“Номинжин ба K POP lovers” тоглолт болно
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Уг ойн хүрээнд Солонгосыг соёл урлаг, дуу хөгжмөөр дамжуулан сурталчилан таниулах зорилгоор БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дуучин К.Номинжинтой хамтран 12-р сарын 4-нд “К поп lovers” дууны тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Уг тоглолтонд БНСУ-ын олон нийтийн дипломат найрамдлын элчээр энэ жил томилогдон ажиллаж байгаа, дуучин К.Номинжин голлон оролцож, Солонгосын үндэсний болон орчин үеийн дуу, уран бүтээлүүдийг толилуулах гэж байна. Мөн урилгаар “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар болон “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Цэрэнсүрэн, Б.Өнөрзул, залуу уран бүтээлч Зол мөн “K pop world-2015” фестивалийн дууны ялагч Одбаяр, тус фестивалийн бүжгийн төрөлд 1, 2, 3-р байр эзэлсэн бүжгийн хамтлагууд оролцож, солонгос дуу, хөгжим, бүжгийн бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг энэ баасан гарагийн 19:00 цагт “Crocus Event Hall”-ын тайзнаас үзэгчдийн хүртээл болгоно.Хоёр орны соёлын гүүр болсон энэ удаагийн тоглолт нь Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн ажил, арга хэмжээний үргэлжлэл юм. Дуучин К.Номинжин монголын онцлох дуучдын хамтарсан солонгосын к поп дуу хөгжмийн тоглолт хоёр улсын соёлын харилцааг улам гүнзгийрүүлж, ялангуяа Монголын орчин үеийн залуу уран бүтээлчдийн ур чадварыг үзэгчдэд сурталчилан таниулах, Солонгосын тухай эерэг ойлголтыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
“НОМИНЖИН БА K POP LOVERS” тоглолтын тасалбарыг Солонгосын Элчин сайдын яамнаас үнэ төлбөргүй тарааж, үзэгчид зөвхөн урилгаар үзэх юм байна.
