ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ: Хөгжим, бүжгийн коллежийн “ЦИРК”-ийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар
Энэ нийгмийн хамгийн нандин харилцаа болох Гэр бүлийн үнэ цэнийг өгүүлдэг гэгээн нийтлэлдээ уншигч таныг урьж байна. Өөр, өөр санаа бодолтой хоёр хүн нэг зорилго, сэтгэл зүрхтэй болоход багагүй бэрхшээлүүдтэй тулгардаг ч энэхүү сорилтод бүдэрчихгүй, бүхнийг даван гарсан нь элэг бүтэн, аз жаргалтай, амар тайван амьдралыг бий болгож чаддаг. Энэ амьдралыг хамтын хүчээр босгосон сайхан гэр бүлүүдээс бид суралцах хэрэгтэй болов уу. Үлгэр дууриал болсон гэр бүлүүдийн нэгэн төлөөлөл болгож, Хөгжим, бүжгийн коллежийн “Цирк”-ийн тэнхмийн эрхлэгч, найруулагч, СТА Ю.Гэрэлбаатарын халуун ам бүлийг энэ удаагийн “Гэр бүлийн үнэ цэнэ” буландаа урилаа.
ЦИРКИЙН УРЛАГТ УРУУ ТАТАГДСАН НЬ...
“Циркийн урлагийг ихэнх хүмүүс бие бялдрын спорт мэтээр ойлгодог ч үнэндээ энэ бол оюун ухааны бяд шаардсан урлаг юм” хэмээн циркээ өмөөрөнгүй ярих Ю.Гэрэлбаатар анх 6 дугаар ангидаа ХБК-ийн “Циркийн жүжигчин”-ий ангид элсэн оржээ. Аавынх нь танил санал болгосноор тус ангид орохдоо цирк гэж угтаа юуг хэлдэг тухай ямар ч ойлголтгүй байсан гэдэг. Гэхдээ элсэн орсон эхний өдрөөсөө л циркийн урлагт эргэж буцалтгүйгээр дурлаж, үүгээр бүр “өвчилсөн” ажээ. 2000 онд акробатын жүжигчин мэргэжлээр сургуулиа төгсөн, мэргэжлээрээ дөрвөн жил ажиллахдаа эх орондоо байсан хугацаа ховорхон байсан гэх. Учир нь, багаараа олон улсаар аялан тоглолт хийж, ёстой л залуу акробатчин мэргэжлийнхээ ид хавыг үзүүлж явжээ. ХБК-д хөл тавьж, циркийн урлагтай танилцаж эхэлсэн тэр мөчөөс эхлэн дэлхийн театр, урлагийн хамгийн том их сургууль болох ОХУ-ын Москва хотын “ГИТИС”-т суралцах юмсан гэсэн хүслийг цээжиндээ нууцхан мөрөөдөж явжээ.
“Мөрөөдөж, түүнийгээ үргэлж бодож явахад биелдэг юм байна” хэмээн ярих Ю.Гэрэлбаатарын олон жилийн мөрөөдөл нь нэг л өдөр биелж, тус сургуульд тэтгэлгээр суралцах шалгалтыг өгснөөр тэнцэж, 2004 онд мөрөөдлийнхөө сургууль руу хүлгийн жолоо залжээ. Дэлхийн алдартай энэ том театр урлагийн сургуульд түүнээс өмнө циркийн дөрвөн найруулагч төгссөн байдаг. Хүсэл нь биелсэн тэрээр баяр хөөр дүүрэн сургууль дээрээ иртэл энэ жил нэгдүгээр ангид хүн авахгүй гэсэн гэнэтийн шийдвэр түүнийг угтан авлаа. Гэхдээ мөрөөдөл нь биелэхийн даваан дээр ирсэн учраас ингээд буугаад өгчихөлгүй сургуулийн удирдлага дээр нь орсон анхны зоригтой оюутан тэр болсон юм. Нэгдүгээр курсын бүх шалтгалтуудыг давж чадах юм бол хоёрдугаар курстээ шууд орж болно гэсэн шийдвэр гарсан учраас өөрийгөө сайн дайчилсны эцэст тэр том сургуулийн босгыг давж чадсан тэрээр түүхэндээ анги алгассан анхны оюутан болсон байна. Таван жил сурах хугацааг өөрийгөө дайчлан, шахаж хичээлүүдээ судалсны үр дүнд гурван жил сурч, сургуулиа циркийн болон драмын найруулагч гэсэн хос дипломтойгоор амжилттай төгсчээ. Одоо тэрээр сурч мэдсэн зүйлсээ залуу хойч үедээ залгамжлуулахаар багшийн үүрэгт ажлыг хийхийн зэрэгцээ Монголын циркийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар уран бүтээлээ ч мөн орхигдуулалгүй ажилласаар яваа юм.
МОСКВАД УЧИРСАН ГЭНЭТИЙН УЧРАЛ
Түүний ханийг Т.Алдармаа гэдэг. ЭМШУИС-д хэл шинжлэлийн багшаар ажилладаг тэрээр Москвад улсын тэтгэлгээр энэ чиглэлээр сурч төгсчээ. Улсын тэтгэлгээр Москвад сурах шалгалтад нэгээр гарч ирсэн Т.Алдармаа хойно сурахынхаа зав чөлөөгөөр хүүхдүүдэд хичээл заадаг байжээ. Нэг өдөр хичээл зааж байсан айлын хүн эмнэлэгт хүн эргээд өгөөч гэсэн хүсэлт тавьснаар яваад очтол ирээдүйн нөхөр Ю.Гэрэлбаатар байсан гэдэг. Гэргий нь энэ тухай эргэн дурсахдаа “” хэмээн ярьсан юм.Эр хүнийг ходоодоор нь татдаг гэх үг оргүй үг ч биш юм билээ. Би ханьдаа нойл шөл зөөж гүйсээр байгаад өөрийнхөө хоолоор түүний ходоодыг татаж, улмаар дотносож, өнөөдөр ингээд нэг гэр бүлийн хоёр болжээ
Нэг гэр бүлийн хоёр улсын тэтгэлгээр хойно сургуульд явж ирсэн учраас өөрсдийгөө улс эх орондоо өртэй хүмүүс хэмээн ухамсарладаг аж. Тэдэн шиг ийм бодолтой яваа, сурсан эрдмийнхээ үр шимийг эх орондоо хэрэгжүүлэхээр зүтгэлэн яваа залуус манайд хэр олон бий бол...
ААВЫГАА ХУУЛСАН МЭТ 4 ДЭРСХЭН ОХИН
10 гаруй жилийн жаргал, зовлонг өөрсдийн ухаанаар туулахдаа 4 хөөрхөн охины аав, ээж болжээ. Том охин Г.Мөнхсолонго одоо 11 настай бол Г.Энэрэлцагаан 8, Г.Элбэгзаяа 6, бага охин Г.Элбэгжаргал хоёр настай. Охид аавтайгаа адилхан байдаг гэдэг. Энэ үгийг батлах шиг охид аавыгаа өвч дуурайжээ.
МИНИЙ ХОББИ, МИНИЙ АМЬДРАЛ ЦИРК
Хойд циркийн байр шатахад багш нараас гадна хүүхэд насаа өнгөрөөсөн сурагчдын сэтгэл шимширч хоцорсон гэдэг. Тэдний нэг бол Ю.Гэрэлбаатар юм. Энэ жил уг байрыг сэргээн засварлах тухай сонсоод, дотроо маш их баярлаж байсан ч төсөв батлаагүйг дуулаад сэтгэл гонсгор байгаа нь ярианаас илт. Мэргэжлийн циркийн дугуй байр хувьчлагдсанд харамсаж явдаг тэрээр “” хэмээн ярина. Гэхдээ нөхцөл байдал ийм байна хэмээн гар хумхиад, мөн “зэврээд” дуусахыг хүсээгүй тэрээр сургуулиа төгсөн эх орондоо ирээд 10 гаруй жүжгийг найруулан тайзнаа тавьжээ. Эдний хоёр нь драмын жүжиг. “Сонгодог урлагийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд “Шалзад баахан шарга” уртын дуунаас сэдэвлэн өөрөө зохиолоо бичиж, жүжгээ найруулан тавьжээ.Циркийн найруулагчийн ажлаа хийхэд орон зай буюу мэргэжлийн байр хамгийн чухал нь. Гэтэл мэргэжлийн байр нь хувийнх болсон учраас мэргэжлээрээ ажиллах боломж хязгаарлагдмал болчихсон
“Жуманжи”, “Дэлхийн мод”, “Маргад эрдэнийн орон”, “Гэрэлт ертөнц”, “Мадагаскар” зэрэг хүүхдийн жүжгүүдийг найруулан тавьж, үүгээрээ хүүхдийн жүжгийн түвшинг шинэ шатанд авчирсан юм. Циркгүй байж, ийн жүжиг найруулан тавихад нь түүнийг хүмүүс “Циркгүй циркийн найруулагч” хэмээн нэрлэх нь ч бий.
Ю.Гэрэлбаатар “Би амьдралаа ийм эрх ашгаас ангид байлгахыг хүссэн. Мөнгө бол үрэгдээд л дуусна. Энэ амьдрал богинохон шүү дээ. Ахмадуудынхаа тарьсан энэ үрийг хатаахгүй ургуулахыг л хүсч явна. Манай сургуулийг надаас өмнө Монголын циркийн дөрвөн найруулагч төгссөн. Гэсэн ч тэдний ихэнх нь одоо мэргэжлээрээ ажилладаггүй. Зарим нь гадаадад амьдарч байна. Тэгэхээр би энд байх ёстой юм”
Үндэсний язгуур урлагаа харуулсан циркийн бүтээл найруулж, түүнийгээ дэлхийд таниулахыг хүсч мөрөөдөж явдаг Ю.Гэрэлбаатар өнгөрсөн сард Үндэсний Циркт зохион байгуулагдсан “Олон улсын залуу циркчдийн наадам” нэртэй 20 гаруй улсыг хамарсан циркийн уралдаан манай улсад анх удаагаа амжилттай явагдсан билээ. Тэгвэл эл наадмыг Ю.Гэрэлбаатар санаачлан зохион байгуулсан нь Монголын циркийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болсныг үзэж сонирхсон олон нийт мэдэж буй.
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ
: Гэр бүлийн ноён нуруу аз жаргалтай байвал түүнийгээ дагаад бусад гишүүд нь аз жаргалтай байдаг юм болов уу гэж боддог. Миний хань намайг ажил гээд гүйж явахад ар амьдралыг маань гайхалтай сайхан авч явдаг. Өөрөөр хэлбэл, ар дахь амьдрал минь гэж санаа зовох сэтгэл төрүүлэлгүй ар талыг минь даадаг. Би ийм гайхалтай ханьтай азтай эр хүн. Мөн миний хамгийн үнэнч зөвлөх, туслагч. Бид нэг мэргэжлийнх биш мөртлөө хамтарч уран бүтээл хийдэг. Өөрөөр хэлбэл, би санаагаа гэргийдээ хэлэхэд бид энэ талаар ярилцаж, үүнээс нь би гэдэг хүн хөглөгдөж, онгод ордог. Гэр бүл амар тайван амьдрахад нэг нэгнээ ямар ч үед ойлгох, мөн хүндэтгэл хамгийн чухал. Эр хүн амьдралд нэг зүйл дээр л унах байх. Унах тэр үед нь түших хүн хажууд нь байгаасай. Түших тэр хүн нь сайн түшээсэй гэж боддог. Ингэж чадвал элэг бүтэн амьдралаа хадгалан үлдэж, бүгд аз жаргалтай амьдарч чадна гэж боддог. Өрхийн тэргүүн Ю.Гэрэлбаатар
: Хайртай болохоороо хүн ухаанаа алддаг гэдэг үг юутай үнэн. Хань минь аз жаргалтай байвал ч би ч гэсэн аз жаргалтай болдог. Хүүхдүүд бол хайрын үнэ цэнээр авсан бэлэг шүү дээ. Хайраар бид хамгийн үнэтэй охидоо төрүүлсэн. Гэргий Т.Алдармаа
Бидний урилгыг хүлээн авч, гэр бүлийнхээ халуун дулаан орчинд элэгсгээр угтан, дурсамжтай сайхан яриа дэлгэсэн Ю.Гэрэлбаатарын халуун ам бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
