"Хүнсний эрхийн бичиг"-ээр үйлчилж буй хүнсний дэлгүүрүүдэд хяналт тавив
Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.2.1-д заасны дагуу “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх" үйлчилгээ хэрэгжиж байна.
Хан-уул дүүргийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын байдлаар 407 өрхийн 2338 иргэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж , Орд, Төвхөн Тулга, Гэсак, Өлзийт, Маргад, Янгирхайрхан, Их-Аян, Цог арвижих, Зөөлөн эгшиг зэрэг 9 дэлгүүр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын баталсан “Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хяналт хийх ажлын удирдамж”-ийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус ажлыг хариуцсан баг бүрэлдэхүүн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээний биелэлт, үйлчилгээний чанар хүртээмжийн байдалд хяналт хийж, анхаарах асуудлаар санал солилцож, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.
Түүнчлэн хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал бодлыг сонсож, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авлаа.
Хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хяналт тавьж ажилласнаар гэрээний хэрэгжилт, хүнсний дэлгүүрүүдийн үүрэг хариуцлага, үйлчилгээний чанар сайжирч, үйлчилгээний явцад гарч байсан алдаа дутагдал арилах, улмаар зөрчил гаргахгүй байх, цаашид нэгдсэн ойлголцолд хүрч, өрх иргэнд үзүүлэх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтой юм.
