Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр нээгдлээ
Өнөөдөр ХААИС болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн оюуны бүтээлийг худалдах Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлт боллоо.
ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэдэх Инноваци, бизнес хөгжлийн төвөөс санаачлан дээрх дэлгүүрийг нээж буй юм байна. Ингэснээр эрдэмтдийн оюуны бүтээл цаасан дээр үлддэг гэсэн ойлголт ард хоцорч, судалгааны үр дүн бүтээгдэхүүн болон зах зээлд нэвтрэх боломж нээгджээ.
Дэлгүүрт нэг наст болон олон наст тэжээлийн ургамлын үр, малын эрдэст тэжээл, бэлчээр, тариалангийн талбайг хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах ургамал хамгааллын экологийн бодисууд, малын төрөл бүрийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх эм, биобэлдмэл, оношлуур мөн ХААИС-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүний цехэд үйлдвэрлэсэн цөцгий, тараг, хиам зэргийг худалдаж эхэлсэн байна. Мөн Инноваци, бизнес хөгжлийн төвөөс гарааны компани байгуулах бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломж бүрджээ.
