Дизайнер Д.ОТГОНЖАРГАЛ: Монголчууд маань монгол брендээр гоёж байгаасай
“ Soo light – 10 жил” хэмээх сурталчилгааг хараад монгол хүний ур ухаанаар бүрдсэн гайхалтай даашинзнууд, өөртөө итгэлтэй ихэмсэг гоо бүсгүйчүүдийн төрх донжийг хараад аргагүй сэтгэл хөдөлнөм. Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалыг “Гоёлын даашинзны хатанхаан” хэмээн өргөмжилөхөд үгүйсгэх хүн үгүй биз. Энгийн даруухан энэ бүсгүйг гайхалтай урлалынх нь хамт сэтгүүлийнхээ хамгийн хүндтэй “Дугаарын зочин”-оор урилаа.
TV ZONE : Таны бүтээл “ Miss Earth ” тэмцээний “Шилдэг үдшийн гоёлын даашинз”-аар шалгарч дэлхийд үнэлэгдлээ, баяр хүргэе !
Д.ОТГОНЖАРГАЛ: Баярлалаа, сэтгэл маш өндөр байна. Энэ бол миний бүтээлээс гадна мисс А.Баярцэцэг маань өөрийгөө илэрхийлж чадсан илэрхийлэл, хүч хөдөлмөрийн үр дүн. Тун удахгүй тэмцээний эцсийн шат болно. А.Баярцэцэгтээ амжилт хүсье.
TV ZONE : Шилдэг даашинзны загварын тухайд?
Д.ОТГОНЖАРГАЛ: А.Баярцэцэг маань урьд нь миссийн тэмцээнд оролцож байхдаа “Танаар даашинзаа урлуулмаар байна” гэж байсан ч тухайн үед боломж бүрдээгүй. Энэ удаад Монгол Улсаа төлөөлж явж байгаа том тэмцээнд би хувь хүнийхээ үүднээс оролцох ёстой юм болов уу гэдэг үүднээс саналыг хүлээж авсан. Мисс А.Баярцэцэгтэйгээ их ачаалалтай үеэр хамтарч ажилласан. Баярцэцэгийнхээ тэмцээнд оролцохоор бэлдсэн бичлэгийг үзээд зөвхөн би ч биш бүх монголчуудад өөрийн эрхгүй омогшил төрсөн байх. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Өнгөрсөн жилийн O’Couture шоуныхаа шилдэг даашинзнуудын нэгийг шинэчилж, ажилласан. Мисс Баярцэцэг “Шилдэг үдшийн даашинз” номинацид өрсөлдөх даашинз маань ийм гоё юм чинь эцсийн шалгаруулалтын даашинз үүнийгээ бут цохих ёстой. Тиймээс та л хийж өг гэсэн. Би эцсийн шалгаруулалтад өмсөх цав цагаан даашинзыг хийчихээд “Би амьдралдаа ийм гоё даашинз оёж үзээгүй юм байна. Би бүтээлдээ дурлачихлаа. Заавал амжилт гаргаарай” гэж хэлсэн /инээв/.
TV ZONE : Таны энэ жилийн загваруудын онцлох деталь, өнгөний трендийн хувьд?
Д.ОТГОНЖАРГАЛ: Загвар зохион бүтээгч хүн өөрийгөө эвдэж, хайрцагт орохгүй байх ёстой л доо. Загваруудад чинь энгэр нь задгай загвар байхгүй байна гэдэг сэтгэгдэл сонссон. Би урьд нь энгэр нь задгай, эмэгтэй хүний тачаангуй дүр төрхийг илтгэсэн загварууд мянга мянгаар нь хийчихсэн болохоор энэ бүгдийг харуулахыг зорьсонгүй. Өнгөрсөн жилийн загварууд маш тачаангуй өнгө төрхийг илтгэсэн хэдий ч өмсөх хүн цөөн байсан. Монголын нийгэмд зохицохгүй байна гэсэн үг шүү дээ. Энэ жилийн загваруудаа монгол хүний хүсэл сонирхол, хэрэглээнд үндэслэсэн. Загварын ертөнцөд мооданд орж байгаа хэлбэр манай орны хэрэглээтэй огт тохирдоггүй үе байдаг. Монголчуудынхаа хүсэл сонирхолд нийцсэн өнгө, загварын хувцаснуудыг хийхийг зорьсон. Эрээвэр хураавар болчихвий гээд улаан, хар, саарал, алтлаг зэрэг загварын классик өнгийг дагнаж бүтээлээ. Энэ удаагийн шоу үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэгт сонгодог стилийн, хар цагаан, ууссан саарал, шаргал өнгийн бүтээлүүд байх бол дараагийн хэсэгт шар, цэнхэр, ногоон гэх мэтчилэн гэгээлэг өнгийн загваруудыг толилуулна. Би анх удаа шар өнгийн даашинз оёж шар өнгө ямар гоё энхрий ялдам харагдуулдагийг мэдэрсэн л дээ.
TV ZONE : Загвар зохион бүтээгчийн фантаз амилахад материал, бүрэлдэхүүн хэсгийг юугаар, хэрхэн урлах вэ гэдэг хамгийн чухал байдаг шүү дээ. Харамсалтай нь манайд материалын үйлдвэрлэл хөгжөөгүй байна. Таны хувьд хаанаас, ямар материал авч хэрэглэж байна вэ?
Д.ОТГОНЖАРГАЛ: Тиймээ, загвар зохион бүтээгч болгоны маань өмнө тулгардаг хамгийн хэцүү асуудал бол материал байдаг л даа. Материалаа харж байгаад загвараа зохиодог хүн ховор. Цаасан дээр буусан загвараа амилуулахад хамгийн их цаг хугацаа зарцуулдаг, дээр нь хамгийн их урам хугалдаг зүйлүүдийн нэг бол материал. Бид материалаа үйлдвэрлэдэг байж гэмээ нь Монголын загварын ертөнц жинхэнэ утгаараа хөгжинө. Гэхдээ хөгжихгүй байгаа гэж хэлэх гээгүй юм. Учир дутагдал байна. Бөс даавуун эдлэл үйлдвэрлэх гэж байгаа хэд хэдэн газар байгаа. Материал үйлдвэрлэхийн тулд маш сайн химийн үйлдвэр хэрэгтэй. Химийн маш сайн мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх, техник технологи гээд өндөр өртгөөр босох энэ үйлдвэр манай улсын хөгжилд маш том нөлөө үзүүлнэ гэж боддог. Гадны улс орнуудаас материал авахаар өртөг шингэсэн үнээр ирнэ. Миний хувьд Солонгосын даавууны дэлгүүрүүдтэй хамтарч ажиллан, хэрэгтэй материалуудаа кодоороо захиалж авдаг.
TV ZONE : 1 метр нь хэдэн зуун мянгаар үнэлэгдэх асар үнэтэй материалууд байдаг. Уншигчиддаа сонин болгож хамгийн үнэтэй материалын талаар яривал?
Д.ОТГОНЖАРГАЛ: Маш нимгэн, уналттай гар аргаар боловсруулсан түүхий торго 1 метр нь 500 мянган төгрөгөөс дээш үнэлэгддэг.
TV ZONE : Таны хувьд яагаад загвар зохион бүтээгчийн мэргэжлийг сонгосон бэ?
Д.ОТГОНЖАРГАЛ: Миний хувьд 1999 оноос загварын ертөнцөд хөл тавьсан гэж бодохоор 16 жил болсон байна. Ер нь өнгөрсөн цаг хугацаагаа эргээд харахад би загвар зохион бүтээгч л болох хүн байсан. Би өөрийгөө хэзээ ч албан тасалгааны ширээний ард сууж байгаагаар төсөөлдөггүй. Хааяа тайлан гаргахаар бичиг цаас хийгээд суухаар миний толгой өвдөөд, учрыг нь ч олохгүй тэнэг юм шиг болчихдог. Уран зургийн багшдаа “Би тооны талын хичээлд “хоосон” хүн шиг байдаг хэр нь ээ загвараа зураад суухаар маш сайн чадах юм” гэхэд “Үгүй ээ чи хоосон биш. Харин ч тэр талаа хөгжүүлсэн бол маш сайн математикч болох байсан. Зураг зурна гэдэг мэдрэмжээс гадна тооцоолол. Толгой маш сайн ажилладаг учраас ингэж сайн зурж байгаа юм” гэж хэлж байсан юм /инээв/. Мэдээж хүсэл сонирхол, ачаалал даах онцлог маань загварын ертөнц үрүү хөтөлсөн гэж боддог.
TV ZONE : Та туршлагатай дизайнер, бас мэргэжлээрээ багшилж байсан. Алдартай загвар зохион бүтээгч болохоор хүсч тэмүүлж яваа залуу загвар зохион бүтээгчид, оюутнууд амжилтад хүрэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй талаар бодлоо хуваалцвал?
Д.ОТГОНЖАРГАЛ: Би оюутан байхдаа маш их бүтээлч хүн байхыг хүсдэг байсан. Хувцас загварын үзэсгэлэн, шоуг алгасалгүй очиж, нүдээрээ харж, гараараа барьж тэдгээрээс суралцаж ирсэн. Гоё зурдаг хүн байвал хажууд нь наалдсаар байгаад суралцана. Аливаа юмыг ганц өнцгөөс биш өөр нүдээр, урлаг талаас харах мэлмийгээ хөгжүүлээд ирэхээр их гоё урлагийн мэдрэмжтэй бүтээл гардаг. Загвар зохион бүтээгч хүний заавал хөгжүүлэх ёстой зан чанар гэж байна л даа. Нэгд, бүтээлч. Хоёрдугаарт маш хичээнгүй, хийж байгаа юмаа үргэлж бодож, шунан дурладаг, хэрэгжүүлэхийг хүсдэг хүсэл сонирхол байх ёстой. Гуравт, ачаалал даах чадвартай, тууштай зан чанар байх ёстой гэж боддог. Би үүнийг яаж хийх вэ? гээд учрыг нь олохгүй, мухардах үе их гардаг. Хийж байгаа юмандаа дурлаад заавал учрыг нь олж, гараасаа гардана гэсэн тууштай зан чанар байх ёстой л доо.
TV ZONE : Загварын ертөнцийн хамгийн сайхан хосын нэг бол яах аргагүй танай гэр бүл. Таны нөхрийн хувьд гэргийгээ дуртай ажлаа сэтгэл амар хийх бүх нөхцөл бололцоогоор хангахын төлөө бас маш их хүндэлж харьцдаг нь ажиглагддаг.
Д.ОТГОНЖАРГАЛ: Баярлалаа, манай хүн миний хамгийн том шүтэн бишрэгч. Загвар бүр төрөн гарах процессийг харж, хамгийн анхны үзэгч болдог. Би эхнэр нь л болохоор намайг дэмждэг биш байх. Миний бүтээлийг хараад “Ямар гоё юм бэ, манай дизайнер мундаг шүү” гэж өдөр болгон хэлдэг. Маш их урам өгч, зоригжуулдаг. Загвар бүрээ нөхөртөө үзүүлэх үнэхээр дуртай. Энэ шоу дээр ч гэсэн би зөвхөн загваруудаа л хийж байгаа. Зохион байгуулалт, тайз засалт, тайзны дуу шум, хөгжим зохиох, PR сурталчилгаа гээд бүх ажлыг нөхөр маань маш сайн хийж байгаа. Уг нь загвар зохион бүтээгч хүн энэ бүгдэд өөрөө орж ажиллах ёстой ч тийм цаг зав гарсангүй.
TV ZONE : Романтик хайр, дурлалын кино үзээд заяаны хань гэж байдаг бол олоод, ийм гоё хань ижилтэй болоод ингэж л амьдрах юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг шиг гэгээн мэдрэмж төрж байна.
Д.ОТГОНЖАРГАЛ: Баярлалаа, би үнэхээр азтай эмэгтэй. Манай хүн залуу хүн гэхэд маш гэгээлэг, бүтээлч. Би даруухан, хашир талдаа “Эзэн хичээвэл заяа хичээнэ. Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэдэг зүйр үгийг эрхэмлэж явдаг хүн л дээ. Тэр ч үүднээсээ маш олон жил даруухан явж ирсэн. Хийж чадаж байгаа бол тэрийгээ хэлдэг, өөрийгөө таниулж мэдүүлдэг байх ёстой гэдгийг манай хүн надад ойлгуулж, маш их өөрчилж өгсөн л дөө.
TV ZONE : Зорилго чиглэл, хийж байгаа ажил гээд та хоёрын хувьд бүх зүйл тов тодорхой харагдаж байна. Магадгүй 10, 20 жилийн дараа юу хийж бүтээсэн байх бол?
Д.ОТГОНЖАРГАЛ: Би төсөөлж ч чадахгүй байна. Хийхээр зорьсон маш олон зүйл байгаа. Юм гэдэг санааны зоргоор амархан бүтчихдэггүй. Бидний зорилт бага зэрэг хойшлогдоод байгаа ч 2-3 жилийн дараа хийж бүтээсэн зүйлс маань тодорхой харагдах болов уу. Ажил хийвэл ам тосдоно гэдэг шиг цаг тухайд нь хөдөлмөрлөсөөр үр дүнд хүрнэ. Өнөө маргаашдаа үр дүн хүлээхгүй. Салон маань олон жил тогтвортой оршин тогтнох үндсийг л бий болговол боллоо. 10, 20 жилийн дараа O’Couture салон маань дэлхийн хэмжээнд үнэлэгдэхээр байгаасай гэж хүсч байна. Бас Монголынхоо брендийг хөгжүүлэх том зорилго тавьсан. Өнгөрсөн жилээс судлахад маш хэцүү байдаг юм байна. Бага зэрэг шантарсан. Монгол хүн монгол загвар зохион бүтээгчийнхээ хийсэн бүтээлээр өдөр болгон гангараасай, өдөр болгон монголд үйлдвэрлэсэн бренд хувцсаар хувцаслаасай гэж хүсдэг. Би загвар зохион бүтээгч хүнийхээ хувьд Монголынхоо загварын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах болно.
TV ZONE : Амжилт бүтээл дүүрэн, сонин сайхан ихтэй дараа дахин уулзъя. Амжилт хүсье !
Д.ОТГОНЖАРГАЛ: Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье!
Сурвалжилсан: Сэтгүүлч М.Хонгорзул
Гэрэл зурагчин В.Цэнд-Аюуш
