Агуу Мухаммед Али АНУ-ын эрх чөлөөний одонгоор шагнуулав
Боксын спортын түүхэнд агуу ихийг бүтээсэн Мухаммед АНУ-ын Засгийн газар төрийн дээд шагнал болох “Эрх чөлөөний” одон медаль гардуулжээ. Төрийн дээд шагнал гардуулах ёслол Филадельфиа хотод өчигдөр болсон байна.
АНУ-ын Засгийн газар дэлхийн хүнд жингийн боксын 3 удаагийн аварга Мухаммед Алигийн спортын түүхэнд оруулсан хувь нэмрээс нь гадна иргэний эрх, шашин шүтлэгээ чөлөөтэй сонгох эрхийн төлөө хийсэн бүхнийг үнэлэн эрх чөлөөний одон медалиар шагнаж байгаа юм. Шагнал гардуулах ёслол Филадельфиагийн National Constitution Centre-т болж, Мухаммед Али өөрийн биеэр шагналаа гардан авахаар ирсэн ч сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Паркинсоны өвчинтэй тэмцэлдэж байгаа юм.
Мухаммед Алигийн гэргий Лонни Али хэлэхдээ:
“Мухаммедын хэлэхийг хүссэн үгийг хэлмээр байна. Тэр бүх зүйлийг өөрийн итгэл үнэмшлээр хийж байсан юм.”
Мухаммед Алигийн охин Лайла Али хэлэхдээ:
“Та нар мэдэх байхаа, миний аав хүн бүрт хайртай, хүмүүс ч түүнд хайртай. Намайг бага байхаас л бидний явсан газарт үргэлж хүмүүс тойрон хүрээлж байсныг санадаг юм. Миний аав бусдын төлөө энэ ертөнцийг илүү сайхан болгохын тулд өөрийн замналаар явсан хүн.”
Мухаммед Алигийн анхны нэрийг Кассиус Клей гэдэг байсан ч 1960 аад оны үед Исламын шашин дэлгэрэхэд өөрийн сүсэг бишрэлийг даган нэрээ Мухаммед болгон сольсон юм. Түүнийг цэрэгт татах зарлан дуудах хуудас ирсэн ч Мухаммед Вьетнамын дайнд оролцохоос татгалзаж, 1967 онд анхны хүнд жингийн дэлхийн аваргын цомоо авч байжээ. Дараа нь 1974, 78 онуудад дахин аваргын цом гардан авсан ба хамгийн шилдэг тоглолт нь 74 онд Жорж Формэнтэй Ардчилсан Конго улсад хийсэн тулаан гэж боксын спорт сонирхогчид үздэг байна.
Мухаммед 1981 онд алтан бээлийгээ тайлж, боксын дэвжээгээ орхисноос хойш олон улсын буяны элчээр ажиллаж, нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэсээр ирсэн юм. Өөрийн нэрэмжит Мухаммед Алигийн Паркинсоны судалгааны төвийг Фоеникст нээж, төрөлх хот Луйзвиллдээ боловсрол соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
NBA-гийн тоглогч байсан Дикембе Мутомбо хэлэхдээ:
“Тэр миний амьдралыг өөрчилсөн. Би өнгөт арьстай тамирчин бусдын хайр хүндэтгэлийг хүлээж байхыг хараад ямар сэтгэгдэл төрж байснаа хэзээ ч мартахгүй.”
Мухаммед Алигийн хүмүүнлэгийн сайн үйлсийн төлөө 2005 онд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар шагнаж байжээ. Энэ дашрамд мэдээллэхэд өчигдөр гардан авсан шагналыг нь 100,000 ам доллар бэлнээр дагалдан ирдэг байна. Жилд нэг л хүнд олгодог АНУ-ын эрх чөлөөний одон медалийг хүний эрхийн төлөө тэмцэгч, рок дуучин Боно, Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Мандела, ерөнхийлөгч асан Жимми Картер нар хүртэж байжээ. Уг шагналыг хүртсэн 6 хүн Нобелийн энх тайвны шагналын эзэн болсон байна.