Тоолуур хэмнэлт байж чадах уу?
Таны гэр бүлийн сарын орлого хэд вэ? Үүнээсээ хэдийг нь орон сууцны төлбөрт өгдөг вэ? Байрны мөнгөндөө нэг бүрчлэн задаргаа хийж үзсэн тохиолдол бий юу? Эсвэл тэртээ тэргүй өгөх нь үнэн юм чинь гээд гарсан төлбөрийг нь нүдээ аниад л өгчихдөг үү? Ингэж асуух болсон минь учиртай. Сэтгүүлч миний хувьд хэрэглэгчийнхээ үүднээс энэ асуултад хариулах гэж оролдсон юм. Бидний хэрэглээнд хэдийнээ нэвтэрсэн усны тоолуур гэдэг зүйл үнэхээр хэмнэлт болж чадах эсэхийг судалж, энэхүү сурвалжлагаараа уншигч тантай хуваалцаж байна. Тоолуургүй хэрэглээтэй манай гэрийн санхүүд усны үнийн нэмэгдэл мэдэгдэхүйц нөлөөлсөн учраас тоолуур үнэхээр бодит хэмнэлт байж чадах уу гэсэн асуудлыг хөндөхөд хүрлээ.
~ БОДИТ ХЭРЭГЛЭЭГ ТООЛУУРААР ТООЦЪЁ! ~
Орон сууцанд амьдардаг иргэд нэг л удаа усны цоргоо хаалгүйгээр шүдээ угаахад 5-10 литр, ванндаа ус дүүргэн орвол 150-180 литр, 10 орчим минут аягаа угаахад 43 литр, 00 усыг татахад 5-10 литр усыг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ бол зөвхөн ганцхан удаагийн зарцуулах ус гэдгийг санах хэрэгтэй. Өдөрт дор хаяж 3-4 удаа 00 өрөө орлоо гэхэд л 20-30 литр ус хий дэмий урсан өнгөрөөд зогсохгүй угаалгын машин ажиллуулах, гар нүүрээ угаах, тоос шороо, шал шавхайгаа арилгах зэрэг бидний өдөр тутмын амьдралд усны хэрэглээ маш их. Тэр дундаа орон сууцны айлууд усны цоргоо онгойлгоход л халуун, хүйтэн ус нь бэлэн урсдаг болохоор гэр хорооллынхонтой харьцуулахад усны хэрэглээ 30-40 дахин их. Халуун, хүйтний аль ч цагт холоос ус зөөхийн зовлонг мэдэхгүй учир орон сууцныханд усаа ариг гамтай хэрэглэх сэтгэлгээ үгүй гэж хэлж болно.
Монгол Улсын засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоолоор “...хэрэглэгчдэд түгээх эрчим хүч, уур усны тооцоог ашиглалтын талбай, хүн амын тоогоор тооцож байхыг хориглож, бодит хэрэглээг тоолуураар тооцох...” гэж зохицуулсан нь бий. Үүнээс хойш усыг тоолуулаар хэмжих тухай эрчимтэй яригдаж, өнгөрсөн 2012 он гэхэд орон сууцны өрх айлуудын 50 орчим хувь нь үүнд хамрагдсан байдаг. 2012 онд “Усны хэмнэлтийн жил”-ийг орон даяар зарлаж, усны тоолуурыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр айлуудад тавьж эхэлсэн нь үүнийг хэрэглэх өрхийн тоог 10 гаруй хувиар нэмсэн арга хэмжээ болсон юм. Тэгвэл энэ оны байдлаар гэхэд орон сууцны өрхийн 62 хувь буюу 86 мянган айл усны тоолуур ашиглаж байна. Харин үлдсэн 30 гаруй хувь нь мэргэжлийнхний хэлдгээр “задгайгаар” усны хэрэглээний төлбөрөө төлж байна.
БГД-ийн иргэн Б.Г: “Манайх усны тоолуургүй. Уг нь үнэгүй усны тоолуур тавиад өгье гэсэн хүмүүс ирдэг байсан л даа. Гэхдээ манайх ам бүл олонтойн дээр угаалгын машинд маш их ус зарцуулагддаг учраас хэрвээ тоолуур тавьчихвал усны мөнгө өмнөхөөс маань илүү гарчих байх гэсэндээ тавиулаагүй. Усны тоолуур тавиулчихвал хэрэглэсэн усныхаа хэмжээгээр мөнгө төлнө шүү дээ.”
Гэртээ усны тоолуур тавиагүй иргэд ийн хариулт өгнө. Харин зарим иргэдийн хувьд усны тоолуур худалдан авч тавиулах гэхээр багагүй мөнгө шаардлагатай гэсэн шалтгаанаар хойш нь тавьсаар иржээ. Энэ мэт иргэдийн андуу ташаа бодлын улмаас өнөөдөр орон сууцны өрх айлуудын 30 гаруй хувь нь усны тоолуур тавилгүй өдийг хүрчээ. Үнэхээр тэдний бодол зөв гэж үү? Усны бодит хэрэглээгээ тооцуулалгүй сар бүр бүртгэлтэй гэр бүлийн гишүүдийн тоогоор усны мөнгөө төлөөд явах нь тэдэнд ашигтай гэж үү? Эсвэл сар бүр усны хэрэглээндээ илүү мөнгө төлж, алдагдалтай амьдарч буйгаа ухаарахгүй, тооцоололгүй явсаар өдийг хүрсэн юм болов уу? Эдгээр асуултад мэргэжлийн хүн тоолуургүй айлууд усны хэрэглээндээ илүү мөнгө төлдөг гэсэн ганц л хариултыг өгч байна. Учир нь, усны тоолууртай айл зөвхөн хэрэглэсэн усныхаа л мөнгийг төлнө.
Харин тоолуургүй өрхийн хувьд хоногт нэг хүн 230 литр, сардаа 6.9 метр куб ус хэрэглэдэг гэж тооцоод тогтмол үнэ тарифаар cap бүр мөнгөө төлдөг. Тухайлбал, гэртээ усны тоолуургүй, 4 ам бүлтэй өрх халуун болон бохир усны хэрэглээ гэж сард 30 гаруй мянган төгрөгийг тогтмол төлж байгаа бол тоолууртай, 4 ам бүлтэй айл 10 гаруй мянган төгрөгийг сардаа төлж байна. Өөрөөр хэлбэл, тоолуургүй айлууд байрандаа бүртгэлтэй хүн амынхаа тоогоор усны мөнгөө төлөх бол тоолууртай нь зөвхөн хэрэглэсэн усныхаа мөнгийг л төлнө гэсэн үг. Гэртээ цөөхүүлээ амьдардаг хэр нь бүртгэлтэй оршин суугч нь олон бол тоолуургүй айлууд хүн тус бүрээр усны мөнгөө тооцуулж, хохирдог гэсэн үг. Гэхдээ энэ бол өөрийн санаачлагагүйгээсээ болж хохирч байна гэж ойлгож болно. ТИЙМЭЭС ГЭРТЭЭ УСНЫ ТООЛУУР ТАВИУЛСНААР CAP БҮР УСНЫ ТӨЛБӨРӨӨ 30-40 ХУВЬ ХЭМНЭЖ ЧАДНА ГЭСЭН ҮГ. ҮҮНИЙГ Л БОДИТ ХЭМНЭЛТ ХЭМЭЭН НЭРЛЭЭД БУЙ.
БГД-ийн иргэн Б.С: “Манай байр нэлээн хэдэн жилийн өмнө нэгдсэн усны тоолууртай байсан юм. Энэ нь сүүлдээ больж, айл бүр гэртээ тоолуураа тавиулдаг болсон юм билээ. Би ч усны тоолуурт нэг их ач холбогдол өгөлгүй ирсэн юм. Гэтэл саяхан усны үнэ нэмэгдсэний дараа манай байрны мөнгө өмнөхөөсөө илүү их гараад гайхсан би нягталж үзлээ. Гэтэл усны үнэ нэмэгдэж, манайх тоолуургүй учир хүн бүрийн тоогоор усны үнэ гардаг юм билээ. Манайх цөөхүүлээ амьдардаг ч орон сууцны контор дахь бүртгэл дээр 6 ам бүлээр бүртгэгдсэн байдаг юм. Тиймээс 6 хүнээр тооцож, цэвэр болон бохир усны хэрэглээний үнийг бодож гаргасан нь усны үнэ нэмэгдсэн энэ үед маш их дүн гарсан юм билээ. Тоолуургүй байх санхүүд маань ямар алдагдалтайг биеэрээ мэдэрсэн учраас тоолуур тавиулахаар шийдсэн. Нэг удаа л тоолуураа худалдан авчихсан байхад сар бүр илүү зардал гаргахгүй шүү дээ.”
Энэ бол нөгөө тоолуургүй хэрэглээтэй 30 гаруй хувийн нэг төлөөлөл. Тиймээс тоолуур бол нэг талаас эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед та бидний хэтэвчин дэх хэдэн төгрөгийг хэмнээд зогсохгүй нөгөө талаас усаа тодорхой хэмжээгээр хэмнэж, байгальд ээлтэй амьдрах гарц. Тоолуургүй айл өдөрт 250 литр ус хэрэглэдэг бол тоолууртай айл 110-120 литр усыг хэрэглээндээ ашигладаг төдийгүй тоолууртай тэдгээр өрх хоногт гэхэд 66 мянган литр, сардаа л хоёр сая литр усыг хэмнэдэг гэсэн албан ёсны судалгааны дүн гарсан нь бий.
Саяхан л айл бүрийг тоолууржуулах аян явагдаж байсан бол энэ ажил дахин нэг шат ахижээ. Энэ бол ухаалаг тоолуурыг нэвтрүүлэх арга зам юм. Сар бүр ”Орон сууц нийтийн аж ахуйн газар”-ын ажилтнууд айл, өрхүүдээр явж тоолуурын заалт авдаг байна. Ингэж цаг заваа зориулан явах үед айлууд гэртээ эзгүй, тоолуурын заалт өгөхөөс цааргалах зэрэг хүндрэлүүдтэй таарна. Тиймээс “Ус сувгийн удирдах газар”-аас усны ухаалаг тоолуурыг нэвтрүүлэхээр туршиж эхэлжээ. Уг ухаалаг тоолуур нь суурилагдсан орчноосоо хамааран 100-250 метр хүртэлх зайд мэдээллээ дамжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, орон сууц нийтийн аж ахуйн газрын ажилтнууд айл бүрээр орж усны тоолуурын заалт авах шаардлагагүй, ойролцоох газраас заалтыг харах боломжтой болох юм байна. Хэн хэндээ чирэгдэл учруулахгүй эл арга хэмжээ тун удахгүй хэрэгжиж эхлэх гэнэ.
ХЭТЭВЧИН ДЭХ МӨНГӨӨ, МӨН УСАА ХЭМНЭН БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ТООЛУУРАА ГЭРТЭЭ СУУРИЛУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА. УСНЫ ҮНЭ НЭМЭГДСЭЭР БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕД ХАМГИЙН УХААЛАГ СОНГОЛТ ЭНЭ БАЙХ БОЛНО! ТАНЫ ХЭМНЭЛТ БОЛ ТООЛУУР.
