Архиваас · Дэлхий дахинд

Австрали: Үерийн ус иргэдийн амь насыг авч одлоо

UBS.mn

Австралийн Квинсленд мужид үерийн аюул нүүрлэсэн тухай бид хүргэж байсан билээ. Тэгвэл хамгийн сүүлд ирүүлсэн мэдээгээр үерт иргэд амь насаараа хохирсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг уур судлалын хүрээлэнгээс Квинсленд мужийн төвөөс Шинэ Өмнөд Уэльсийн хил хүртэл 500 км нутаг дэвсгэрт цаг агаарын байдал өөрчлөгдөнө гэсэн мэдээлэл өгч байсан юм. Цаг агаарын өөрчлөлт, циклон өнөөдөр Шинэ Өмнөд Уэльсийн нутагт хүрэх юм байна.

Өнөөдөр бидэнд ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тасралтгүй орсон борооны ус 3 ч хүний амь насыг авч одсон байна. Квинсленд мужийн нийслэл Брисбэнээс 380 гаруй км зайтай байрлах Бундберг хот хамгийн их гарз хохирол амссан байна. Хотын 1,200 орчим байшин барилга үерт автжээ.

Бундберг хотын даргын орлогч Дэвид Бэт хотын 98,000 оршин суугчийн хэдэн зууг нь нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа тухай хэлсэн байна. Нисдэг тэргээр хайгуул хийж, 18 хүнийг байшингийнх нь дээвэр дээрээс аварчээ. Мөн Бундберг хотын баруун талд орших Байлоела тосгонд үерийн усанд боогдсон ачааны тэрэгнээс бяцхан хүүхдийг аварч чадсан байна. Орон нутгийн байгалийн гамшигтай тэмцэх газарт мянга гаруй дуудлага ирсэн байна.

Бундберг хотоос гадна Квинсленд мужийн Гэлдстөүн, Жимпи, Ипсвич тосгонуудад үерийн аюул нүүрлэсэн байна. Үерийн аюул хот тосгодын оршин суугчдад багагүй хэмжээний гарз хохирол учруулж, иргэд амь насаа алдаж байгаа боловч нийт оршин суугчдыг тайван байхыг мужийн захирагч уриалсан байна. Мужийн захиргаа ирэх өдрүүдэд үерийн усыг шавхаж, байшин барилгын нуранги, хогийг цэвэрлэхээ мэдэгджээ.