Орчин цагийн ухаалаг бугуйн цагнууд
TV ZONE сэтгүүл
2018-01-15 15:15:45

 

Электрон цагийг “Жи Шок”-оор төсөөлдөг байсан цаг саяхан. Өнөө цагт бүх технологи роботууд ухаалаг болсон. Сүүлийн хэдэн жилд бас нэг ухаажсан зүйл бол бугуйн цаг. Энэ удаагийн “Шоубиз” болон “Технологи”-ийн буланг бугуйн цагаар хослуулахаар шийдлээ. Та бүхэнд өнөөгийн хамгийн шилдэг бугуйн цагуудыг танилцуулж байна.APPLE WATCH

Apple Watch-ийг зүүснээр та бугуйндаа iPhone утсыг зүүчихлээ л гэсэн үг. Утасны дийлэнх гол өгөгдлүүдээр тоноглогдсон. Тухайлбал, дуудлага хүлээн авах, хийх, цахим шуудангаа шалгаж захидал унших, мөн дижитал туслах Сири-тэй хүртэл ярих боломжийг олгоно. Бас нэг онцлог нь таны бэлтгэл сургуулилт хөдөлгөөнийг хянаж, хөдөлгөөн илүү хийх талаар зөвөлгөө өгөх эрүүл мэндийн аппликейшнтай.

Үзэмжийн хувьд тун боломжийн бөгөөд оосорыг нь хүссэнээр сонгож солих боломжтой. Хэдий тийм ч нэг сул тал нь түүний дэлгэцний хэмжээ юм. Бага зэрэг жижиг хэмжээтэй дэлгэцтэй тул апп-ууд ч мөн жижиг харагдахаас гадна, зүүм хийж жижигрүүлэх томруулах тал дээр бага зэрэг түвэгтэй. Хэрэв худалдан авахаар төлөвлөж буй бол youtube сувгаар тайлбар бичлэгүүдийг нь үзэхэд илүүдэх зүйлгүй. Албан ёсны үнэ нь 294 доллараас эхлэнэ.

ASUS ZEN WATCH

Ухаалаг бугуйн цагны зах зээлийн өрсөлдөөн ширүүссээр байна. Энэ өрсөлдөөнд хүчээ сорихоор ASUS брэнд хүртэл нэгдсэн. ZenWatch WI500Q загвар нь мөн адил дуудлага хүлээн авах, эрүүл мэндийг тань хэмжих төхөөрөмжтэйгээс гадна, утсыг тань алга болсон нөхцөлд олоход тань туслах тусгай үйлдэлтэй. Төмөр оосортойгоос гадна, илүү тансаг харагдуулах арисан оосорын сонголттой. Үнийн хувьд мөн адил харьцангуй боломжийн буюу ойролцоогоор Apple Watch-ийн тал үнэ буюу 150 доллараас эхлэнэ.

 

МОТОРОЛА МОТО

Бусад ухаалаг цагуудын хувьд илүү цэвэрхэн зуйван загвартай байх бол, Моторола Мотогийн хувьд бусдаас ялгарахаар шийдэж дугуй ухаалаг цагийг бүтээсэн. Мото 360 нэртэй шинэ загварын хувьд Android Wear үйлдлийн системээр ажиллахаас гадна, iOS үйлдлийн системтэй хүртэл тохирон ажиллана. Утасгүй цэнэглэх боломжтойгоос гадна ус болон шорооны хамгаалалттай.

Загварын хувьд илүү сонгодог хийцтэй. Ган гадаргуутай бөгөөд арисан оосортой. Үнийн хувьд бусад өрсөлдөгчдөөс арай илүү үнэтэй. Ойролцоогоор 360 долларын үнэтэй.

САМСУНГ ГИЙР

Гийрийн хувьд ухаалаг цагны дайнд хамгийн өндөр амжилтыг олоод буй бүтээгдэхүүн. Хамгийн сүүлд гарсан Gear S2 загварын хувьд дугуй хэлбэртэй бөгөөд тун цэвэрхэн загвартай. Давуу тал нь хурдан текст бичих, хөгжим сонсох, системийн шинэчлэлийг тогтмол хүлээж авахаас гадна, утасгүй цэнэглэнэ. Түүнчлэн цахим олон нийтийн аккаунтуудаас мэдээлэл хүлээн авах боломжтой. Загвараас нь харахад л залуу хүмүүст илүү тохиромжтой нь ойлгомжтой байна. Үнийн хувьд 200 доллараас эхлэнэ.

 

Бэлтгэсэн: С.Дөлгөөнсүрэн  

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих