Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Гоо танил: “Күнгфү”-гийн багш Лили Нарита

Гоо танил: “Күнгфү”-гийн багш Лили Нарита

Күнгфү бол философи

Күнгфү гэхээр таны санаанд юу буудаг вэ? Яг үнэндээ тулааны урлагийн нэгэн төрөл күнгфүг бид Хятад киноноос л харж, тийм ойлголттой байснаас биш, хүний амьдралд чухам ямар хэрэгцээтэй талаар мэдээлэл хомс. Яагаад хятадууд күнгфүгээр олон мянган жилийн тэртээгээс өдийг хүртэл хичээллэж, амьдралынхаа хэв маяг болгосон юм бол. Учиртай л байгаа. Тэгвэл энэ удаагийн “Гоо танил” буландаа күнгфүгээр багшлах эрхтэй анхны монгол хүн болох Лили Наритаг зочноор урилаа. Хонг Конгод өөрсдийн чадвар чансааг шалгуулах, зэрэг тогтоолгох “Күнгфүгийн олон улсын тэмцээн” болдог ба Лили уг тэмцээнд 2011 онд оролцож, күнгфү заах эрхээ авчээ. Мөн 2012 онд Хятадын “Ушу-гийн холбоо”-нд гишүүнээр элсэн орсон байна.

Ингээд бидний мэдэхгүй тэр ертөнцийн тухай, бие болоод оюун санааны түвшинд ямар өөрчлөлтийг авчрах урлаг болохыг Лилигийн гоо сайхны ертөнцтэй танилцан, тодорхой хэмжээний ойлголт авч болно.

КҮНГФҮ БОЛ ЛИЛИГИЙН АМЬДРАЛЫН ХЭМНЭЛ

Лили багадаа спортын бусад төрлөөр хичээллэж байсан ч ингэтлээ их амтанд нь орж, амьдралынхаа нэг хэсэг болтол нь дурлаж байгаагүй аж. 10 жилээ төгсөөд БНХАУ-д 6 жил суралцахдаа анх күнгфүгээр хичээллэж эхэлжээ. Эл тулааны урлагийн цаад мөн чанар, учир ухагдахууны талаар ямар ч ойлголтгүй байсан оюутан ангийнхнаа дууриан хичээллэсээр нэг л мэдэхэд 5, 6 жил тасралтгүй хичээллэж, амьдралынхаа нэгэн хэмнэл болгожээ. Хэдий орой хичээллэж эхэлсэн ч шаргуу сурч, түүнтэй хамт күнгфүгээр хичээллэж эхэлсэн оюутнууд явцын дунд шантарч, Лили ганцаараа тунан үлджээ. Энэ нь күнгфү бол тэсвэр хатуужлын урлаг юм байна гэдгийг харуулж буй.

2013 онд эх орондоо ирээд анх асрамжийн төвийн хүүхдүүдэд күнгфү зааж эхэлсэн байна. Улмаар өөрийн сурч мэдсэнээ бусадтай хуваалцахаар энэ сард “Lilin KungFu” нэртэй сургалтын төвөө нээжээ. 7 хоногийн 4 өдөр, өдөрт 4 цагийг күнгфүд зарцуулдаг амьдралынхаа салшгүй нэгэн хэмнэл болгожээ.

“Өмнөдийн хүчирхэг гүрний иргэдийн хөдөлмөрч, эрүүл саруул, урт насалдаг учир  нь энэ. Философи нь күнгфүгийн, тай чи чуан, ушугийн дасгалуудад нуугдаж байдаг юм болов уу гэж хардаг.”

“Бие бялдрын гэхээсээ оюун санааны хувьд илүү өөрчлөлт гарсан...”

Күнгфүгээр хичээллэснээр бие чангарч, күнгфүгийн ихэнх дасгалыг хагас суугаа байдалтай хийдэг болохоор нуруу, гуя зэрэг хэсгүүдэд бяр суугаад эхэлдэг байна. Күнгфү бол хүнийг бие бялдрын гэхээсээ оюун санааны хувьд илүү хөгжүүлж, сэтгэлийн хат тэнхээ суулгадаг аж. Сул талыг нь нөхөж, зоригжуулж өгдөг энэ хандлага хүүхдүүдэд маш ихээр ажиглагддаг гэдгийг Лили өөрийн ажиглалтаасаа дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд күнгфүгээр хичээллэж эхэлснээр айдсаа давж, чадахгүй гэсэн итгэлгүй байдлаа засч, би бүхнийг чадна гэсэн итгэлийг эндээс олж авдаг аж.

Лили күнгфүгээр хичээллэсний дараа хүний амьдрал идэж уух, өмсөж зүүхэд оршдоггүй юм байна гэдгийг ойлгож мэдэрчээ. Өөрөөр хэлбэл, оюун санааны хувьд маш их өөрчлөлт гарчээ.

“Күнгфү бол амьдралын стиль. Иог, балет, сагсан бөмбөг зэрэг спортын төрлүүдээс энэ бол тэс өөр зүйл. Өглөө бүр босоод күнгфүгийн дасгалаар дамжуулан сунгалтаа хийн бие организмаа, оюун санаанд бясалгал болж тархиа сэргээгээд бүх зүйлд өөрийгөө бэлдээд гэрээсээ гарахад л хангалттай. Үүнийг л амьдралын стиль, хэв маяг, хэмнэл гэж хэлээд байгаа юм. Үүнээс хүн маш их эрч хүч, эерэг энергийг өөртөө хуримтлуулж чаддаг. Маш энгийн.”

КҮНГФҮГЭЭР ХИЧЭЭЛЛЭН ЗӨВ АМЬСГАЛЖ, ЭД ЭСЭЭ СЭРГЭЭГЭЭД ЭХЛЭХЭД ХҮН ДОТРООСОО ГЭРЭЛТЭЖ, ЭРҮҮЛ БАЙГААГАА МЭДЭРДЭГ.

Күнгфүгийн гол утга учир нь амьсгалын дасгалыг сунгалттай хослуулж хийдэгт оршдог. Бусад спортод хийдэг сунгалтын дасгалуудыг бодвол күнгфугийнх биеийн булчин шөрмөсийг эд эс бүрээр нь сэргээдэг. Тиймээс Лилигийн хувьд гоо сайханд орох, арьсандаа элдэв янзын бүтээгдэхүүн хэрэглэх ямар ч шаардлага гардаггүй гэнэ. Арьсны ямар нэгэн асуудал үүсэлгүй цаанаасаа гэрэлтэж, бие хөнгөн шингэн болдог гэдгийг өөрийн биеэр мэдэрчээ. Мөн Лили хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, настан буурлуудыг үүгээр хичээллээсэй гэж хүсч явдаг гэлээ.

Хайрч хуурсан, өөх тостой л биш бол хоолоо хориод байдаггүй, хүссэнээрээ иддэг Лилигийн жингээ барьдаг нууц нь мөн л күнгфүтэй нь салшгүй холбоотой. Нэг үгээр хэлбэл, күнгфү Лилиг дахин төрүүлсэн мэт өөрчлөлтийг авчирчээ.