UBS Телевизийн хөтлөгч М.Эрхэмбаяр: “Халаас нимгэн ч АНУ-д суралцаж болно”
“ Залуу хүнийг өглөөний сэрүүлэг бус, хүсэл мөрөөдөл нь сэрээдэг байх ёстой ” гэдэг. Өөрийн хүсэл мөрөөдөл хийгээд, сурч мэдэх чин хүсэлдээ хөтлөг д өн алс холын АНУ-д сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж, сурч мэдэхийн сайхан зүйлээс үеийн залуус m аа уриалан буй түүнтэй ярилцсан хэдэн хором сайхан байлаа. Сэтгэл татам яриа, ялдамхан инээмсэглэлээр өөрийгөө чимсэн UBS телевизийн хөтлөгч М.Эрхэмбаяртай ярилцлаа. Хүлээн авна уу.
TV ZONE: ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. УРИЛГА ХҮЛЭЭН АВЧ УНШИГЧИДТАЙ МААНЬ ДОТНО ЯРИЛЦАХААР ИРСЭН ТАНД БАЯРЛАЛАА.
М.ЭРХЭМБАЯР: Баярлалаа. Танд болон TV ZONE сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
TV ZONE: М.ЭРХЭМБАЯРТАЙ МАНАЙ УНШИГЧИД ТЕЛЕВИЗИЙН ДЭЛГЭЦЭЭР Л УУЛЗДАГ. ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХААС ЯРИАГАА ЭХЭЛЬЕ?
М.ЭРХЭМБАЯР: Би айлын бага охин, дээрээ хоёр эгчтэй. UBS телевизэд 2010 оноос хойш ажиллаж байна.
TV ZONE: АЛИВАА ЗҮЙЛЭЭС УХРАХГҮЙ БАЙХ УХААН БОДЛЫГ ТӨЛӨВШҮҮЛСЭН ЭЦЭГ ЭХ БОЛООД ӨӨРИЙН БАГА НАСНЫ ТУХАЙ?
М.ЭРХЭМБАЯР: Монголчууд айлын бага адтай гэж ярьдаг. Багадаа их адтай охин байсан. Аав ээжийнхээ хайранд умбаж, эрхэлж өссөн. Та анзаарсан бол миний нэр /М.Эрхэмбаяр/ эрэгтэй нэр байгаа биз. Учир нь манайх гэдэг айл гурван охинтой. Ижий аавдаа, эгч нартаа түшиг болж, зовлон жаргалд нь үргэлж хамт байхын сайхан ерөөлөөр миний аав надад Эрхэмбаяр хэмээх нэр хайрласан юм. Аливаа ажлыг эхэлсэн л бол амжилтаас үл хамааран, хийсэн ажлынхаа ард гарч байх зан чанарыг аав ээжээсээ суралцсан.
TV ZONE: ТЕЛЕВИЗИЙН ХӨТЛӨГЧ ХҮНИЙ ХУВЬД ШУУД ЭФИР ГЭДЭГ БОЛ АЛДАХ ЭРХГҮЙ ХОРОМ БАЙДАГ. АЖЛЫН ХАРИУЦЛАГА ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ ТАНЫ БОДЛООР?
М.ЭРХЭМБАЯР: Мэргэжлийн гэх тодотголоороо UBS телевиз бусад телевизээс ялгардаг мөн хүлээн зөвшөөрөгддөг. Энэ ч утгаараа зөвхөн хөтлөгч, нэвтрүүлэгчид бус бүхий л уран бүтээлчид маань алдах эрхгүй. Ажлын хариуцлагын хувьд ажилтан бүр хийж буй ажилдаа эзэн болж, үүрэгт ажлаа хэнээс ч хамааралгүйгээр чанарын өндөр түвшинд хийхийг хэлдэг гэж ойлгодог.
TV ZONE: ХӨТЛӨГЧ ХҮНЭЭС САЙХАН ДУУ ХООЛОЙ, НҮДЭНД ДУЛААХАН ТӨРХ, ЦАРАЙ ЗҮС ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ЁС ЗҮЙТЭЙ, МЭДРЭМЖТЭЙ, МЭРГЭШСЭН БАЙХЫГ ШААРДАХ БОЛЖ?
М.ЭРХЭМБАЯР: Тантай санал нэг байна. Монголын маань телевизийн урлаг бусад улсынхтай харьцуулахад харьцангуй залуу хэрнээ маш эрчимтэй хөгжиж байна. Үүнийгээ дагаад салбарынханд тавигдах мэргэжлийн шаардлага нэмэгдэх нь зүйн хэрэг юм. Хэдий ажилласан жил болон туршлагын хувьд бусадтай харьцуулахад бага байж болох ч манай сэтгүүл зүйд гадны салхи алгуурхан салхилж, ёс зүй, стандарт, оновчтой хуулийг авчрах шаардлага бий гэж хардаг. Энэ бол миний л бодол юм шүү.
TV ZONE: ЗАЛУУ ХҮН ЯМАГТ СУРАЛЦАЖ БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ. ТАНЫ ХУВЬД АНУ-Д СУРАЛЦАЖ БАЙГАА. ТУС УЛСЫГ СОНГОХ БОЛСОН ШАЛТГААН НЬ ЮУ БАЙВ?
М.ЭРХЭМБАЯР: Бага байхаасаа л гадаад улсад суралцах юмсан гэж боддог байлаа. Учир нь гадны соёлыг өөрийн орны соёлтой, гадны хөгжил дэвшлийг өөрийн орны хөгжил дэвшилтэй харьцуулж, тэдгээрийн ялгаа болон төсөөтэй талуудыг судалж мэдэх нь залуу хүний хувьд чухал гэж боддог. Хүн хайрцаг дотор байхдаа зөвхөн доторх зүйлсийг л олж хардаг бол хайрцагны гадна байхдаа түүнийг гаднаас нь харж чаддаг шүү дээ. Гадаад улсад суралцаж эх орноо гаднаас нь харах мэдрэмж төсөөлснөөс өөр юм билээ. АНУ-ыг сонгох болсон шалтгаан нь миний сонгосон мэргэжилтэй салшгүй холбоотой. АНУ бол дэлхийн сэтгүүл зүйн төв гэж хэлж болно. Нэгэнт л телевизтэй амьдралаа холбон, энэ салбарт дурлаж, цаашид тууштай ажиллах хүсэл эрмэлзэлтэй учир мэргэжил дээшлүүлэн суралцах ёстой гэдэг шаардлагыг өөртөө тавьсан юм.
TV ZONE: ДЭЛХИЙН ТОМООХОН ИХ СУРГУУЛИУДЫН НЭГ GEORGETOWN ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БОЛСОНД ТАНЬ БАЯР ХҮРГЭЕ. ТУС СУРГУУЛИЙГ ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
М.ЭРХЭМБАЯР: Баярлалаа. Хамгийн анх АНУ-д аяллын журмаар очих үедээ “Georgetown”-ын их сургуулиар зочилсон юм. Тухайн үед энд хичээлээ хийгээд сууж байгаа энэ олон оюутнуудын нэг нь байх юмсан гэсэн цагаахан атаархал надад төрсөн. Түүнээс хойш тус сургуулийн тухай судалж, өөрийгөө “GEORGETOWN”-ын оюутан болгоход бэлдэж эхэлсэн. Ганцхан сургууль руу материалаа явуулсандаа гэр бүл болон найз нөхдөөсөө нэлээд зэмлэл хүртсэн. /Инээв/ Ямартай ч хүссэн сургуулиасаа “тэнцсэн” хариу авсандаа үнэхээр баяртай байна. Үүнд гэр бүлийн минь дэмжлэг асар их нөлөөлсөн. Үр хүүхдийнхээ сурч боловсрох замд гэрэл гэгээ болж, байгаа бүхнээ зориулдаг аав, ээжтэй байна гэдэг ховор тохиох аз шүү. Тэдэндээ маш их талархаж явдгаа танай сэтгүүлээр дамжуулан хэлье.
TV ZONE: АНУ-Д СУРАЛЦАНГАА АЖИЛЛАЖ, АМЬДРАХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООНЫ ТУХАЙД ЯМАР БАЙДАГ БОЛ?
М.ЭРХЭМБАЯР: АНУ-д суралцангаа ажиллаж байгаа олон залуус бий. Тэдгээр залуусын хөдөлмөрийг хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. АНУ-д сургалтын визтэй хүн ажиллах хориотой байдаг. Гэхдээ хуулийн дагуу ажиллах нэг боломж бий. Тэр нь сурч буй сургуульдаа цагийн ажил хийх юм. Миний хувьд “LADO International Institute”-д хэлний бэлтгэлд сурч байсан. Суралцах хугацаандаа сургуулийнхаа сургалтын албанд ажилласан юм. Энэ нь миний хувьд маш том давуу тал болсон. Хэл сайжирч, танилын хүрээгээ тэлэхээс гадна АНУ-ын сургалтын системийн онцлог давуу тал, боловсролын хуультай нь танилцаж, мэдлэг мэдээллийн хувьд бусад гадны оюутнуудтай харьцуулахад илүү болсон. Дашрамд дурдахад, залуус маань гадны оронд суралцах тухай мэдлэг мэдээлэл хомс байдаг шиг санагдсан. Үүнээсээ шалтгаалан өөрийгөө голох, зөвхөн боломжтой айлын хүүхдүүд л АНУ болон гадны хөгжингүй оронд суралцдаг гэх ташаа ойлголттой явдаг юм билээ. Энэ буруу ойлголтыг яаралтай халах цаг нь болсон. Тэнд амжилттай суралцаж буй олон залуус бусдын л адил бэрхшээлүүдийг даван туулсан. Тэдэнд таньдаг хүн байгаагүй, баян эцэг эх байгаагүй, халаас дүүрэн мөнгө ч байгаагүй. Харин тэдний цээжинд зорилго бас зориг байсан юм. Залуу хүн та ажил мэргэжилдээ ахиж дэвших чин хүсэлтэй, ирээдүйгээ сайхнаар бүтээе гэсэн тэмүүлэлтэй бол яг одооноос эхлээд боловсролдоо цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаарай. Маргааш гэж бүү хойшлуулаарай. Хүн боловсролоо дээшлүүлж, цаг зарцуулснаар юуг ч алдахгүй, хэзээ ч харамсахгүй гэдэгт би 100 хувь итгэдэг.
TV ZONE: САЙХАН ХАРИУЛТ БАЙНА. ЭРХЭМЭЭ БОЛОВСРОЛД “УРУУ ТАТААД” БАЙНА УУ ДАА?
М.ЭРХЭМБАЯР: Тэгж хэлж болно шүү. Найз нөхөд, ажлын хамт олон гээд олон хүмүүст энэ талаар ярьж байгаа. Магадгүй энэ ярилцлагыг уншиж суугаа залуу танд зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол миний хувьд нээлттэй байх болно. Залуус бидний хувьд ганц нэгээрээ боловсролтой мундаг байхаас илүүтэй, олуулаа боловсролтой, гадаад хэлний өргөн мэдлэгтэй байх нь ирээдүйн Монгол улсад маань хэрэгтэй.
TV ZONE: ЗАЛУУ ХҮНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ ЯМАГТ ХЯЗГААРГҮЙ ОРОН ЗАЙД ТЭМҮҮЛДЭГ. ТАНЫ ЗОРИЛГО ЗОРИЛТЫГ СОНИРХОЖ БОЛОХ УУ?
М.ЭРХЭМБАЯР: Бололгүй яахав. Миний хамгийн ойрын зорилго бол “Georgetown”-ы их сургуулийг сурсан мэдсэн зүйл ихтэй, өндөр амжилттай төгсөх. Учир нь “Georgetown University School of Continuing Studies” сургуулийнхаа анхны Монгол оюутан болж байгаа юм. Тус сургуулийн багш ажилтнууд болон оюутнуудад монгол хүний тухай тодорхой ойлголт байхгүй гэсэн үг. Монгол хүний оюуны чадамж, онцлог давуу талыг тэдгээр хүмүүст харуулах өндөр хариуцлага надад ногдчихсон байгаа. Юун түрүүнд үүнийгээ сайн биелүүлэх нь хамгийн ойрын зорилт байна.
TV ZONE: ТА ӨӨРИЙНХӨӨ ЗАН БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛБОЛ?
М.ЭРХЭМБАЯР: Би их инээд муутай /инээв/. Харин хүмүүс намайг эрч хүчтэй, өөдрөг үзэлтэй гэж тодорхойлдог.
TV ZONE: ХҮН БҮРТ Л ХҮНДЭЛЖ ЯВДАГ ХҮН БИЙ. ЭМЭГТЭЙ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙДЛЫГ ХАРУУЛДАГ ЭРХЭМ ХҮН БАЙЖ Л ТААРАА?
М.ЭРХЭМБАЯР: Тэгэлгүй яахав. Энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэж ээжийгээ хэлэх байна. Миний мэдэх хамгийн дайчин, хөдөлмөрч, мөн тэвчээртэй эмэгтэй хүн бол ээж минь. Сайхан зан чанаруудыг нь өөртөө шингээхийг үргэлж хичээдэг. Сайн найз, дотны зөвлөгч минь байдаг тандаа баярлалаа. Хайртай шүү.
TV ZONE: ЗАЛУУС БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ӨӨРИЙН БОДЛООС ХУВААЛЦСАН ТАНД БАЯРЛАЛАА. ӨӨРИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БОЛСОН СУРГУУЛИА АМЖИЛТТАЙ ТӨГСӨНӨ ХЭМЭЭН ИТГЭЖ БАЙНА. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
М.ЭРХЭМБАЯР: Баярлалаа. Намайг сэтгүүлийнхээ хүндтэй хойморт дахин урьсанд талархсанаа илэрхийлье.
Сэтгүүлч: Б.ХОНГОРСАЙХАН
Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ
