Н.Энхбаярын "балгас" гэгддэг хэвлэх үйлдвэрийн байр 24 тэрбумаар зарагдлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр болсон дуудлага худалдаагаар Монгол Улсын иргэн Абдул Карим уг барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ.Дуудлага худалдааны анхны үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан юм.Хэвлэх үйлдвэрийн барилгыг авахаар Таван богд трейд,Капитрон банк,Bluemoon компаниуд өрсөлджээ.Дуудлага худалдаанд ялагч одоогоор ямар зориулалтаар ашиглахаа хэлээгүй байна.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болоод удаж байгаа билээ.
