“Уран хүч” хэвлэлийн компаний дизайнер Б.Ариунаа: “ӨӨРИЙН ГАРААР ХИЙ, БҮТЭЭ, БОСГО! ТЭГЭЭД АЗ ЖАРГАЛЫГ МЭДЭР”
Мөнхсайхан Хонгорзул
2018-01-15 16:07:04

Урилга, мэндчилгээ, бэлэг дурсгалд түлхүү хэрэглэгддэг байсан цаасан хуйлмал урлаг сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа ханын чимэглэл, интерьер дизайны хосгүй нэгэн шийдэл болж буй. Тэгвэл энэхүү урлагийн томоохон анхны төлөөллүүдийн нэг цаасан урлалын “Уран хүч” урлангийн эзэн Б.Ариунаатай ярилцлаа. Хувцас загвар зохион бүтээгч мэргэжилтэй тэрээр өдгөө “мөрөөдлөөрөө амьдарч” болдгийг энэ биеэрээ баталж яваа. Шар шувууны дүрс, бэлгэдэлд дуртай тэрээр Dolce & Gabbana брэндийн даашинзад дурлаж, захиалж авахын оронд тэрхүү даашинз, бугуйвч, чимгийг өөрийн гараар урлаж “Dolce & Gabbana-г дор нь хувилсан бүсгүй” хэмээгдэж байсан удуутай. Цаас хүний сэтгэл баясгах урлагийн бүтээл болж болдог юм шүү гэдгийг бодитоор харуулж, цаас амилуулж өнгө алагласан цэцэгсийг урлаж ургуулагч бүсгүйн ярилцлагыг уншигч таны өмнө дэлгэе.

 

TV ZONE: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хувцас загварын мэргэжилтэн маань хэзээнээс, ямар учрал тохиолоор хэвлэмэл материал, тэр дундаа цаасан хуйлмал урлах болсон талаар ярилцлагаа эхэлье?

Ариунаа: Баярлалаа, та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе! Оюутан байхаасаа л цаасан урлалын талаар мэддэг, төгсөөд өөрийн гэсэн хувцас загварын жижиг салон ажиллуулдаг байлаа. Хүнтэй сууж, хүүхэд гарган айл гэр болон аж амьдралаа төвхнүүлж, гэртээ суух болсон. 2012 онд хоёрдахь хүүхдээ хэвлийдээ тээсэн болохоор жирэмсэн эхэд юу хийвэл гарын доор байх вэ? Хүүхдээ харж гэртээ суугаад хийж болох надад илүү амархан байх ажил юу билээ гэдэг үүднээс  туузан цаасан хуймал урлалыг хийж эхэлсэн. Маш олон жижиг детальтай болохоор цаг их зарцуулж, нухаж суудаг хэдий ч бүтээлээ гараас гаргаад ирэхээр маш их урам авсан.

 

TV ZONE: Зөв зүйлээ барьж авч, маш их урам зориг авчээ дээ?

Ариунаа: Тиймээ, “Цаасан хуйлмал” нэртэй фэйсбүүк хуудсаараа дамжуулан анхны бүтээлүүдээ танилцуулж эхэлсэн. Тэнд шинээр сэдэж хийсэн бүх туршилтуудаа хуваалцдаг. Цаасан хуйлмал хийж эхэлсэн жилээ хоёр талын аав, ээжээ Сар шинийн баяраар хүний гар цайлгах бэлгийг нь бэлдэж өгье гэж шийдсэн юм. “Жаазныхаа мөнгийг гаргачих, би доторхыг нь хийе” гэж хэлсэн ч намайг “цүдгэр гэдэстэй охин маань яаж барах вэ” л гэж бодсон байх. Аль аль тал нь өөр бэлэг бэлдчихсэн байсан (инээв). Айл болгонд бэлэг болгон өгсөн жаазтай бүтээлүүдэд маань бүгд ам сайтай байсан нь надад том туршилт болж, маш их урам өгсөн. Захиалга ч их ирэх болж энэ маань өргөжин хөгжиж гэртээ дөрвөн охинтой хамт сууж хийдэг болсон. Удалгүй хүүхдийн үсчний үйл ажиллагаа явуулдаг байсан хувийн нэг байрандаа нүүж орсон. Сурах хүсэлтэй хүмүүс ч их байсан учраас сургалт явуулж эхэлсэн. “Хүслийн хурим” салоны эзэн, Кофе шоп ажиллуулдаг Монгол хэл бичгийн багш бүсгүй (уйгаржин монгол бичигтэй хослуулах шинэ санаачлага гаргаж хөгжүүлсэн), СЭЗДС-ийн дэргэдэх бага сургуулийн Бор багш гэх мэтчилэн сонирхож ирсэн анхны шавь нар маань улам илүү хөгжүүлж, шинэлэг содон зүйлсийг сэдэж хийсэн. Загвар, хийцийн хувьд аль ч орны бүтээгдэхүүнээс дутахааргүй, өрсөлдөхүйц болж хөгжиж байна. Тэр цагаас хойш ойролцоогоор 1000-аад хүн сургажээ. Сургагч багш ч бэлтгэн гаргасан. “Гоёо” компанитай хамтарсан Widow үзэсгэлэнд ноолуурыг цаасан дээр нааж цэцгэн даашинз урласан. Тэр даашинзанд 10кг ноолуур орсон. Шавь нартайгаа хамтарч хоёр удаа үзэсгэлэн гаргасан. Маш их цаг хугацаа ордог болохоор бүтээлээ үйлдвэрлэлийн түвшинд хийж чадахгүй байсан. Шавь нартайгаа нийлж хийсэн хамгийн анхны ханын чимэглэлийг бичгийн цааснаас эхлээд өөр янз бүрийн цагаан цаас ашиглан чимэглэсэн. Цаасан хуйлмалаар хуримын урилга, мэндчилгээ, сувенир зэрэг жижигхэнээр хийдэг байсан бүтээл маань хэмжээ нь томроод хана, заал чимэглэдэг болж улам илүү хүч түрэн хөгжиж байна. Одоо “Монгени” сургууль дээр урлан маань байдаг. Урлалд дуртай хэн бүхэн сурахыг хүсвэл зорьж очиж болно.

TV ZONE: Цаасан хуйлмалыг бичгийн цаасаар ч хийж болдог байх нь ээ? Тусгай цаасны тусламжтайгаар л эдгээр бүтээлийг хийдэг байх гэж бодож байлаа.

Ариунаа: Материалын хувьд манайд орж ирж байгаа бүх л цаасаар хийж болно. Ер нь бол өнгийн гэж хэлж болохоор бүх цаасыг туршиж үзэж байна л даа. Ханган нийлүүлэлтийн хэмжээнд яаж бэлтгэх аргаа олоогүй л байгаа ч тодорхой хэмжээнд бэлтгэн нийлүүлдэг. Арван жилийн сургалтын программд цаасан хуйлмал урлаг тусгагдсан. Солонгосоос оруулж ирдэг зориулалтын цаасны хувьд сурагчдад үнэтэй тусдаг болохоор хичээлийн хэрэглэлд зориулж цаас бэлдэж өгдөг.

TV ZONE: Цаас ус чийгэнд нордог, дарагдвал хэлбэрээ алдаж шалчийна гэдэг утгаараа бүтээлийн хувьд урт настай биш санагддаг...

Ариунаа: Энгийн үед бол цаасыг бид базаад л хаячихдаг шүү дээ. Тийм учраас жаазласан. Жаазлаад ирэхээр энэ маань бэлэг дурсгалын сувенир болчихож байгаа юм. Энэ мэтчилэн хүчээр бэлэг дурсгал, интерьер гэдэг өөр нэг урсгал чиглэлд оруулж, худалдаа хэрэглээнд нэвтэрсэн. Цаасан хуйлмал бүтээлүүдийг нарны шууд тусгалд л тавихгүй бол хадгалалтын хувьд харьцангуй гайгүй л дээ.

TV ZONE: Хөтлөгч П.Анужин “Монгал товчоон” нэвтрүүлгийнхээ тайзыг жинхэнэ урлагийн бүтээл болсон гэж нүүр бардам хэлдэг. Энэ бүтээлээ хэрхэн урласан тухайгаа хуваалцаач?

Ариунаа: Цаасан хуйлмалаар дэлхий дахинаа танигдаж яваа Украйны Броад Скайя гэх уран бүтээлч бүсгүй Хонг Конгийн нэгэн брэндийн дэлгүүрийг чимэглэж, томоохон бүтээл туурвисан байдаг. Би бодохдоо, түүний дараагаар массыг хамарсан томоохон бүтээл туурвисан хоёрдахь хүн болж чадсан болов уу гэж өөрийгөө бодож байна. Тайзны мэргэжлийн хүмүүс биш, яг юу хийх гэж байгаа нь тодорхой бус гээд нэвтрүүлгийн баг биднийг эсэргүүцэж байсан ч Анужин бидэнд итгэж, ямар ч бүтээл болсон танайхаар л хийлгэнэ гэж хийлгэсэн. Эхэндээ ч зоригтой орсон л доо. Эргээд харахад ард нь яаж гарсан байна аа гэж бодогддог. 15-уулаа 100 метр.кв талбайд бүтээлээ бүтэн сарын турш хийсэн. Өглөө 9 цагт ирээд л шөнийн 01-02 цагт харьдаг байлаа. Бүгд энэ бүтээлийг хүсч, туршиж хийсэн болохоор хэн нь ч ядарлаа гэж гомдоллоогүй, маш их урам зоригтойгоор хийсэн. Аль болох шинэ юм хийх хүсэлтэй байсан болохоор урьд нь огт туршиж байгаагүй зүйлсээ ч хийхээр зориглосон. Бараг ширхэг бүрчлэн шинээр сэтгэж хийсэн болохоор бидний хувьд тэр чигтээ туршилт, туршлага болсон. Хоёрдугаарт эсгийнцэр товойлгож зүсэн, цагаан эсгийн дээр хээлж хийсэн. Бидний хувьд ашигтай ажил гэхээсээ илүү бүтээл гэдэг үүднээсээ цогц ажил болж чадсан.

TV ZONE: Та энгийн нэг цаасанд нандигнаж хадгалмаар тэр гайхалтай үнэ цэнийг шингээж байна. Товчхондоо цаасыг амилуулж байна шүү дээ.

Ариунаа: Баярлалаа. Эхэндээ цаасан хуйлмал, цаасан урлал гээд ярихаар хүмүүс намайг “хог” авчирах гэж байна гэж, тэрийгээ л үнэд хүргэх гэж байна гэсэн сэтгэлгээгээр хүлээж авдаг байсан. Цаас бол хог биш. Гайхамшигтай материал юм шүү гэдгийг харуулах гээд л явна. Гэхдээ хог болсон цаасаар юм хийнэ гэж байхгүй юм билээ. Цаас герман, хятад, тайланд, солонгосоос орж ирж байна. Надад зориулсан цаас орж ирэхгүй нь мэдээж. Тийм болохоор Монголын зах зээлд орж ирж байгаа бүх цаасаар л бүтээл хийж, цаас бол урлал юм гэдгийг харуулахыг зорьдог.

Цаас амархан эвдэрдэг болохоор хуримын чимэглэл цэцгээ лидерин, хөөсөн цаас, эсгийнцэрээр хийж үзсэн ч эцсийн эцэст цаас л хамгийн сайн тохирох материал юм билээ. Урилга, мэндчилгээний хувьд ч гэсэн материалын орц, ажлын бүтээмж шингээд ирэхээр дэлгүүрт зарагддаг ижил төрлийн зүйлсээс өртөг өндөр болдог. Тийм болохоор өөрийнхөө хүссэн юмыг захиалж хийлгэх сонирхолтой, өндөр хэрэглээтэй үйлчлүүлэгчид ирдэг л дээ. Үйлчлүүлэгчдээ бид сонгоогүй, үйлчлүүлэгчид маань биднийг сонгож ирдэг. Биднийг сонгоод ирсэн үйлчилүүлэгчийнхээ санааг нь гүйцэлдүүлэх гээд л хичээдэг. Ялангуяа хуримаа хийх гэж байгаа сүйт бүсгүйчүүдийг эрхлүүлдэг гэж боддог шүү.

TV ZONE: Танд эрхэлсэн сүйт бүсгүйчүүдийн ямар нандин хүсэл биелүүлснээ хуваалцаач? 

Ариунаа: Санаанд тодхон байгаагаас гэх юм бол, долдугаар сард хийх хуримынхаа захиалгыг 2017 оны нэгдүгээр сарын нэгэнд өгч, олон сар бэлдсэн үйлчлүүлэгч маань үнэхээр надад эрхэлсэн. Өөрийн мөрөөдөж, хүссэнийхээ дагуу бүгдийг захиалж хийлгэснээс гадна, нөхөр нь санаагаа нэмэрлэж хос хун хийлгэсэн. Хуримын дараа нөхөр нь ирж “Хайртай эхнэрийн минь хүслийг биелүүлсэнд баярлалаа” гэж хэлсэн. Захиалсан хост хун шувууг нь жаазалж бэлэглэсэн. Мөн өөр нэг хосын захиалснаар Монгол ахуй, байгаль эх дэлхийн баян тансагийг илтгэсэн эсгий хайчилмал зураг хийж, цагаан эсгий дээр буулгаснаа хуримын дараа хананд нь өлгөж өгсөн. Захиалагч нар маань өөрсдөө шинийг санаачлагч байдаг.    

TV ZONE: Манай орны эрс тэс уур амьсгалд зохицон ургадаг цөөн тооны цэцэгс байдаг. Харин та бүтээлүүдээрээ бүх төрлийн цэцгийг ургуулж байна шүү дээ. 

Ариунаа: Миний бас нэг мөрөөдөж, хийхээр төлөвлөж байгаа зүйл бол амьд цэцгийн хүлэмж. Захиалагчийн хүсэлтээр цэцэгсийг өндөр үнээр захиалж авчирдаг ч цэцэгс ганцхан удаа хэрэглэгдээд л хаягдана гэдэг үнэхээр хайран. Энэ зун цэцгийн хүлэмж барьж, олон удаа хэрэглэж болох цэцгийг тарьж ургуулъя гэсэн мөрөөдөлтэй. Амьд цэцэгсийг, цаасан хуйлмалтайгаа хослуулж бага гэлтгүй зочдын ширээний чимэг, сүйт бүсгүйн гоёлыг хийх хүсэлтэй байгаа. Надад зах зээл нь байгаа учраас зоригтой хөдлөх боломж ч бас байна. 

TV ZONE: Нижгэр хурим хийсэн хос амархан салдаг гэдэг мухар сүсэг маягийн яриа бий. Тиймээс олны хэл амнаас эмээж гэр бүлийнхээ хүрээнд ёслохыг илүүд үздэг хуримлагч хосууд ч бий шүү дээ.

Ариунаа: Хуримаа хийсэн шиг л хийх хэрэгтэй юм билээ. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочин нугараач Норовсамбуу гуай “Нөхөр маань алтан хуримаа хийе гэхэд нь хөгширсөн хойноо хүүхэд нохойн доог болоод яахав гэж бодож байсан. Одоо хань минь өнгөрсөн хойно хийдэг л байж боддог” гэж хэлж байсан. Насны төгсгөлд тэгж харамсаж суухгүйгээр, хүссэн хуримаа хийсэн нь дээр юм байна гэдгийг ойлгосон. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Хуримаа хийнэ гээд төлөвлөчихсөн л явж байгаа (инээв). 

TV ZONE: Бусдын фантаз хүслийг биелүүлж, байхгүйг бүтээж, боломжгүйг гаргаж ирнэ гэдэг амаргүй байх?

Ариунаа: Би бол мөрөөдлөөрөө л амьдарч байна. Бидний ажилласан хурим бүр миний мөрөөдөл, төсөөллийн хурим болдог. Би захиалагч нарынхаа, захиалагч нар маань миний мөрөөдлийг биелүүлээд байгаа юм л даа. Гоё бүтээлийн ард маш их хөдөлмөр байгаа л даа. Сүүлийн гурван хүүхэд маань миний бүтээл дундаас л гарч ирсэн. Амаржихаасаа 3-7 хоногийн өмнө л амармаар аяддаг. Тэгээд л төрөх болчихлог (инээв). Гэртээ зүгээр сууж чаддаггүй болохоор хүүхэдтэй ээжүүдийн өрөө байгуулж, ээжүүдтэй хамтдаа бүтээлдээ ханцуй шамлаад л ордог. Ядарна л даа. Гэхдээ л хүмүүст аз жаргал өгч байгаадаа илүү их баяр баяслыг мэдэрдэг. Том охиноо хэвлийд байхад энэ бүх ажлыг эхэлж байсан бол охин маань одоо хуримын чимэглэл хийх дуртай, ажлын дарга болно гээд л ярьдаг юм.

TV ZONE: Хувцас загвар руугаа орох бодол бий юу?

Ариунаа: Хувцас загвар руугаа орохыг хичээж байгаа ч цаг зав хомс байна. Би шар шувууны дүрс, бэлгэдэлд маш их дуртай. Дунд охиноо төрүүлээд хоёр сартай байхдаа Dolce & Gabbana брэндийн даашинзад дурлаж, Бээжингээс захиалж авч болох байсан ч даашинз, бугуйвч, чимгийг өөрийн гараар урлаж, “Dolce & Gabbana-г дор нь хувилсан бүсгүй” гэж сэтгүүл дээр гарч байсан удаа бий. Хүүхдүүдээ танил дизайнеруудынхаа хувцас урлалаар ижилсүүлж хувцаслах дуртай. Хувцсаа хийдэггүй юмаа гэхэд дизайнеруудад зориулсан бэлдэц бэлдэж, баялаг болгох юмсан гэдэг үүднээс загварын шоу хийнэ гээд бодчихсон. Хүссэн бэлдцийг гаргаж чадна гэдгээ дизайнеруудад харуулах нь гол зорилго юм. Явах зам маань гэрэлтэй, хаашаа явах нь тодорхой харагдаж байгаа болохоор хийнэ гэж бодсон бүхнээ зоригтой эхэлдэг. Нөхөр маань инженер хүн болохоор миний хийе гэж мөрөөдөж байсан зүйлсийг яаж, ямар арга замаар хийх вэ? Яаж хийвэл биетэй болох вэ гэдэг шийдлүүдийг гаргаж ирж чаддаг. Өглөө болгон шинэ санаатай босч ирдэг хүн шүү дээ. Маш мөрөөдөмтгий бас бүтээлч хүн л дээ. Намайг загвар, дизайн шийдлүүдийг нь олж өгөөрэй л гэдэг юм.

TV ZONE: Дуртай юмаа хийнэ гэдэг ажил хийгээгүйтэй адил гэдэг үгний биеллийг танаас олж харж байна. Бусдын мөрөөдөл хүслийг биелүүлдэг буян дэлгэрсэн сайхан ажил үйлс эрхэлдэг танай хамт олонд амжилт хүсье. Ярилцлагаа өндөрлүүлж уншигчиддаа сайхан уриалга хэлэхгүй юу?

Ариунаа: Баярлалаа, ээж хүн бол бүхнийг бүтээж байдаг бүтээлчид байдаг. Би эргэн тойрон дахь эмэгтэйчүүд, охидыгаа ямар нэг юмыг захиалж авья гэхээсээ өмнө энийг би яаж хийж болох вэ? Энэ юугаар бүтдэг юм бол, хэдий хэр хөдөлмөрөөр шингэсэн юм бол гэдгийг олж хардаг байгаасай гэж хүсдэг. Юмыг үнэлж хайрлаж олж харж чаддаг байгаасай гэж хүсдэг. Надад ирж захиал гэхээсээ илүү би чамд бэлдээд өгье, чи өөрөө бүтээ гэж өөрөөр нь хийлгэдэг. Тэр нь ч насан туршийн дурсгал болохоос гадна өөртөө итгэх маш том итгэлийг өгдөг. Өөрөө хий, өөрөө бүтээ, өөрөө босго тэгэх юм бол маш их аз жаргалыг мэдэрнэ.

 

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих