Оргодол цэргийг хөөж, гал нээх үедээ Умард Солонгос улс дайны гал зогсоох эвлэрлийн гэрээг зөрчсөн
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
2017-11-23 18:08:45

Өнгөрсөн долоо хоногт Умард болон Өмнөд Солонгосын хилийн дагуу байрлах зэвсэггүйжүүлсэн бүсийг давж, Өмнөд Солонгос улс руу оргон зугтаж ирсэн Умардын цэргийн орголтыг харуулсан камерийн дүрс бичлэгийг өчигдөр хоёр солонгосын хилийн зэвсэггүйжүүлсэн бүсэд байрлах НҮБ-ын зэвсэгт хүчний албанаас олон нийтэд ил болгож, танилцууллаа. Ингэхийн хамтаар мөн тухайн бүсэд оргодол цэргийг хөөж, гал нээх үеэрээ Умард Солонгос улс гал зогсоох эвлэрлийн гэрээг 2 ч удаа зөрчсөн болохыг онцлон мэдээлээд байна. Энэ талаарх мэдэгдлийг өчигдөр Сөүл хотноо Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны байранд хийсэн байна. НҮБ-ын коммандлалын албанаас танилцуулсан уг бичлэгт Умардын оргодол цэрэг цэргийн жийп автомашинаар зугтаж байгаад, машин нь шаварт суун гацаж, цааш явах боломжгүй болсны дараагаар хөлөөрөө зугтаж, түүний араас Умард Солонгосын цэргүүд маш олон удаа гал нээж байгаа дүрс бичигдэж үлдсэн байна. Тэгэхээр энэхүү бичлэгт тодорхой харагдаж байгаагаар нэгдүгээрт, Умардын цэргүүд зэвсэггүйжүүлсэн бүсэд гал нээснээрээ, хоёрдугаарт, зэвсэггүйжүүлсэн бүсэд Умардын нэг цэрэг хөл тавьснаараа ийнхүү хоёр Солонгосын хоорондох дайныг түр өндөрлүүлсэн, гал зогсоох эвлэрлийн гэрээг хоёр удаа зөрчсөн болохыг тухайн бүсийн аюулгүй байдлыг хянан зохицуулдаг НҮБ-ын коммандлалын албанаас онцлон мэдээллээ. Мөн тус албанаас лхагва гаригт гал зогсоох гэрээг зөрчсөн явдлын талаар Умард Солонгос улсад мэдээлснээ танилцуулж, энэ төрлийн алдаа, зөрчлийг цаашид гаргахгүй байх асуудлыг хэлэлцэх уулзалт явуулах хүсэлтийг тавьсан байна. Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос болон АНУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн НҮБ-ын тусгай баг дээрх дүрс бичлэгийг хянан, мөрдөн шалгах ажлыг гүйцэтгэсэн бөгөөд Швед, Швейцарь улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн төвийг сахисан орнуудын зөвлөх комисс хажуугийн хянагчийн үүргийг гүйцэтгэн ажилласан байна.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих