Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Монгол хүн гэж...

Монгол хүн гэж...

Монгол хүн гэж, гайхмаар сонин ертөнц шүү. Дэлхий ертөнцөд оршин амьдарч буй хүн төрөлхтний чиг хандлага нэг тийш зүглэж чиглэж байхад монгол хүн харин тэднээс тэс хөндлөн эсрэг зүг хараад л амирлангуй гэгч нь сууж байх. Нэг бодлын амар ч юм шиг. Өөрийн бодол өөрийн үзэлтэй байх сайхан ч давшингуй хөгжлийн эсрэг хандлагатай байх хэр ашигтай бол.

Монголчууд бидний араншин нэг л сонин. Маргаашаа бодолгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдрах гэсэн бодлын тойрог нь даанч богинохон хүмүүс дэндүү олон. Захын дэлгүүрт ороод л мах, төмс төдийхөн авахад үнэ мөнгө, килограмм дээр ажиллах, худалдагчийн ааш авир гээд өчнөөн асуудал болно. Ахиж би тэр дэлгүүрээр бус түүний хажууд байх ааш сайтай худалдагчтай дэлгүүрээр үйлчлүүлнэ. Ганц хоёр зуун төгрөг илүү байх нь асуудал ч сайхан сэтгэл төрүүлтэл үйлчилсэн худалдагч эгчийн нүүр дүүрэн инээд мөнгөнөөс илүү байх үе бий. Өнөөх муулаад байдаг хужаа нараасаа илүүтэй авч идэхийн дон бидэнд нүүрлэсэн бололтой.

Тэр дэлгүүр үйлчлүүлэгчээ алдсан...

Үнэнч зан яг энэ цаг үе, нийгэмд монголчууд бидэнтэй үнэхээр харшилтай чанар болсон мэт. Ам ангайсан хүн бүр худал ярьж, амласан ажил бүр бүтэшгүй зүйл болох нь ердийн үзэгдэл. Хэдэн улстөрчдөө муулсаар эцэстээ ард түмэн өөрсдөө ч худалч болж дууссан. Үнэн бүхэн дуусахад сэтгэлийн үнэт чанар ч бас мөхдөг мэт.

Сэтгэлийн үнэт чанарын үлэмж хэсгийг эзлэх шударга ёс. Сайныг сайнаар магтаж эс чадах, мууг ам уралдан ярих гажиг сэтгэлгээ хаа сайгүй. Энэ сэтгэлгээ зарим албан байгууллагад хусаад нимгэрэхгүй тортог мэт дагширсан нь харамсмаар. Мөн энэ нийгэм үнэнийг хэлж, үнэнээр амьдардаг хүмүүст тун эгдүүцэн хандаж, эрхтэн тушаалтны гар долоон шарваганах гөлөг мэт хүн төрөлтнүүдэд саймширна. Эцэстээ хэн нь хэрэг болохыг хэлж мэдэхгүй удирдах албан тушаалтнууд өрөвдөлтэй.

Дотроосоо ялзарсан тос ахин хэрэглэх эцэс үгүй ээ гэж...

Мэргэжлийн багшийн заавар хэрэггүй жүжигчин зан монголчууд бидэнд бас бий. Өөдөөс хараад зогсож байхад өөгүй сайхан найз. Бүхий л зүйлд бэлэн, өрөвч нинжин, инээсэн ханиасан их л дотны анд нөхөр н минь. Жаргал, зовлон бүхнийг минь даамай анхааралтай чагнаж, даруй ган нэг зөвлөгөө шидчихнэ. Харин салаад булан тойрлоо, энэ биеийг минь эргүүлэн тойруулан нэмж хачирлан бусдад буруу зөвгүй бурж өгнө дөө. Хойно урдаа хоёр нүүрт анд бидэнд яалт ч үгүй бий.

Тав тух, баян тансагийн тухай ойлголт монголчууд бидний хувьд бас л сонин хэрэгжинэ. Олон давхар байранд дээр, доор, хажуу хавирга айлууд дунд хавчигдсан “орон сууцанд” амьдардаг хүмүүс бол амьдралын боломжтой, соёлтой айлын тоонд орноо, монголчууд биднийхээр. Харин хувьдаа 0.07 га газартай түүндээ подхийсэн хөөрхөн хашаа байшинтай айл бол хөдөөнөөс ирсэн, боловсрол тааруу, амьдралын боломж муу нэг үгээр “хашааны халтарууд” гэх эвгүй үнэлгээг авчихаж байгаа юм. Уг нь бол “энд өөр барилга эсвэл зам тавинаа” гэсэн улсын шийдвэр гаргавал өчиггүй өгөх нийтээр амьдардаг орон сууцныхнаас илүү “хар гэртээ хаан” гэгчээр хувийн газартай хүн илүү баян баймаар. Монгол хүний баялаг үнэлэх сэтгэлгээний жижигхэн жишээ. Бас л өвөрмөц байгаам шүү.

Монголчууд бидэнд бахархах зүйл их ч түүнээсээ давсан ичгэвтэр үйлдлүүд дэндүү их. Бодоод үзээрэй.

У.Дашбат