Архиваас · Эдийн засаг

Монгол брэндийн төмс, тарвас үндэсний тохирлын тэмдэгтэй боллоо

· UBS.mn

Монгол брэндийн төмс, тарвас үндэсний тохирлын тэмдэгтэй боллоо

Манай улсад үндэсний тохирлын тэмдгийг тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зөв сонголт хийлгэх, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах зорилгоор олгодог. Өнөөдрийн байдлаар 50аад аж ахуйн нэгжийн 168 бүтээгдэхүүн үйлчилгээ энэ тэмдгийг хэрэглэх эрхтэй бөгөөд өнөөдөр монгол брэнд болсон төмс, тарвас энэ тэмдгийг авах шаардлагыг хангалаа.

Үндэсний тохирлын тэмдэг нь бүтээгдэхүүнийг хэрэглэгчид зөв сонгоход туслах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тодорхой дэмжлэг үзүүлэхэд оршиж монгол брэндийг бий болгож байгаа гэж ойлгож болно. Энэ тэмдэг нь стандарт тохирлын үнэлгээний хуулийн дагуу олгогддог. Манай улсад олон улсын жишиг хандлагаар 1997 оноос хойш олон улсын жишиг хуулинд нийцүүлэн олгож байгаа юм. Үндэсний тохирлын тэмдгийг бид хуучнаар нь чанарын тэмдэг гэж ойлгож болно. Өнөөдөр тэгвэл манжийн үеэс эхлэлтэй газар тариалан хүнсний ногооны аж ахуй эрхэлж ирсэн уламжлалт ардын ховдын алдарт шар төмс, тарвас үндэсний тохирлын тэмдэгтэй боллоо.

Үндэсний тохирлын тэмдгийг авахын тулд Ховд аймгийн усалгаат тариалан эрхлэгчдийн холбооны бүх тариаланчдыг нэгтгэсэн ТББ мэргэжлийн байгууллагад хандан тариалангийн анхны шатнаас авахуулан хадгалалт, хураалт, борлуулалтын бүх үе шатанд шалгалт хийлгүүлсэн байна. Ингэснээр тухайн бүтээгдэхүүн нь дахин хяналт шалгалт хамрагдахгүй хэрэглэгчдэд найдвартай эх үүсвэрээс шууд хүрч байгаа юм. Манай улсад дан ганц үндэсний, дотоодын бүтээгдэхүүн гэлтгүй хэд хэдэн улсаас орж ирсэн бараа бүтээгдэхүүн үндэсний тохирлын тэмдэгтэй байдаг байна.

100 гаруй жилийн түүхтэй монгол тарвасын 2 сорт, үе уламжилж ирсэн ховдын шар төмсний 5 сорт өнөөдөр ийн монгол брэндийн илэрхийлэл боллоо. Бусад бүтээгдэхүүний хувьд шинжилгээ хийлгэж, хяналт шалгалтанд байнга хамрагдаж, хэрэглэгчдэд хүрэхдээ оллн шат дамжлага дамждагийг ч энэ үеэр мэргэжилтнүүд хэллээ.