Эль Салвадорын ерөнхийлөгч тангаргаа өргөлөө.
Төв Америкийн Эль Салвадор улсын шинэ ерөнхийлөгч Санчез Серен албан ёсоор тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орж байна. Түүний тангараг өргөх ёслолд гадны олон улс орны удирдагчид уригдан оролцсон байна.
Эль Салвадор улсын түүхэнд анх удаа босогчдын удирдагч хүн улсынхаа ерөнхийлөгч болж байна. Энэ жил 69 настай Санчез Серен өмнө нь орон нутгийн сургуулийн багш байж байгаад, босогчдыг толгойлж, улс орондоо ихээхэн танигдсан хүн болж хувирсан түүхтэй.
Ямартай ч Төв Америкийн Эль Салвадор улс түүхэндээ анх удаа өмнө нь босогч байсан хүнийг улсынхаа ерөнхийлөгч болгож байгаа нь энэ юм. Тэрээр 5 жилийн хугацаатай Эль Салвадор улсын төрийн тэргүүнээр ажиллана.
Шинэ ерөнхийлөгч Санчез Серен нь юуны түрүүнд улс оронд нь тулгамдаад буй зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд гол анхаарлаа хандуулахаа мэдэгдлээ. Ялангуяа энэ улсад гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа амь бөхтэй оршиж, дэлхийн хамгийн аюултай улсуудын тоонд Эль Салвадор улс багтдаг.
Түүнээс гадна Эль Салвадорын шинэ ерөнхийлөгч Серен нь АНУ-тай сайн харилцааа баримтлахыг эрмэлзэнэ гэжээ. АНУ-д Эль Салвадор улсын олон зуун мянган иргэд шилжин суурьшиж, ажил амьдралаа залгуулдагтай холбоотой юм. Нэг үгээр хэлбэл Эль Салвадорын шинэ ерөнхийлөгч АНУ-тай сайн харилцаатай байх аваас Америкт ажиллаж амьдарч буй иргэдэд ч гэсэн сайнаар тусах бизээ.
Эргэн сануулахад Санчез Серен нь өнгөрсөн 3 дугаар сарын 9 нд болсон сонгуульд сүүлийн 20 орчим жилийн ихэнхд нь улс орныг удирдсан Үндэсний бүгд найрамдах эвслийн нэр дэвшигч Норман Күйжаног ялж, ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй.