Австралийн хайгуулчид сураггүй болсон онгоцны сэг байж болзошгүй 2 биет илрүүлжээ
Малайзын МН-370 нислэгийг үйлдэж байгаад сураггүй болсон Боинг-777 нисэх онгоцыг эрж хайх ажил үргэлжилсээр байна. Австралийн хайгуулын багийнхан сураггүй болсон онгоцны хэлтэрхий байж магадгүй биетүүдийг илрүүлээд байгаа юм.
239 зорчигчтой сураггүй болсон Малайзын онгоцыг хайх ажилд 26 улс оролцож, онгоц чиглэлээ өөрчилсөн байж магадгүй тул хайгуулын талбайг өргөжүүлсэн. Австралийн хайгуулын баг Энэтхэгийн далайд эрэлд гарсан бол хиймэл дагуулын зурагнаас онгоцны хэлтэрхий байж магадгүй үл мэдэгдэх 2 биетийг илрүүлжээ. Эдгээр биет ойролцоогоор 24 метр орчим хэмжээтэй гэсэн байна.
ТИймээс хайгуулын ажилд оролцож байгаа Орион нисэх онгоц өнөөдөр хиймэл дагуулын зурганд буусан газарт хайгуулаа эхэлж, араас нь хайгуулын 3 онгоц нэмж ирэх юм байна.
Австралийн ерөнхий сайд Тони Эббот
Малайзын МН-370 дугаар нислэгийг үйлдэж байсан онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хайх ажлын талаар шинэ, тодорхой мэдээлэл өгөх гэж байна. Австралийн далай тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалах газар хиймэл дагуулаас ирсэн зурагнаас хайгуулын ажилтай холбоотой байж магадгүй обьектуудыг илрүүлсэн. Одоогоор зурган дээр ажиллаж тэднийг чухам юу болохыг нь тодруулах гэж байна.
Бид Малайзын ерөнхий сайд Нажиб Разактай ярьж, энэ тухай хэлсэн. Цаашид ч хайгуулын ажлын талаар тогтмол мэдээлэл өгч байх юм.
Ерөнхий сайд мэдэгдэлдээ хэрэв үл мэдэгдэх биет илэрсэн газарт хайгуул хийхэд хэтэрхий их хүндрэл гарвал эрлийн багийнхныг буцаахаа дурдсан юм. Сураггүй болсон онгоц чиглэлээ өөрчлөхдөө урагшаа юмуу аль эсвэл хойшоо явсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид хайгуулын ажилд ихээхэн тус хүргэж байна. Тэдний олсон сүүлчийн мэдээллээр онгоцны нисгэгч ахмад Захари Ахмад Шах компьютер дээрээсээ хэд хэдэн мэдээлэл устгасан байжээ. Устсан файлыг сэргээхээр ажиллаж байна.