Автотээврийн албан татварын хураалт өнөөдрөөс эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнөөдрөөс эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-нд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж нь эхний хагас жилээр албан татварыг төлж, жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг. Харин Монгол улсын “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь агаарын бохирдлын төлбөрийг автомашинаас ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр хуульчлагдсан.Мөн НИТХ-ын тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан юм. Журмын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэгтэй.,Тиймээс эдгээр хууль, тогтоомж, дүрэм, журмыг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнөөдрөөс эхлэн ирэх тавдугаар сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 6 дугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулахаар болжээ.