Дуучин Ч.Батболд: Монголын Заяа нэртэй охидтой үерхсэн хүн шүү
“Цэцэг ” хамтлаг байгуулагдсан цагаас Батболд хэмээх залуугийн овог “Цэцэг” хэмээх нэрээр солигджээ. Бүр сүүлдээ “Ном Батболд”, “Цэцэг”-ийн Батболд, “Заяа Батболд” хэмээн нэрлэх болсон нь ч бий. Одоо ч түүнийг Чимэддоржийн гэхээсээ илүүтэй “Цэцэг”-ийн хэмээн нэрлэх нь тодорхой байх. Уран бүтээлээрээ хүнд танигдана гэдэг сайхан. Тэрээр ард түмэн дууг нь сонсоод ийм нэр хайрласанд бахархаж явдаг бололтой. Юм элбэг дэлбэг бус тарчиг байх тусмаа амттай, бас сонирхолтой байдаг. 1990-ээд он өнөөгийнх шиг хөгжөөгүй ч хийж, бүтээе гэсэн тэмүүлэл, өөдрөг бодол тухайн үеийн залуусыг урагшлуулж, урам зориг өгдөг байсан.
Тэгвэл түүний олонд хамгийн их хүрсэн “Заяа” хэмээх дуу нь багагүй түүхтэй аж. Пионерийн ордны бүжгийн дугуйланд сурдаг байсан н.Бадамдорж гэдэг залуу Заяа нэртэй охинтой үерхдэг байхдаа нэг бадаг шүлэг найз охиндоо зориулж зохиосон аж. Нэг бадаг шүлгийн мөр дээр нэмж шүлэг зохион “Цэцэг” хамтлагийнхан дуу болгон ард түмэнд хүргэсэн ажээ.
Тэрээр хэлэхдээ “ Цэцэг хамтлагийнханд гээд охид танилцъя, найзууд болъё, үерхэе гэсэн үгтэй захидал их илгээнэ. Тэр дундаас ихэнх нь миний нэр дээр хаягласан байдаг. Бидний амьдарч байсан нийгэм дэндүү даруухан байсан даа. Ямарваа зүйлийг хайр дурлалын асуудал болгож дэврүүлэлгүй чимээгүй л өнгөрнө. Бид сэтгэлээ илчилсэн охидын захидалд ганц ч хариу бичээгүй юмдаг. Манай хамтлагийн н.Гантуг одоогийнхоор бол бидний хэвлэл мэдээллийн албаны дарга байсан гэх үү дээ. Шинээр ирсэн захиаг задалж бидэнд уншиж өгнө. Зарим нэг нь “ Танай хамтлагт зориулж, ийм шүлэг бичлээ. Дуу болгож олонд хүргээрэй ” гэсэн хүсэлт тавина. Хожим бодохнээ тэр олон захидлаас ганц дуу ч болов төрүүлсэн болоосой гэж харамсдаг л юм ” гэж ээ.
Гэхдээ дуучин Ч.Батболд энэ уран бүтээлээ ганц хүнд биш Монголынхоо бүх Заяа нэртэй бүсгүйчүүдэд зориулагдсан юм шүү хэмээн тодотгох дуртай. Энэ дууг ид хит болж байх үед Заяа нэртэй хөөрхөн охидууд Ч.Батболдтой үерхдэг гэсэн яриа их гардаг байж. Тиймдээ ч дуучин Ч.Батболд Монголын Заяа нэртэй бүх охидтой үерхэж байсан хэмээн хошигножээ.
