Товч түүх: ?Халтар царайт?-ын Стрелита нуугдмал нэгэн
Каракасийн чинээлэг айлын хүү Мигиел Ангел Гонзалес ядуусын хорооллын, сонин зардаг үзэсгэлэнт охин Стрелитад анхны харцаар дурлана. Тус хотын нэр нөлөө бүхий баян айлын том хүү гудамжны халтар царайттай хайр сэтгэлийн холбоотой болсон нь бүх үйл явдлын эхлэл, зангилаа, учир утга болдог. Хэдий хайр дурлалд нь саад бэрхшээл, зовлон гуниг, салалт, мэхлэлт тохиолддог ч хосууд эцэст нь уулзаж, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр болж буйгаар "Халтар царайт" кино дуусдаг.
Телевизийн олон ангит "Халтар царайт" кино 1992 онд Венесуэлийн телевизээр гарч тухайн үедээ шуугиан тарьсан. Тус киноны гол дүрийн жүжигчин “цайвар урт үс, гал цогтой цэнхэр нүдэн” гүнж Соня Элеонора Смит-ын амьдрал болоод уран бүтээлийн замналын талаар товчхон хүргэе.
"Халтар царайт"-ын Стрелитад тоглосон Венесуэл, АНУ-ын жүжигчин Соня Элеонора Смит нь удам дагасан жүжигчин ажээ. Ээж Илеана Жаке нь 1947 онд Германд төрсөн бөгөөд Венесуэлийн алдартай кино жүжигчдийн нэг. Тэрээр ганц хүүхэдтэй, тэр нь Соня Смит. Соня драмын театр, кино зураг авалт руу ээжийгээ дагаж очдог байсан нь жүжигчний мэргэжил, амьдралыг сонгоход нөлөөлжээ. Соня Смит 1972 онд АНУ-ын Пеньселваны мужийн Филадельфи хотод төржээ. Соня Испани орчинд өссөн учир Испаниар чөлөөтэй ярьж, бас Герман, Англиар ярьж, бичдэг юм байна. Коллежид сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг байхдаа "Халтар царайт" кинонд тоглосон нь түүнд маш их нэр алдрыг хайрлаж, жүжигчний амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгоход "ташуур" болжээ. 12 настайгаасаа кинонд тоглож жүжигчний замналаа эхлүүлсэн ч түүнд жинхэнэ амжилт, олонд танигдсан алдар хүндтэй болоход "Халтар царайт" кино нөлөөлснийг Венесуэлийн урлаг судлаачид нэгэн дуугаар хэлдэг байна.
Мигиел Ангел Гонзалес болон Соня Смит
Дэлхийд данстай жүжигчин бүсгүй
"Халтар царайт"-ын Стрелитагийн дүрийг амьдруулснаар Соня зөвхөн Венесуэлийн жүжигчин гэгдэхээ больж олон улсад алдартай болсон юм. Холливудад данстай жүжигчин бүсгүй маань гуч гаруй уран сайхны кино, арваад жүжиг, телевизийн олон ангит кинонд гол болон туслах дүр бүтээгээд байгаа аж. Айлын ганц охин ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан нь эрх дураараа гэхээсээ илүүтэй аливаад хэрсүү хандаж, зорьсондоо хүрэхийн тулд юуг ч даван туулдаг, зоримог зантай болгосныг ээж нь нэгэн ярилцлагадаа дурджээ. Соня бүрэг ичимхий, танихгүй хүнээс бишүүрхдэг, ганцаардмал зантай охин байж. Харин ээж нь урлаг, тайз руу хөтөлсөн нь ганцаардмал араншингаа гээхэд нь тусалжээ.
Цайвар үстэй, цэнхэр нүдэт бүсгүй
Соня Смит олны танил, Холливудын алдартай жүжигчин боловч хувийн амьдрал, өөрийнхөө талаарх мэдээллийг хав дардаг. Үүнийгээ "Миний амьдрал бол миний л амьдрал" гэж тайлбарладаг аж. Түүнтэй холбоотой ямар нэгэн сенсаци, папараци гарч байсан удаагүй. Тэрээр "Би АНУ-д төрж, Испанид өссөн ч ээж минь намайг Герман хүүхэд шиг хүмүүжүүлсэн. Тоглох, хичээлээ давтах, зурагт үзэх бүхий л зүйл минь нарийн хуваарийн дагуу явдаг байлаа" хэмээн ярьжээ.
Соня "Олвидартэ Жамас" кинонд хамтран тоглосон Мексикийн жүжигчин, сайхан залуу Габриел Поррастай гэрлэжээ. Тэд 2008 оны хоёрдугаар сард хуримаа нууцаар хийсэн юм. Соня одоо Миамид нөхөр, ээжийнхээ хамт амьдарч байна. Соня Смитийг алдартай продюссер, нэр хүндтэй эрхмүүд "Цайвар үстэй, цэнхэр нүдэт бүсгүй" хэмээн тодотгодог. Түүний бүтээсэн дүрийг алдартай болгоход цайвар урт үс, гал цогтой цэнхэр нүд нь нөлөөлсөн гэхэд эргэлзэх аргагүй.
1990-ээд оны эхээр монголчуудыг байлдан дагуулсан "Халтар царайт" киноны гол дүр Стрелита ийн даруухан, нууцлагдмал амьдарч уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа юм.
Венесуэлийн алдартай кино жүжигчдийн нэг Илеана Жаке охин Соня Смит-ын хамт /Ээж охин хоёр/
Соня Смит өөрийн нөхөр болох Габриел Поррастай / жүжигчин /
