Багануурын уурхайн нөөц 800 сая тонн болж нэмэгдлээ
UBS.MN NEWS
2015-10-06 14:36:53

Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” төслийн тайланг ЭХЯ-д хүлээлгэж өгөх ёслол өнөөдөр боллоо.

Багануурын ордод хайгуулын ажил өмнө нь 1974-75 онуудад “хайгуулын”, 1988-1989 онуудад “гүйцээх хайгуулын” нэрээр хийгдэж байсан бөгөөд 2014-2015 онуудад “нэмэлт хайгуулын” ажил ийнхүү уурхай ашиглалтанд орсноос хойш 40 орчим жилийн дараа уурхайн өргөтгөл шинэчлэлийн техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах шаардлагын хүрээнд хийгдсэн юм.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Уул Уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих төслийн хүрээнд зарласан “ТЭЗҮ боловсруулах суурь өгөгдлийг бэлтгэх зорилгоор Багануурын нүүрсний ордын нарийвчилсан хайгуул, нөөцийн үнэлгээ хийх” ажлыг “Эрдгео” ХХК (Монгол) болон “Norwest” (АНУ) компаниуд хамтран гүйцэтгэн Захиалагч тал болох Эрчим Хүчний Яаманд албан ёсоор хүлээлгэн өгч байна.

Энэхүү нэмэлт хайгуулын ажлыг “Эрдгео”ХХК толгойлон хийж, Геологийн Төв лаборатор, АНУ-ын Норвест компани, Баясах сурвай ХХК (геодез-топографийн ажлаар) “Жи эс Ди Энд” ХХК (каротажын ажлаар) туслан гүйцэтгэгчээр оролцлоо. Ордын нөөц бодолтыг Монгол Улсын A, B, C болон Олон улсын JORC стандартуудын дагуу гүйцэтгэсэн нь цаашид Багануур ХК олон улсын хөрөнгийн бирж дээр гарах анхны алхам болж байна.

Энэхүү ажил нь ашиглалт эхэлснээс хойшхи бүх хайгуул, олборлолтын үр дүнг нэгтгэж 2015 оны байдлаар Багануурын ордын бодит байдлыг тооцоолж, нөөцийг нийт 800 гаруй сая тонн болгон өсгөсөн чухал ач холбогдолтой ажил боллоо.

Уул Уурхайн Яамны Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөл (ЭБМЗ) тайланг хэлэлцэн хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэн авах тухай, мөн Эрчим Хүчний Яамны ажлын хэсгээс эцсийн тайланг хүлээн авах тухай шийдвэрүүдийг үндэслэн гаргасан байна.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /УУДБХОД/ төсөл нь уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцэд санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус төсөл нь төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл болон бизнесийн төлөвлөгөө нь тухайн бүс нутгийн уул уурхайг хөгжүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах, эрчим хүч, тээвэр, мэдээлэл холбооны технологи, усан хангамж, орон сууц болон нийгмийн салбар, ложистик болон хилийн боомтын барилга байгууламж, боловсруулах үйлдвэрлэл болон нэмүү өртөг бий болгох үйл ажиллагаа зэрэг тодорхой хөрөнгө оруулалтанд шаардагдах Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, энэ хүрээнд инженерийн зураг төсөл, гео-техникийн судалгаа, эдийн засаг болон санхүүгийн дүн шинжилгээ, байгаль орчны болон нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг ажлуудыг хийж байгаа болно.

Төслийн тайланг хүлээж авах баримт бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Уул уурхайн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтыг Дэмжих Төслийн зохицуулагч Б.Энхбаатар, Эрдгео ХХК-ийн захирал Ж.Дашхорол нары гарын үсэг зурлаа. 

1
Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих