Улс, хот хоороны чиглэлд үйлчилгээ үзүүлэх 200 автобус шинээр авна
Улс, хот хоорондын чиглэлд явдаг том оворын автобусыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Энэ хүрээнд эхний ээлжинд Бүгд найрамдах Солонгос улсаас том болон дунд оворын 200 автобусыг оруулж ирэхээр боллоо. Шинээр орж ирэх автобусыг улс, хот хоорондын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд олгох юм.
Өнөөдрийн байдлаар улс болон хот хоорондын чиглэлд 45 аж ахуйн нэгж нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжид нийтдээ 780 том болон дунд, бага оврын автобус явдаг юм байна. Өнөөдөр улс болон хот хоорондын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг Зам тээврийн сайд,Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тээвэрчдэд таатай мэдээллийг салбарын удирдлагууд дуулгасан. Тухайлбал парк шинэчлэлийн хүрээнд 200 автобус шинээр нэвтрүүлнэ, мөн улс хот хоорондын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг аж ажуйн нэгжүүдэд шатахуун зээлээр олгодог болно, мөн шатахууныг бөөний үнээр тээвэрчдэд олгох болсоноо дуулгасан юм. Энэ бол улс хот хоорондын тээврийн үйчилгээ эрхлэгчдэд олгож байгаа бодит дэмжлэг гэж хэлж болох юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг ойрын таван жилд шат дараатайгаар хийхээр төлөвлөгдсөн. Энэ хүрээнд эхний ээлжинд улс, хот хоорондын чиглэлийн том оворын 200 автобусыг БНСУ-аас хөнгөлттэй зээлээр авахаар болсон байна. Дээр нь үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бөөний үнээр шатахуун олгох, мөн нэг сарын хугацаанд зээлээр шатахуун авах зэргээр төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж байна.
