“Ногоон зээлийн сан” байгуулна
Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хүрээнд нийт банкууд хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзан үздэг болсон. Хэрвээ сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг баталж энэ оны 1 улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ жилийн форумаар өнгөрсөн хугацаанд нийт банкууд Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, ажлуудаа нийтэд тайлагнах, цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд хийгдэх шаардлагатай зарим ажлуудыг хэлэлцэх зорилгоор Монгол улсын тогтвортой санхүүжилтийн форум-2015 арга хэмжээг Ногоон зээлийн сан- Тогтвортой хөгжлийн хөшүүрэг сэдвийн дор зохион байгууллаа.
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд жил болгон манлайлагч байгууллага нь бусад ТОС-ийн гишүүн байгууллагаа манлайлж, санал санаачлага гарган хэрэгжүүлдэг. Энэ жилийн хувьд Хас банк манлайлагч байгууллагаар ажиллажээ.Тус форумд 150 гаруй байгууллагын 400 орчим төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд банкуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилт, үр дүнг хэлэлцсэний зэрэгцээ Монгол улсад Ногоон зээлийн санг байгуулах нөхцөл боломжуудын талаар хэлэлцсэн юм.
Форумын хэлэлцүүлгээр Олон улсад Ногоон зээлийн сан хэрхэн үйл ажиллагаагаа явуулдаг туршлагуудын талаар судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол улсын тогтвортой хөгжлийн ирээдүй, ногоон эдийн засгийг бүтээн байгуулахад хэрхэн хамтран ажиллах, бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгад нэгдэхийг уриалсан юм.
