БИЧЛЭГ:Эрдэнэт үйлдвэрийн “Залуус” хороолол ашиглалтанд орлоо
Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Залуус хороолол” ашиглалтанд орлоо. Хуучин байшинг иж бүрэн засварлаж залуу ажилчдаа орон сууцтай болгож байгаа нь энэ юм. Орхон аймагт ажиллаж байгаа манай сурвалжлах хэсэг ээлжит мэдээллээ ирүүлсэн байна.39 айлын орон сууц болгон засварласан энэ байшин өмнө нь модны үйлдвэр байжээ. Эрдэнэт үйлдвэр модны үйлдвэр байсан энэ байшинг өрөндөө авч үйлдвэрийнхээ залуу гэр бүлийг орон сууцтай болгож байгаа юм бна. Засварын ажил 6-р сард эхэлжээ. Шугам сүлжээ, үерийн усны хамгаалалт гээд тохилог орон сууц болгон засварлахад 1 тэрбум гаруй төгрөг шаардагдсан байна.Үйлдвэрийн үндсэн цехийн ажилтнуудаас нэн түрүүнд орон сууцтай болох шаардлагатай 39 ажилтныг сонгож орон сууцын түлхүүр гардууллаа. Халаасны өрөө, хашаа байшинд амьдарч байсан ажилтнууд их ачаа хөнгөллөө хэмээн хэлж байлаа.
Мөн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мөн 10 ажилтанд өргөө цагаан гэр гардуулан өглөө.
