талаар судлагаанд хамруулсан бөгөөд 10-11, 14-15 насны хүүхдүүдийн 53,2 хувь нь сургуульд, 42,3 хувь нь гэрт шийтгэл байнга тохиолддог хэмээн хариулсан байна. Хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой сургууль нь эсрэгээр хүчирхийллийн орчин болж байгаа нь онцгойлон анхаарал татаж байгаа юм. Тэр тусмаа хүүхдийг хамгийн ихээр шийтгэдэг хүн сурган хүмүүжүүлэх гол үүрэгтэн болох багш байгаа нь Монгол Улсын Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр “хүүхдийг бие махбодь, сэтгэл санааны хувьд шийтгэхийг хориглох” заалтыг оруулах гол үндэслэл болсон юм. Бага насны хүүхдүүдийг хүчирхийлэлд өртсөн байдлыг нийт 39 үйлдлээр, хэлбэрээр нь ангилбал сэтгэл санааны эсрэг хүчирхийлэл 15, эдийн засгийн хүчирхийлэл 6, бие махбодийн эсрэг хүчирхийлэл 13, бэлгийн хүчирхийллийг 5 төрлийн үйлдлээр тодорхойлжээ
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн үйлдлүүд
Сэтгэл санааны хүчирхийлэл
Эдийн засгийн хүчирхийлэл
Бие махбодийн хүчирхийлэл
Бэлгийн хүчирхийлэл
Чанга дуугаар загнаж, хараах
Үгийн бус хэлбэрээр доромжлох, дарамтад оруулах
Нэр хоч өгч, гутаан доромжлох
- Тэнэг, юм ойлгодоггүй, сурах чадваргүй гэж олны өмнө хэлэх
- Хувцас хунар муутай, ядуу айлын хүүхэд гэж бусдад ойлгогдохуйц байдлаар хандах, ичээх
- Өнчин, эцэг эх салсан зэргээр доромжлон сэтгэл санааны дарамтад оруулах
- Царай зүс, бие бялдрын хувьд ялгах
- Хөдөөний, гэр хорооллын гэдгээр ялган харилцах
Хэл яриа, аялга, үндэстэн угсаатны хувьд ялгах, ичээх
- Бусдын өмнөөс буруутгаж, шийтгэх
- Хийж гүйцэтгэсэн даалгавар, оролцоог шударга бусаар үнэлэх
- Хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хувцас хунарыг урах, тасдах, эвдэх
Сургууль дээр мөнгө, эд зүйлс авчрахыг шаардах,
- Саналыг нь харгалзахгүйгээр ном, сургалтын материалыг авахыг шаардах
- Мөнгө авчрахыг шаардан хичээлээс явуулах
- Саналыг нь харгалзахгүйгээр мөнгө шаардсан даалгавар өгөх
- Албадан хөдөлмөр хийлгэх
Хүйтэн, харанхуй газар зогсоох, үлдээх, хонуулах, ангид түгжиж орхих
- Уяа, оосор, бүс ашиглан хүлэх, боох
- Хоол өгөхгүй өнжөөх, өлсгөх
- Хоолыг булаах, гэрээс ирсэн хоол хүнсийг айлгаж авах
- Хэт орой унтуулах, шөнө дунд дунд буюу хэт эрт босгох
- Хурц үзүүртэй
зүйлээр хатгах, чичих
- Сэгсрэх, чирч гулдрах, заамдах
- Зодох, цохих, өшиглөх,
- Гар, сандал, цүнх өргүүлэх, галуун цуваагаар явуулах, хэт удаан гүйлгэх
- Ямар нэг зүйлээр цохих, шидэх
- Алгадах, няслах, бөгжөөр цохих, чимхэх, чих мушгих, үснээс зулгаах
-Нүцгэн \шалдан\ хүний зураг, сэтгүүл, кино зэргийг үзүүлэх,
- Хүсээгүй байхад нь үнсэх, үнсэхийг оролдох,
- Нууц эрхтэн, хөх, бөгсөнд санаатайгаар хүрч, илж таалах,
- Эмчийн үзлэгээс бусад тохиолдолд нүцгэлэхийг шаардах
Америк хүүхэд зодуулж болохгүй харин монгол хүүхэд зодуулж болдог
Судалгаанд хамрагдсан цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн 80 хувь нь, сургуулийн бага ангийн сурагчдын 77.5 хувь, 6-11-р ангийн сурагчдын 98.6 хувь нь сургууль, цэцэрлэгийн орчинд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг байна. Хүүхдүүд минь гадаадын зарим орны хүүхдүүд шиг хармааны мөнгө өгөөгүйн төлөө эцэг эхийгээ шүүхэд дууддаггүй. Зодож шийтгэснийх нь төлөө цагдаад хэлэхгүй. Тэд маань ингэж амьдрах л ёстой мэт бяцхан зүрхэндээ гомдол тээн амьдарч байна. Мөн хүүхдээ тээршаасан байдлаар хандаж, хүүхдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдах болсон тухай мэдээлэл өдрөөс өдөрт газар авсаар. Харинхорин зах дээр тэрэг түрдэг 13 настай Баяраа хүүтэй хэсэг хором уулзсан юм. Тэрээр ер сургуульд сруч байгаагүй аж. Хоёр жилийн өмнөөс зах дээр ажиллах болжээ. Баяраа өвөлдөө зах дээр тэрэг түрэх, ачаа зөөх гэх мэтийн ажил хийдэг бөгөөд харин цаг агаар дулаараад ирүүт зогсоол дээрх машин угаах буюу цөөн цагаар харж хэдэн төгрөг олдог байна. Түүний эмэгтэй дүү нь мөн сургуульд сурдаггүй бөгөөд ээжтэй нь хамт хоол хийж зах дээр борлуулдаг аж. Харин тэдний аав нь ажил хийдэггүй байнга архи уудаг бөгөөд Баярааг мөнгө олоогүй өдөр загнаж гар хүрдэг аж. Мөн аав нь Баяраа болон дүүгийнх нь төрөөс өгч байгаа мөнгийг нь аваад архи уучихдаг хэмээн ярьсан юм. Мөн Баяраа надад өөрийнхөө зургийг авч болохгүйг сануулаад хэрэв араас нууцаар авах юм бол би яаж ч чадна шүү хэмээн сүрдүүлээд авлаа. Баяраагийн яриаг сонсож суухад тэрээр яг л том хүн мэт хэвлүүхэн хэрсүү ярих ч надад тийм ч таатай санагдаагүйг нуух юун. Тэрээр өдийд амьдралын зовлон зүдгүүр ярих бус сургуульд үеийнхээ найзуудтайгаа хөгжилдөж аав ээждээ эрхэлж явах насандаа яваа билээ. Ингээд наснаасаа эрт өтөлсөн хүү тэргээ түрэн дэргэдэх хүүтэйгээ элдэв хараал хэлэлцэн цааш явлаа. Эндээс харахад төрөөс хүүхдэд олгож байгаа халамжийн мөнгийг дийлэнх эцэг, эхчүүд тэдний хүмүүжил, боловсролд бус өөрсдийнхөө хэрэгцээнд л зориулдаг болох нь харагдаж байна. Тэр ч байтугай халамжийн мөнгө авахын төлөө хүүхэд төрүүлж, эргээд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж чадахгүй нийгмийн золиос болгож байгаа нь ч бий. Мөн өдөртөө 4-5 хүүхэд алга болсон тухай дуудлага ирдэг талаар НЦГ-ын мэдээлэл байна. Гэхдээ эдгээр хүүхдүүдийн 2-3 нь ганц хоёр хоногийн дараа олддог ч үлдсэн хүүхдүүдийн хувь заяа хэрхдэг нь тодорхой бус. Тэгээд ч алга болсон ой гарантай хүүхдээ сар гаруй хайлгасны эцэст өөрийн хүсэлтээр эрлийг зогсоосон ээжийн тухай сонсоод сэтгэл тавгүйрхснээ нуух юун. Ямар ч эх хүн үр хүүхдийнхээ төлөө эцсээ хүртлээ тэмцдэг байхад зүгээр л нэг хаячихдаг эд бараа мэт хандаж байгаа хүнтэй харин хариуцлага тооцмоор. Өнөөдөр 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна. Мөн Нийслэлийн цагдаагийн газраас авсан тоогоор бол нийслэлийн хэмжээнд биеэ үнэлэгч болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн тоо 4683 хүрсэн аж. Энэ тоог хүйсээр нь авч үзвэл 85 хувь буюу 4643 нь охид байгаа юм. Хүүхдүүд гэртээ, аав ээж, ах дүүстэйгээ хамтдаа байж л элэг бүтэн гэр бүлийн аз жаргалыг мэдэрч байж нийгэмд хэрэгтэй хүн болж өсөх учиртай. Үүнд хэн хэрхэн нөлөөлөх ёстой вэ? Мэдээж томчууд бид. Бид цэцэгс мэт балчир үрдээ амьдралын толь болж, толинд туссан бидний нөлөөгөөр хүүхэд амьдралаас суралцдаг биш үү. Харин амьдралын сайн мууг үзээгүй, ялгаж таньж мэдэхгүй, төлөвшиж гүйцээгүй насандаа яваа үр хүүхэд тань томчууд бидний сулхан атгасан хяналтаас гарчихаад байна. Хамгийн чухал нь таны хяналт хүчирхийлэл биш байх ёстойг үргэлж санаж яв. “Би хүүгээ сайн хүн болгох гэж л гар хүрдэг байсан” гэх эцгийн яриаг би олонтаа л сонсож байсан.Харин сайн хүн болох ёстой үр удам тань ирээдүйд хүн хайрлах сэтгэлгүй гэмт хэрэгтэн болчихвол яах вэ? Хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшдөг бол харгислалд өссөн хүүхэд харгис хэрцгий нэгэн болж хувирдаг нь гарцаагүй үнэн бий. Жишээ 1. Дүгнэлт
Эцэст нь үүргээ эцэг эх нь биелүүлж чадаагүй тохиолдолд төр хүүхдийг хамгаалах үүргийг хуулиар хүлээсэн байдаг учраас аль аль нь энэ асуудлыг анхааралдаа авах нь зүйтэй л болов уу!
