ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Өрхийн тэргүүн Н.Батзориг, Гэргий Д.Наранчимэг
“Би гэр бүлээсээ амьдралын үнэ цэнийг мэдэрдэг”
“Амьд явах виз” би энэ номын нэрийг уншаад анх гайхах, эргэлзэх зэрэгцэж билээ. Энэ үгсийг холбон байж чухам ямар агуулгыг хөндсөн юм бол гэж таамаглан бодсоор зориуд цаг гарган энэ номыг уншсан билээ. Хамгийн түрүүнд орж ирсэн бодол бол “Бурхан багш тэнгэрт орших ордондоо хүмүүн заяа, хувь тавиланг хуваарилан суух зуур хөвсгөр үүлнээ хөөцөлдөн тоглох багачуудаас онцлон нэгийг нь дуудан, ижий аавд нь илгээдэг” хэмээн аавын ярьдаг байсан багын үлгэрээр төсөөлж билээ. Гэвч гэнэн бодлыг минь харуусах, ухаарах, хүндэтгэх гээд олон мэдрэмжүүдээр өөрчилсөн энэ номыг уншаад амьдралын үнэ цэнийг би ахиад өөрөөр мэдэрсэн юм. Ийм мэдрэмж, бас ухаарлыг олон хүнд хайрласан энгийн нэгэн бүсгүйг үнэ цэнэтэй гэр бүлийнх нь хамт зочноороо урилаа.
Сүүлийн үед facebook хэмээх хий хоосон мэт боловч хүний амьдралын зовлон жаргал, баяр хөөр, улс төр, хов жив, урмын сайхан үг, уянгалаг дуу, амжилт бахархал гээд хүний бүхий л араншин холилдон орших цахим ертөнцөд аялангаа ажиллаж байхдаа “Амьд явах виз” номын тухай сэтгэгдлүүдийг олж уншсан юм. Амьд явах хугацаагаа богино болсныг мэдэж, хайртай хань, 5 сайхан хүүдээ, аавдаа, ээждээ... элэг бүтэн энэ сайхан амьдралдаа хоргодох сэтгэлийг мэдрэн хамгийн гол нь хатуу ч гэсэн үнэхээр онож хэлсэн энэ үгний эзэн бол Цахиурт овогт Даваасүрэнгийн Наранчимэг хэмээх бүсгүй.
Жаргалд хүн бялуурахаараа нүд сохор, чих дүлий, сэтгэл харанхуй болдог, зовлонд хүн нэрвэгдэхээрээ хараа хурц, чих сонор, өр зөөлөн болдог... хэмээх үг тоолсон нас, туулсан амьдралын ухаарал. Энэ үгээр өндөрлөх анхны номыг нь уншсанаас хойш Цахиур овогт Даваасүрэнгийн Наранчимэг хэмээх гал цогтой энэ эмэгтэйтэй нүүр тулан уулзахыг хүсч байсан билээ. “Өргөст сарнай” номоо уншигчиддаа хүргэснийх нь дараахан сэтгүүлч бүхэн л номын талаар ярилцсан бол би гэр бүлийн үнэ цэнийн тухай онцлон ярилцсанаа уншигч танд гэр бүлийнх нь нандин дурсамж бүхий гэрэл зургийн цомгийн хамт хүргэе.
Зочин маань хүнсний технологийн инженер мэргэжилтэй, соц үеийнхний ярьдгаар баруунд суралцаж, мэргэжил эзэмшсэн, сэхээтэн эмэгтэй. Хань Н.Батзоригтойгоо Германд суралцаж байхдаа танилцаж, гэр бүл болжээ. 3 хүүтэй ижийг “Дархан бэр” хэмээн хүндэлдэг бол Наранчимэг тавын таван хөвгүүн төрүүлж өсгөсөн сайхан ээж, сайн хань.
Элдвийг бясалгаж, бичиж илэрхийлэх дуртай зочин маань энэ дугаар бэлтгэгдэх мөчид нүүр хуудсандаа ийн бичжээ.
Сүүдэр зөрсөн амьдрал
“Хүний сүүдэр гэрлийн тусгалаас болж өөр өөр байдгийг бүгд мэднэ. Заримдаа сүүдэр маань богинохон, заримдаа уртаас урт... бүүр хав хар, хааяа нэг их бүдүүн тагжгар, хааяадаа гонзгой гонжийсон, зарим эрхтэн дүрслэл муутай, хэт том хэт жижиг гэх мэт.... Яг түүн шиг хүний хувь тавилан өөр өөр байх” хэмээн бичжээ.
Тиймээ, хүний амьдрал нэг бодоход зорилгынхоо төлөө хичээвэл зоргоороо зохиогоод байх шиг харин заримдаа “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэдэг шиг хэтэрхий хатуу байх нь бий. Яг л ингэж уулгалмаар хүнд бэрх даваа Батзориг, Наранчимэг хоёрын бүтээсэн амьдралд зовлон болон иржээ. Хорт хавдраар энэлэн шаналан байсан хүүгээ ижий аавын хайр халамжаар ёстой л хөл дээр нь босгож, гараас нь хөтөлж одоо л нэг давлаа даа гэтэл бас нэгэн зовлон хаалга тогшив. Үрийнхээ оронд өөрөө өвдөх юмсан хэмээн шаналж байсан ээж айхтар хүнд өвдсөнөө сонссон. Тууштай эмчилгээ хийвэл эдгэнээ гэсэн эмчийн үг хоёр жилийн дараа онцын өөрчлөлт гарсангүй ээ, элэг шилжүүлэн суулгахаас аргагүй хэмээх хатуу хариултаар солигджээ. Ингээд бичихэд хоёр өгүүлбэрт л багтчихаж байгаа ч үүний цаана хүний амь, гэр бүлийн амьдрал, зовлон гуниг бүхэлдээ бий. Чухам яагаад “Гэр бүлийн үнэ цэнэ” буланд тэдний гэр бүлийг сонгож, зовлон жаргалыг нь өгүүлээд байгааг уншигч та багахан гайхаж болох юм. Тэгвэл гэр бүлээсээ амьдралын үнэ цэнийг мэдэрдэг хэмээн онцлон хэлэх зочин маань сэтгэлийн хат гээч зүйлээр бүхнийг даван туулж, бусдыг урам зоригоор дагуулж буй хүчирхэг эмэгтэй.
Д.Наранчимэгт удаан хугацааны уйгагүй эмчилгээ хийлгэхдээ сэтгэлээр унаж, уйлж, тэмцэж босч байсан үе олон бий. Угийн аливааг бодож бясалгадаг, бичиж илэрхийлдэг зарчмаараа өөрийн сэтгэлийн хөдлөлийг цааснаа буулгаж, доторхоо онгойлгодог байсан бол энэ бүхнээ яагаад бусадтай хуваалцаж болохгүй гэж нэг л өдөр бодогдон, цахим ертөнцөд “зэрэг бүлэг, нүүр хуудсаар бусадтай үзэл бодол, зовлон жаргалыг нь хуваалцах болжээ. Тэрээр цахим ертөнц дэх орон зайдаа 170 гаруй мянган дагагч, уншигчтай. Нараагийн найзууд”, “Бүх хайраа гэр бүлдээ”, “Цахиурт овогт Даваасүрэнгийн Наранчимэг”
2013 оноос эрчимтэй эмчилгээ хийлгэж, энэ хугацаанд өвдөж шаналж, хорт хавдрын улмаас биедээ илэрсэн шинж тэмдэг бүрийг өөрийн нүүр хуудсандаа тавьж, гэр бүл нь түүнийг хэрхэн дэмжиж, тэднийхээ төлөө хичээж, хэрхэн даван туулж буйгаа энгийн үгээр илэрхийлэн бичихийн сацуу шүлэг, өгүүлэл, нийтлэлээсээ бүрдсэн хэд хэдэн ном бичжээ.
2015.10.12 “Өргөст сарнай” номын нээлт
Түүний бусадтай хуваалцсан бүхэнд фэйсбүүкийн найзууд нь өөр өөрийн өнцгөөр хандаж, сэтгэлийн дэм, амьдралын төлөө тэмцэх эрч хүч хайрладаг. Зарим нь эгдүүцэх нь ч бий. Хамгийн үнэ цэнэтэй нь түүний бусадтай бодит үнэнийг хуваалцах зориг тэвчээр нь ижил зовлон туулж яваа хүмүүст “Болдог юм байна, боломж бий юм байна” гэх бодлыг төрүүлж, урам хайрлаж байгаад оршино. Номын нээлтэнд фэйсбүүкийн найзуудын төлөөлөл ирж, энд анх удаа нүүр тулан уулзаж байгаа хүмүүс ч байсан юм.
Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг хэмээн бид хэлэлцдэг бол харин Д.Наранчимэг өөр бодолтой. Хүн гэр бүл, найз нөхдөө хайрладаг шигээ өөрийгөө хайрлаж, анзаарч байх хэрэгтэйг бичсэн бүхнээрээ сануулна. Түүнийхээр бол аливаа зүйл өөрийн гэсэн дохиог заавал өгдөг, харин түүнийг анзаарах, хариуцлагатай хандах гэдгийг онцолно. Харин нэгэнт хайрлаж, гамнаж чадаагүйгээсээ тэр “хэцүү нэрттэй” нүүр тулсан бол түүнийг давж туулах сэтгэлийн тэнхээтэй байхыг л бусдад ойлгуулахыг хүсч байгаа жирийн нэгэн бүсгүй. Өвчинд бууж өгөх үү, сөрж амьдрах уу? гагцхүү сэтгэл хэмээх эрхтнээ жолоодож, өөдрөг тэмүүлэлтэй байж л та даван туулна. Хүн бүхэн өөртөө итгэж, сэтгэлийн тэнхээтэй байж чадвал өвчин зовлон гэдэг юу ч биш гэдгийг Наранчимэг өөрөөрөө харуулан, бусдад номоороо өгүүлж байна.
Хань Намсангийн Батзоригтоо зориулсан шүлгийн хэсгээс
... Зовох цагт чи минь л ганцхан хажууд минь үлдэх юм чинээ санасангүй
Зоргоороо туйлж зоосны нүхээр амьдралыг харахдаа бодоогүй явжээ
Буурал хорвоогоос уйдаад биш, бууж үдлээд буцахын цагт
Бусдын өгөөгүй хайраар зүрхийг минь дахин амьдруулж чаджээ...
Нээлтээ хийсэн өдрөөсөө шилдэг номын жагсаалтыг тэргүүлсэн “Өргөст сарнай” номонд 1990-ээд оны Монголын нийгмийн шилжилт, задрал өөрчлөлттэй холбоотойгоор барууны ертөнц рүү, хилийн чанад руу зорьж буй монголчуудын тухай өгүүлжээ. Тэр үед жинхэнэ бодит байдал ямар байсныг, тэр тусмаа эмэгтэйчүүдийн туулсан зам, үүрсэн ачааны тухай бодит хүний амьдралаас сэдэвлэн бичжээ. Бодит амьдралыг энгийн үгээр гэхдээ бас уран яруу өгүүлсэн “Өргөст сарнай” номыг худалдан авч уншаад, түүний эмчилгээнд хандив болоорой.
“Гэр бүлийн үнэ цэнэ” булангийн дугаар бүрээс олон сайхан гэр бүлтэй танилцдаг уншигч танд энэ удаад амьдралын өөр нэгэн өнгө төрхийг хүргэлээ. Гунигтай ч юм шиг, гэхдээ бас нэгэн үнэ цэнэтэй гэр бүлийг танилцууллаа. Та зочинтой маань дотно танилцаж, үзэл бодлоо хуваалцан, дэмжиж тусалж, эсвэл түүний туслалцаа танд хэрэгтэй бол FB дэх “ Naranchimeg Davaacuren Tsahiurt ovogt ” хаягаар холбогдоорой.
